А.Меркелийн айлчлал Б.Хурцад нөлөөлөх үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

А.Меркелийн айлчлал Б.Хурцад нөлөөлөх үү?

А.Меркелийн айлчлал Б.Хурцыг Монголд авчрахад нөлөөлөх үү

…Онгоц газардсан ч хаалгаа нээхгүй удаад байна. Энэ нэг л юм боллоо. Намайг баривчилж байх шиг байна…”. Энэ бол Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц баривчлагдахаасаа өмнө гэрийнхэндээ хэлж амжсан үгс.

Францад амьдарч байсан Герман улсын нутгаар дамжуулан авчирсных нь төлөө Монголын Сөрөх тагнуулын газрын ажилтан асан Б.Хурцыг буруутган шүүх гэж байна. Харин тэд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргыг Англи руу явахыг нь анаж байгаад хуурч мэхлэн авч явсан. Тэдний энэ үйлдэл хүн хулгайлсан хэрэг биш гэж үү. Б.Хурц төрийн даалгавраар нутаг нэгтнээ баривчилж авчран холбогдох байгууллагад хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. Харин Германы тал ОХУ-ын “Аэрофлот”-ын онгоцоор нисч, Лондон хотноо буух гэж байсан монгол иргэнийг баривчилсан. Ийн онцлохын учир нь Токиогийн дүрмээр бол “Аэрофлот”-ын онгоцыг Лондонд ч, хаана ч ОХУ-ын нутаг дэвсгэрийн хэмжээнд авч үздэг юм байна. Тэгэхээр Б.Хурцыг Оросын онгоцноос буугаагүй байхад нь “хар хувцастнууд” ирж буу тулгасан явдлыг халдлага гэж үзэх талтай байгаа юм.

Нөгөөтэйгүүр иргэн Б.Хур­цад Д.Энхбатыг ба­ривч­лан авчрах хувийн со­нирхол байгаагүй. Төрийн зараалаар үүргээ   гүйцэтгэсэн нь тодорхой байдаг. Энэ тохиолдолд Германы тал гүйцэтгэх албаны ажилтантай зууралдах бус, үүрэг өгч илгээсэн Монголын төртэй асуудлаа ярих ёстой. Магадгүй ийм зорилгоор ч Б.Хурцыг “барьцаалсан” байж мэдэх юм гэсэн таамаглал байдаг. Барьцаалах олон шалтгааны зөвхөн нэг нь л гэхэд Тавантолгойн ордтой холбоотой байж болно. Тавантолгойн зүүн Цанхи дээр ажиллах оператор компанийг сонгох шалгаруулалтад Гер­маны “ВМ Оперта” компани оролцсон ч Австралийн “Мак­тахон”-ы “тоосонд дарагдаад” үлдсэн. Тиймээс уул уурхайн салбарт Германы сонирхол хэвээрээ байгаа.

Дашрамд дурьдахад, тус улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Петер Шалер өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид ит­гэмж­лэх жуух бичгээ барин уулзсан.  Энэ уулзалтын үеэр мөнөөх л уул уурхай, дэд бүтэц гээд манай хоёр оронд хамтран ажиллах нөөц боломж их байгааг дурь­даад уламжлалт хамтын ажиллагаагаа өргө­жүүлэх талаар ярилцжээ. Мөн тодорхой саналуудыг ХБНГУ-ын Канцлер, хатагтай А.Меркелийг ирэхээр ярьж тохиролцох бодолтой байгаагаа ч хэлээд авч. Ямартай ч А.Меркелийг ирсний дараа нөхцөл байдал илүү нааштай болж, халуун дотно уур амьсгалыг бүрдүүлнэ гэж найдахаас өөр арга алга.

Нөгөөтэйгүүр олон улсын хууль, эрх зүйн харилцаанд “Comity” буюу “Найрсаг хандлага” гэх тусгайлсан нэр томьёо байдаг. Энэ нь төрийн үйлдэл, түүний хариуцлагын тухай номлол юм. Тодруулбал, төрөөс тусгаар улсынхаа бүрэн эрхийн хүрээнд хувь хүн, этгээдээр дамжуулан хэрэгжүүлсэн аливаа үйлдэл нь тухайн хувь хүн, этгээдэд хамааралгүй. Түүнчлэн хэрэгжүүлэгч хувь хүн, этгээд уг үйлдлийн төлөө тухайн улсын зөвшөөрөлгүйгээр өөр нэг улсын өмнө хариуцлага хүлээж, шүүгдэх ёсгүй гэсэн шүүхийн онол юм. Хариуцагч болон нэхэмжлэгч улсууд харилцаагаа шүүн таслах ажиллагааны замаар хөндлөнгөөс оролцож, шийдвэрлэх бус харин улс төр, дипломат харилцааны аргаар шийдэхийг шаардсан шударга онол ч гэж хэлж болно. Уг онол нь гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг шүүх засаглалд бус харин засаглалын гүйцэтгэх эрх мэдэлд өгдөгөөрөө онцлогтой юм байна. Б.Хурцын хийсэн үйлдэл үүнд ямар нэг байдлаар хамаарч болохоор байдаг.  Юутай ч энэ бүхний үр дүнд нь Монгол Улс төрийн үүрэг гүйцэтгэж явсан иргэнээ эх нутагт нь авч ирж чадвал болох нь тэр.

Б.Хурцыг Английн шүүхээр шүүгдэж байхад монголчууд Германы талд шилжүүлээсэй гэцгээж байсан. Тухайн үед Англи, Монголын эдийн засгийн харилцаанд нөлөөлөхүйц эгзэгтэй асуудлууд ч цөөнгүй байв. Наад зах нь Хөрөнгийн бирж, “Пийбоди” зэрэг тохиролцооны замаар найр тавих алхмуудыг ч Монголын тал хангалттай хийсэн гэхэд хилсдэхгүй. Харин одоо Германы талтай тохиролцоо хийх хэрэгтэй болж байна. Тэгэхээр дахиад л Extradition (of Criminal Suspect) буюу эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг шилжүүлэн өгөх гэрээ хийж таарах нь. Энэ тохиолдолд яах вэ. Тавантолгойн тендерийг эцэслэн дүгнэхдээ Германы “ВМ Оперта”-д ялалтыг өгөх үү. Эс тэгвээс Б.Хурцаар зогсохгүй, түүнд даалгавар өгсөн тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга, даалгаврыг гүйцэтгэж явсан бусад ажилтнуудын нэрийн жагсаалтыг шаардах, интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байх нь дамжиггүй. Мөн Forum of Shame буюу “Улс гүрнийг ичээх чуулга” гэгчийг зохион байгуулж ч болох юм. Энэ нь зөрчил гаргасан улс орон алдаагаа ойлгон ичиж зөрчлөө арилгах байх хэмээн үзсэний үндсэн дээр тус улсын талаар мэдээлэл цацан “булхайг нь дэлгэх” гэсэнтэй ойролцоо утгатай. Өөр юу хийж чадахыг нь одоогоор таашгүй. Тэгвэл Монголын тал үүний хариуд юу хийж чадах вэ.

Олон улсын шүүхийн байгууллагад Германы эсрэг гомдол гаргаж болно. Энэ тохиолдолд өмгөөлөгчөө солих эрхтэй нь байдлыг эерэгээр эргүүлж болох юм. Хэрэв нөхцөл байдал эвгүйгээр эргэвэл нэгэн цагт тус улсаас манай улсад консулаар томилогдон ажиллаж байсан дипломат төлөөлөгчийн гэм буруутай үйлдлийг сөхөх ч эрх бидэнд буй. “Хэрэг хуучирдаггүй” гэдэг үнэн л бол тэрхүү консул залуу “бугын зуулт” гэгч өвсийг хэрэглэн насанд хүрээгүй, монгол охиныг хүчиндэн хохироосон хэргийг сөхөж яагаад болохгүй гэж. Тухайн үед манай Цагдаагийн газрын дарга нар дипломат эрх ямба ярьж, мэдэн будилсаар Германы консул эрийг хэргээс мултлан хил давуулсныг гэрчлэх хүн цөөнгүй бий. Гэтэл өнөөдөр Монголын Засгийн газар уучлал гуйсаар байтал төрийн үүрэг гүйцэтгэгчийг барьцаалан шантаажилж байна. Д.Энхбат агсныг баривчлан авчирснаар Германы тал яаж хохирсон юм бэ. Магадгүй болзошгүй гэмт хэргээс аварсан ч байхыг үгүйсгэхгүй. Ийн хэлэхийн учир нь талийгаач Д.Энхбат 2002 онд Цэрэн овогтой Баяраа нэрээр Францын Парис, Канн, Хавре хотуудаар хэсүүчлэн амьдарч байхдаа нутаг нэгтнүүддээ хүч хэрэглэсэн, хүйтэн зэвсэг ашиглан биед нь гэмтэл учруулж байсан талаарх баримтууд ч хангалттай байдаг. Тиймээс хоёр орны харилцааг найрсаг дотно хэвээр үргэлжлүүлье гэх дипломат үгс хэрэв үнэн бол хэргийг нааштайгаар шийдэж, Б.Хурцыг Монголын талд шилжүүлснээр германчууд хожно уу гэхээс алдах юмгүй мэт санагдах юм.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж