С.Ламбаа өндөр хэмжээний уулзалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

С.Ламбаа өндөр хэмжээний уулзалтад оролцож байна

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын 7-9-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Хүн амын сангийн “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм, хэрэгслийн аюулгүй байдлын Глобал хөтөлбөр”-ийн өндөр хэмжээний уулзалтад оролцож байна. Тус уулзалтад нийт 12 орны Эрүүл мэндийн сайд, парламентын гишүүдээс бүрдсэн нийт 80 орчим төлөөлөгчид  оролцож байгаа аж.

Тэрбээр өнөөдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж дутмаг иргэдэд гэр бүл төлөвлөлтийн асуудлаар дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлж, хүн амын багагүй хувь нь алслагдсан бүс нутагт амьдардаг манай улсын хувьд хөдөөгийн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай үзүүлэхийн төлөө Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж буйг танилцуулжээ. Мөн энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд алсын зайн оношлогооны төвүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эдгээр төвүүд нь хөдөө орон нутагт амьдардаг иргэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг өөрийн орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Түүнчлэн Засгийн газраас төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон эмзэг бүлгийн иргэдэд зориулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийн бичгийг олгож байгаа талаар танилцуулсан нь бусад хөгжиж буй орнуудад загвар болохуйц арга хэмжээ болж буйг зарим улсын төлөөлөгчид онцлон тэмдэглэж байв. Сайд С.Ламбаа маргааш НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх захирал ноён Бабатүндэ Осотимэхин болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Жээта Рао Гүпта нартай тус тус уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж