”Локомотив”-ын хоккейчид ослоор нас барлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

”Локомотив”-ын хоккейчид ослоор нас барлаа

ОХУ-ын хоккейн шилдэг багийнхны сууж явсан онгоц лхагва гаригийн үдээс хойш Ярославлийн онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдсон тухай бид мэдээлсэн. Онгоцны хөлгийн багийнхан болон зорчигчид нийлсэн 45 хүнээс 43 нь амиа алдаж, хоёр хүний биеийн байдал дээсэн дөрөөн дээр байгаа гэнэ. Ярославлийн онгоцны буудлаас хөөрсөн Як-42 онгоц Москва хотоос 240 км зайд, Волга мөрөнд осолдсон байна. Онгоц Минск хотыг зорьж байсан ажээ. Локомотив багийн хоккейчид Оросын мэргэжлийн хоккейн лиг болох “Континентал Хоккей Лиг”-ийн шинэ улирлын эхний тоглолтоо хийхээр Минскийн зүг хөөрөөд байсан аж. Ослыг нүдээр харсан гэрчүүдийн мэдээлснээр онгоц хоёр хуваагдаж нэг хэсэг нь усанд, нөгөө нь Волга мөрний эрэг дээр шидэгдсэн ажээ.

"Локомотив" багийн хэвлэлийн төлөөлөгч "Улирлын эхний тоглолт байсан учраас багийн гол тоглогчид бүгд тэр онгоцонд сууж явсан” гэж  “Советский спорт” -д мэдээлсэн байна. Тодруулбал, энэхүү ослоор нас барсан 43 хүний 26 нь "Локомотив" багийн тамирчид байжээ. "Локомотив" багийн 27 гишүүн онгоцонд сууж явсан бөгөөд дэндүү харамсалтай, бас аймшигтай, хоккейн спортын түүхэнд хар мөр үлдээх гамшигт ослоор “Локомотив” багийн гишүүдээс 26 настай Александр Галимов ганцаархнаа амьд үлдэж, бусад 26 нь амь насаа алдаад байна. Галимовоос гадна онгоцны нислэгийн инженер ослоос амьд гарчээ.

Амиа алдагсдын дунд “NHL”-ийн шилдгүүд болох “St. Louis Blues”, “Minnesota Wild”, “Vancouver Canucks”-ын гарамгай довтлогч Павол Демитра, “Anaheim Ducks”,” Detroit Red Wings” болон “Colorado Avalanche”-ийн хамгаалагч Руслан Салей, “New York Islanders”, “Carolina Hurricanes”-ийн Жозеф Васицек, “New Jersey Devils”-ийн Карел Рачунек, “Dallas Stars”-ын хамгаалагч асан  Карлис Скрастинс, “Detroit Red Wings”-ийн хаалгач Стефан Лив нар байсан гэнэ. Түүнээс гадна “Detroit Red Wings”, “Philadelphia Flyers”-ын хамгаалагч байсан дасгалжуулагч Брэд МакКриммон, “New York Rangers”-ийн хамгаалагч байсан зөвлөх дасгалжуулагч Адександр Карповцев, “Toronto Maple Leafs” болон “Chicago Blackhawks”-д тоглодог зөвлөх дасгалжуулагч Игорь Королев амиа алдсан байна.
“Локомотив” баг улирлын өмнө есөн тоглолтод оролцож, 7-2 гэсэн амжилт үзүүлээд байсан. Есдүгээр сарын 3-нд буюу өнгөрөгч бямба гаригт тэд хамгийн сүүлд тоглолтод оролцсон бөгөөд талбайдаа “Торпедо”-гийн эсрэг хийсэн тус тоглолтод 5:2 харьцаатай ялалт байгуулжээ. Ослоос амь гарсан Галимов тэрхүү тоглолтын эцсийн гоолыг оруулсан гэнэ.

Александр Галимов 90 хувийн түлэгдэлттэй байгаа бөгөөд эмч нар түүнийг амийг аврахаар мэс засал хийж байгаа гэнэ. Тэрбээр 2004 оноос хойш "Локомотив" багт хүчин зүтгэж байгаа ажээ. Осолдсон онгоцны хар хайрцгийг олоогүй байгаа ч шинжээчид ослын шалтгааныг техникийн доголдол болон шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээр тайлбарлаж байгаа ажээ.

Амиа алдсан хоккейчид, дасгалжуулагчдын гэр бүлийнхэнд "Спортын түүхэнд аймшигтай  хар өдөр тохиолоо. 10 гаруй улсын тамирчдаас бүрддэг Локомотив клубт төдийгүй мөсний хоккейн олон улсын спортод асар их гарз хохирол учирлаа” гэж “Локомотив” клуб эмгэнэл илэрхийлсэн байна. Континентал Хоккей Лигийн удирдлагын зүгээс лигийн нэгэн эд эс болсон “Локомотив” баг одоогоор багаа дахин бүрдүүлж, улирлын тоглолтод оролцох нь эсэх тодорхойгүй байгаа тухай мөн албан ёсоор мэдэгджээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

“Локомотив Ярославль”
багийн зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж