
Монгол Улсын Тэргүүн хатагтай Х.Болормаа ч өчигдөр iLoft-д зочилж, Двайт Ховардтай түүнийг ирсэнд талархан хүлээж авлаа. “Болор төв-Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сан ТББ-ын тэргүүн тэрбээр асрамжийн төвд хүмүүжиж буй хүүхдүүдийн хамт зочилсон бөгөөд монгол үндэсний дээлээрээ гоёсон бяцхан багачууд урлагийн тоглолт үзүүлэв. Өөрийн үүсгэн байгуулсан “D12” сангийн хүрээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлдэг Двайт Ховард хүүхдүүдийн хөгжил, боловсрол, ирээдүйд өөдрөг сайхан сэтгэлтэй нэгэн болж төлөвшихөд зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн. Тиймээс ч өчигдөр болсон хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдын дунд дуудлага худалдаа зохион байгуулж, үүнээс олсон орлогыг Тэргүүн хатагтайн тэргүүлдэг “Болор” төвд хандивласан юм. NBA-ын өнөө цагийн супер оддын нэг Двайт Ховардын гарын үсэг бүхий өмсгөл болон бөмбөгийг “iLoft Function House”-ын эзэн н.Бат-Итгэл 800 ам.доллараар өөрийн болгоно лээ.
VIP хүлээн авалтыг “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг хөтлөн явуулсан. Үе үехэн томоохон хэмжээний VIP party, хүлээн авалт зохион байгуулдаг “iLoft Function House”-д өчигдөр Тэргүүн хатагай Х.Болормаагаас гадна УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, бизнесийн салбарынхан, Ховардын аяллыг зохион байгуулагч “Newcom Group”-ын удирдлага, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл гээд олон зочин хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр мөн топ модель Д.Болормаа “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч охидын хамт “Гоёо” компанийн ноолууран хувцасны коллекцийг толилуулж, “Гоёо” компанийнхан ч Д.Ховардад “аварга том” гэж болохуйц ноолууран цамц бэлэглэсэн юм. “Монгол ноолуураар дэлхийг гоёдог” “Гоёо”-гоор Ховард гангарах нь ээ.
VIP хүлээн авалт орой 19.00 цагаас эхэлж, Ховард хөтөлбөрийн дагуу 20-21.00 цагийн хооронд iLoft-д саатсан бөгөөд Монголд байх хугацаандаа хөлөглөх УНР 7515 дугаартай, цав цагаан өнгөтэй BMW 7 Series-тээ сууж, зочид буудал руу гаа хөдөлсөн юм. Нүхтэд байрлах “Corporate” зочид буудалд саатаж буй тэрбээр үдэш нь “Metropolis” Night club-т очиж, Монголын залуустай нэг үдшийг өнгөрүүлсэн нь NBA-ын супер одын барьсан бас нэгэн сюрприз байлаа.
Гэрэл зургийг Х.Дөлгөөн