”Супермэн” Ховард: Юу байна?

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

”Супермэн” Ховард: Юу байна?

NBA-ийн өнөө цагийн супер од Ховардын монголчуудад хандан хэлсэн хамгийн анхны үг нь “Юу байна” байлаа. “Орландо Мэжик” багийн төвийн тоглогч Двайт Дэвид “Супермэн” Ховард  “Newcom Group”, “Mobicom” корпорацийн урилгаар манай улсад өчигдрөөс эхлэн зочилж байна. Тэрээр хувийн дасгалжуулагч болон дөрвөн туслахын хамт Монголд иржээ. Ингэснээр Ховард Монголд ирсэн анхны NBA-ийн тоглогч  боллоо. Мөн ид амжилт гарган, гялалзаж буй супер од анх удаа зочилсон нь Монголын спортын түүхэн үйл явдлуудын нэг байлаа.

11:55 цаг. “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд түүнийг газардахад зохион байгуулагчдын төлөө­­лөл, хэвлэл мэдээллийн байгуул­лагаас гадна NBA-ийн, түүний тоглодог “Орландо Мэжик” багийн, Двайт Ховардын хөгжөөн дэмжигч, сагсан бөмбөгийн хорхойтнууд угтан авсан юм. Энэ үеэр тэрээр манай улсад ирэхээсээ өмнө Монголын талаар тийм ч хангалттай мэдээлэлтэй байгаагүй ч телевизийн нэвтрүүлэг, кино, Үндэсний газар зүйн сувгаар танай орны талаар үзэж, сонсч байлаа. Нэгэнт Монголд ирсэн учир найрсаг сайхан хүн ардтай, үзэсгэлэнтэй энэ орны талаар илүү ихийг мэдэж авахыг хүсч буйгаа хэлсэн юм. Мөн тэрээр “Сагсан бөмбөг сонирхогч хүүхэд, багачуудтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Ирээдүйд NBA-ийн олон арван тоглогч Монголд ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

15:00 цаг.
Ховард “Теди” төвийн гадаа талбайд сагсан бөмбөгийн хорхойтнуудтай “Сайн байна уу?”, “Юу байна” хэмээн монголоор мэндчилсэн юм. Өөрийн хөгжилтэй зан, хүчирхэг тоглолтоороо бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг Ховард “Та бүхнийг харах үнэхээр сайхан байна. Танай улсад анх удаа ирж байгаадаа ч маш баяртай байна. Хамтдаа цагийг зугаатай өнгөрөөнө шүү” гээд өөрийн гарын үсэгтэй бөмбөгөө тэнд байсан хамгийн настай эмэгтэйд гардуулж өглөө. Хөгжөөн дэмжигчидтэй уулзсаны дараа сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийж, сонирхсон асуултад хариулсан юм. “Мобиком” корпораци Ховардын үнэнч хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөгийн хорхойтнууддаа зориулан түүний гарын хээг “Be…” төвдөө дурсгал болгон авч үлдлээ. Ингэснээр “Ве…”-гийн хэрэглэгчид, тус салбараар үйлчлүүлэхдээ Ховардтай “гар барих” боломж олгоно гэж үзжээ. Тэрээр сагсан бөмбөгийн тоглохын зэрэгцээ өөрийн “D12” сангаараа дамжуулан хүмүүнлэгийн үйлст хамгийн идэвхитэй оролцдог тамирчдын нэг. Тиймээс ч манай улсын аль нэг сургууль, эмнэлгийг сонгон, гэнэтийн бэлэг барихаар төлөвлөсөн гэнэ.

Двайт Ховардын сагсан бөмбөгийн гараа

NBA-ийн өнөө цагийн супер оддын нэг Двайт Ховард 1985 оны арванхоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Жоржия мужийн Атланта хотноо Двайт Ховард Сениор болон Шерил Ховард нарын хүү болон мэндэлжээ. Ховардын эцэг нь Жоржия мужийн хөдөлгөөнт эргүүлд ажиллахаас гадна “Southwest Atlanta Christian Academy”-ын Биеийн тамирын танхимийн захирлын алба хашдаг байв. Тус сургууль нь улсын хэмжээнд шилдэгт тооцогдох сагсан бөмбөгийн сургалттай юм. Харин түүний ээж Моррис Браун коллежийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны гишүүдийн нэг байсан аж.

Тэрээр есөн наснаасаа ширэн бөмбөгтэй нөхөрлөж, наймдугаар ангиасаа NBA-ийн драфтын тэргүүн болох зорилго тавьж, шаргуу хөдөл­мөрлөж эхэлжээ. Хэдий том биетэй ч Ховард хамгаалагчийн байрлалд тоглож чадахуйц хурдан, тал бүрийн авьяастай байв. Ахлах сургуульд орох жилээ аавынхаа ажиллаж байсан “Southwest Atlanta Christian Academy”-ыг сонгон, суралцахаар элссэн байна. Уг сургуульд суралцсан дөрвөн жилийн хугацаанд хүчний довтлогчийн байрлалд тоглон 16.6 оноо, 13.4 удаагийн самбараас бөмбөг авалт, 6.3 блок шотыг 129 тоглолтод дунджилсан аж. Тэрбээр төгсөх ангидаа багаа тэргүүлж улсын аварга болгож чадсан юм. Тухайн жилд Ховард нэг тоглолтод 25 оноо, 18 удаагийн самбараас бөмбөг авалт, 8.1 блок, 3.5 оновчтой дамжуулалт гэсэн төгс гэмээр тоглолт гаргаснаар АНУ-ын ахлах сургуулиудын оны шилдэг тоглогч, Нэйсмитийн нэрэмжит ахлах сургуулын оны шилдэг тоглогч, мөн Морган Вуттений нэрэмжит ахлах сургуулийн оны шилдэг тоглогч, Гаторэйдийн нэрэмжит үндэсний шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ.

Түүний томоохон амжилтаас:

  • 2004 оны драфтын №1 сонголтоор Орландо Мэжик багийн төвийн тоглогчоор ирсэн
  • NBA-ийн бүх оддын тоглолтод таван удаа оролцсон
  • АНУ-ын шигшээ багт таван удаа  
  • NBA-ийн “Слам Данк” тэмцээний 2009 оны аварга
  • 2008 оны Бээжингийн олимпийн аварга,
  • NBA-ийн 2008-2009 оны бүсийн аварга 
  • Улирлын шилдэг хамгаалан тоглогчийн шагналыг сүүлийн гурван жил дараалан хүртээд байгаа өнөө цагийн том оддын нэг билээ.

Тэрээр өнөөдөр “Боловсрол суваг” телевиз болон “Sport box” спортын телевизийн байранд зочилж, ярилцлага өгнө. Харин ярилцлагын дараа 16.00 цагаас “Бөхийн өргөө”-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод зочноор оролцох юм.

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж