Монголын Ногоон нам яг хэнийх вэ

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Монголын Ногоон нам яг хэнийх вэ

Монголын Ногоон нам чухам хэнийх нь өмч юм бол. УИХ-ын гишүүн Д.Энхбатынх уу, аль эсвэл Монголын Ногоон намд үнэнч үлдэхийг хүсэж буй гишүүдийнх үү. Монголын Ногоон намын дарга Д.Энхбат “Зарим хүн өөрсдийгөө Монголын Ногоон нам гэж зарлаж болно. Гэтэл тэд үнэн хэрэгтээ баланк, тамга ч үгүй шүү дээ. Тиймээс яаж сонгуульд оролцож, төрийн байгууллагад ажиллах юм. Энэ бол зүгээр л шуугиан. Бид Улсын дээд шүүхэд мэдэгдсэн. Тэд намын даргаар хэнийг сонгож, намаа хэрхэн авч явах нь шүүхэд хамааралгүй намын гишүүдийн мэдлийн асуудал” гэсэн. Харин Монголын Ногоон нам, Иргэний Зориг намтай нэгдэхийг эсэргүүцэгч О.Бум-Ялагч “Бидний хувьд Д.Энхбат дарга биш, харин зүгээр л УИХ-ын гишүүн. Тэрбээр Монголын Ногоон намыг татан буулгах гэж оролдсон боловч тэр нь бүтээгүй. Харин Дээд шүүх “Монголын Ногоон нам хэвээрээ. Танай намын дарга албан ёсоор Д.Энхбат байна. Энэ хүнтэй холбоотой асуудлаа өөрсдөө шийд” гэсэн. Д.Энхбат Дээд шүүхээс шийдвэр гарвал “Намын чинь тамга, тэмдэгийг өгнө. Би бол Иргэний Зориг-Ногоон намын дарга” гэж хэлсэн” гэв. Энэ бол эсрэг тэсрэг байр суурь. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д зааснаар “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ” гэсэн байгаа юм. Монголын Ногоон нам Иргэний Зориг намтай хамтарч хуралдан нэгдэхээр шийдвэрлэсэн. Гэтэл энэ хуралд Монголын Ногоон намын гишүүд бараг байгаагүй гэж эсэргүүцэгч гишүүд үзэж буй. Энэ мэт хоорондоо зөрчилдөж, маргаан үүсгэсэн олон асуудал бий. Харин уг маргааныг шүүх шийдвэрлэх ёстой юу, хуульд хэрхэн зааж өгсөн байдаг талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал Н.Лүндэндоржоос асуухад “Аливаа намыг өөр намтай нэгдэхийг гишүүд эсэргүүцэх эрх нь бий. Гэхдээ цөөнх болсон бол өөр хэрэг.  Энэ бол намын дотоод зохион байгуулалтын асуудал юм” гэлээ. Монголын Ногоон намын өнөөгийн нөхцөл байдал Ардын нам нэрээ сольж МАХН болсныг эсэргүүцэж байсан тэр үетэй ижил байгаа билээ. Монголын Ногоон намыг анх 1990 онд байгуулсан бөгөөд гурван хүний нэр дээр бүртгэлтэй байжээ. Харин одоо үүсгэн байгуулагч болох Л.Ням гэдэг хүн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ой ашиглалтыг зохицуулах хэлтсийн даргаар ажилладаг. Улс төрийн намыг 2006 онд шинэчилсэн бүртгэлд бүртгэхэд Д.Басандорж өөрийнхөө нэр дээр болгосон аж. МАХН анх Элчин сайд Д.Идэвхтэний нэр дээр байсан. Энэ нэрээ эсэргүүцэгч гишүүдэд өгөхгүйн тулд Ардын намынхан Д.Идэвхтэнээр түрий барьж байсан удаатай. Харин энэ нь Иргэний бүртгэлийн тухай хууль бус Улсын дээд шүүхийн мэдэлд очсон учир Д.Идэвхтэн Ардын намынханд нэмэр болоогүй юм. Тиймээс энэ аргыг Монголын Ногоон намынхан ашиглах боломжгүй болох нь тодорхой. Харин Монголын Ногоон нам олон нийтийн өмнө шуугиан тарьж, намын хоёр дарга гарч ирэх шалтгаан хуулийн үндэслэлээр бол харагдахгүй байгаа юм. Тэгэхээр намын гишүүд хоорондоо ойлголцох асуудал л үлдэж байх шиг байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж