МАХН-ынхан МАН-ын байранд орно гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан МАН-ын байранд орно гэв

“Хэвлэлийн хүрээлэн”-д МАХН-ын удирдах зөвлөлийнхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал,  МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доёд тэргүүтэй хүмүүс оролцов. Хэвлэлийн хурал Засгийн газарт хандсан мэдэгдлээр эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэх болсонтой холбоотойгоор МАХН-аас бүх сонгуулийн хороодод төлөөлөгч ажиллуулах болсноо дуулгасан юм. Ийнхүү төлөөлөгч ажиллуулах шалтгаан нь сонгууль зохион байгуулагчдад итгэх боломжгүй байгаатай холбоотой гэж тэд хэлэв.  МАХН-наас Засгийн газарт хандан гаргасан уг мэдэгдэлд “МАН-АН төрийн эрх мэдлийг хууль бусаар авч, засгийн эрхийг авсан. Тухайлбал, СБД-т сонгууль зохион байгуулахдаа нэрсийн жагсаалтанд арван мянга гаруй хүний нэрийг хуурамчаар үйлдсэн байтал хэн ч шалгаж тогтоогоогүй.  Ирэх сонгуулийн хэсгийн хороонд ажиллах хүмүүсээ аль хэдийн гадаадын улс орнуудад ээлж дараагаар амралтанд явуулаад эхэлсэн. Иймд сонгуулийн тогтолцоо ямар байхаас үл хамааран сонгуулийг шударга зохион байгуулах шаардлагатай байна” гэжээ.

Мөн хэвлэлийн хурлаар дамжуулан хэлсэн нэг санал нь “Сонгууль явуулахдаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар биш ээлжлэх зарчмаар сонгуулийн саналын хуудсанд бичилт хийлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэсэн байв.  Тэд мөн дээрх мэдэгдэлдээ "Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, Долдугаар сарын 1-ний хүн амины хэргийн буруутныг олж тогтоон, хариуцлага хүлээлгэх" зэрэг шаардлагыг тавьсан байлаа.

Үүн дундаас анхаарал татсан нэг шаардлага нь “Тусгаар тогтнолын ордонг МАН ганцаар эзэмших ёсгүй. МАХН-ын ахмад гишүүдийн хэлж байгаагаар шинээр баригдсан ордныг эзэмших эрх МАХН-д ч мөн харьяалагдах ёстой" гэсэн утгатай зүйлс байв. МАХН нэрийг хуулийн дагуу авч чадсан шигээ Тусгаар тогтнолын ордон, намын өмнөх түүх, эд хөрөнгийг авах боломж байгаа хэмээн тэд үзэж байгаа бололтой. 

Түүнчлэн “Улсын төсвийн орлого нь ард нийтийн татвараас бүрдэж байдаг ба зарцуулах зориулалт нь хуультай байдаг. Гэтэл эрх баригч намууд улсын төсвийг хууль бусаар зарцуулсаар байна. Тухайлбал, хадгаламж зээлийн хоршоог хэсэг хүмүүс дампууруулчихаад төсвийн хөрөнгөөр хаасан нь хууль бус гэдэг нь тодорхой. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр буруутай этгээдээс хохирлыг барагдуулах ёстой байтал улсын төсвөөс хохирол төлүүлдэг нь заншил болоод байна” хэмээн мэдээлснээр хэвлэлийн хурал өндөрлөсөн юм. Дашрамд сонирхуулахад, МАХН-ын Хүний эрхийн орон тооны бус зөвлөлөөс эрхлэн өрд түмнийхээ улс төрийн талаархи мэдлэг боловсролыг өндөржүүлэх зорилгоор “Улс төрийн хар ном”-ыг гаргахаар болсон аж.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж