Нигери Каддафид орогнол өгөх эсэхээ шийдээгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Нигери Каддафид орогнол өгөх эсэхээ шийдээгүй

Нигерийн Засгийн газар Ливийн удирдагч хурандаа Муаммар Каддафийг тус улсаас улс төрийн орогнол хүсвэл ямар хариу өгөхөө хэлэлцэж байгаа гэнэ. Тус улсын Гадаад хэргийн сайд Найами хурандаа Каддафид тусламжийн гараа сунгах уу эсвэл Олон улсын шүүхэд шилжүүлэх үү гэдэг дээр тодорхой байр сууриа илэрхийлээгүй байна. Каддафийн засаг захиргааны томоохон албан тушаалтнууд Нигер рүү дүрвэж байгаа энэ үед хурандааг тус улсаас орогнол хүсч болзошгүй гэсэн таамаглал байгаа ажээ. Харин Ливийн босогчдын удирдагчид Нигерийн эрх баригчдаас Каддафийг тус улсад нэвтрүүлэхгүй байхыг шаардсан гэнэ. Олон улсын шүүх хурандаа Муаммар Каддафи, түүний хүү Сайф аль-Ислам, Ливийн тагнуулын дарга Абдулла Санусси нарыг эрэн сурвалжилж байгаа юм. Нигерийн Гадаад хэргийн сайд тус улсад ирсэн Ливийн дүрвэгсдийн дотор Каддафийн засаг захиргааны зарим албан тушаалтнууд байсан гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Харин хурандаа Каддафи болон түүний хөвгүүд Нигер улсад орогнож байж болзошгүй гэдэг таамаглалыг тэрбээр эрс няцаажээ. Нигерийн Гадаад хэргийн сайд Ливийн босогчдын тухайд "Бид дүрвэгсдийг хүн ёсоор хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Гэвч Ливичүүд манай улсын болон олон улсын хууль дүрэм, конвенцийг ойлгож хүндэлнэ гэж найдаж байна” гэжээ. Нигерийн эрх баригчид Ливийн дарангуйлагчийн улс төрийн орогнолыг хүлээн авахгүй ч бас олон жилийн түншлэгч, холбоотондоо хатуурхаж чадахгүй бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж