
1997 оны Азийн санхүүгийн хямрал болон Европ, АНУ-д гарч байсан банкны салбарын бусад хямралуудын үед авсан сургамжууд нь Монгол Улсыг банкны тогтолцоогоо сэргээхэд чиг баримжаа өгнө гэдэг үүднээс энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Монгол Улсын Засгийн Газар, Монгол Банкнаас УИХ-д өргөн барих “Монгол Улсын банкны бүтцийн өөрчлөлтийн стратеги”-ийг эцэслэн боловсруулах шатандаа ажиллаж байгаа билээ. Энэхүү стратегийг улстөрийн нөлөөнөөс ангид байдлаар боловсруулан батлахын чухлыг экспертүүд онцолсны сацуу хэрэгжүүлэх шатанд ч улстөрчдөөс аль болох хол байхыг сануулав. Олон улсын мэргэжилтнүүд УИХ-ын гишүүд болон удирдах дээд албан тушаалтнуудтай банкны бүтцийн өөрчлөлтийн талаарх туршлагаа хуваалцах юм. Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж болон арилжааны банкуудын гүйцэтгэх удирдлага, мэргэжилтнүүд, эдийн засагчид, боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед удирдан явуулсан. Гадаадын экспертүүдийн зүгээс “Хэдийгээр бид Монголд ирээд хоёрхон хонож байгаа ч бидэнд өгсөн мэдээллээс дүгнэхэд танай улсад банк, санхүүгийн хямрал гэхээсээ илүү хүндрэл нүүрлэсэн байна. Ийм нөхцөлд тохирсон арга хэмжээг яаралтай авч банкны салбарт бүтцийн өөрчлөлтийг оновчтой аргаар явуулах ёстой. Эс тэгвээс зардал улам илүү хэмжээгээр гарах болно” гэсэн товчхон дүгнэлтийг хэлж байлаа. Д.Цээпил