Нийслэлд 40 гаруй тоглоомын талбай хийнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.08-нд нийтлэгдсэн

Нийслэлд 40 гаруй тоглоомын талбай хийнэ гэв

Нийслэлийн тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар гээд  бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ ажлыг гол зангидаж хариуцдаг хүн бол хотын Ерөнхий менежер. Цаг үеийн асуудлаар болон нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалтын талаар хотын ерөнхий менежер Ч.Баттай ярилцлаа.

-Бүтээн байгуулалтын ажлын явц ямаршуухан бай­на. Зарим нь дуусч, үлдсэнийг нь одоо хийж байх шиг. Харин төлөвлөсөн хэмжээний чанартай болж ча­дав уу?

-Энэ оныг нийслэлийн хувьд бүтээн байгуулалтын жил болсон гэж хэлмээр байна. Хотод хийсэн зам, гэрэлтүүлэг гээд бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийнхийг бодвол хоёр дахин нэмэгдсэн. Хөрөнгө мөнгөний хувьд ч гэсэн хоёр дахин нэмж төсөвт суулгасан. Нийт байгууллага, аж ахуй нэгж, дүүргийн хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, зам засвар гэхэд энэ жил 60 км замд шинэчлэл болон засвар хийлээ.  Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин урт замыг зассан гэсэн үг. Тохижилтын ажилд зүлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг ажил орно. Одоогоор 110 мянган ам метр явган хүний зам шинээр тавиад байна. Энэ бол зөвхөн есдүгээр сарын 1-ний байдлаар гаргасан тоо гэж ойлгох хэрэгтэй. Намрын тохижилтын ажилд 20 гаруй мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөсөн байгаа. Мөн гэрэлтүүлэгт нийслэлээс таван тэрбум төгрөг төлөвлөж гэр хороолол, нийтийн эзэмшлийн талбай, замын гэрэлтүүлгийг шинэчиллээ. Одоо ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийж байна. ингээд яриад байвал олон зүйлийг ярьж болно. Товчхондоо бүтээн байгуулалтын 365 ажил хийхээр төлөвлөсөн гэж ойлгох хэргтэй. Нийт хийх ёстой ажлыг дүгнээд хэлвэл хийх ёстой ажлын 75 хувийг нь хийсэн гэж болно. Үлдсэнийг нь нийслэлийн өдөр буюу аравдугаар сарын 29-ний өдөр дуусгах ёстой. Цаг хугацаандаа ч амжиж дуусгана.

– Намрын тохижилт гэхээр ямар ажлуудыг хэлж байгаа хэрэг вэ?

-Намрын тохижилтод 20 мянган ам метр явган хүний зам, 40 гаруй хүүхдийн тоглоомын талбай шинээр хийнэ. Мөн бичил цэцэрлэг байгуулах ажил хийхээр төлөвлөсөн. Түүнийгээ ч хийж байна. Нийт төлөвлөлтийн ажлыг “Нийслэлийн өдөр” буюу аравдугаар сарын 29-нд хийж дуусгана.

-Өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой ажил гэ­вэл юуг хэлж чадах вэ. Жил бүр л тэрбум тэрбумаар тоо­цогдох ажил хийдэг шүү дээ?

-Өмнөх жилүүдэд зам засвар, ногоон байгууламж, гудамж талбайг тус тусад нь хийдэг байсан. Энэ жил гудамжаар нь төлөвлөж, гудамжаар нь тохижилт хийж байгаа.

-Жишээ нь аль гудамжийг тэгэж хийв?

-Цэрэндоржийн гудамж, Яваахулангийн цэцэрлэг, Чингүүнжавын гудамж зэрэг газруудыг нэрлэж болно. Ингэж гудамжаар нь бүрэн тохижуулахдаа нийслэлийн иргэд, хүүхэд залуучууд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх, амарч зугаалахад зориулсан орчин бий болгосон. Түүнээс гадна энэ жилийн бас нэг онцлог нь төв гудамжны байшин барилгуудын гаднах талбайн тохижилтыг шинэчлэх, нэгэн жигд өнгөөр ялгах ажил хийсэн. “Цэцэг” төвөөс баруун дөрвөн зам хүртлэх 15 байшингийн гаднахыг шинэчилсэн. Өмнө нь зөвхөн байшингийн ханыг шинэчилдэг байсан бол энэ жил байшингийн хананаас гадна бүх болконд хамгаалалт буюу вакум хаалт хийлээ. Мөн гудамжаар нь тохижилтыг хийлээ. Нийслэлд нийт есөн усан оргилуур шинээр барьж, ашиглалтанд орууллаа.  Энэ усан оргилуур нь хөдөлгөөнтэй, гэрэл, хөгжмийн аяар хөдөлгөөнд орох гээд онцлогуудыг нэрэлэж болно. Бас нэг давуу тал нь хүүхдийн тоглоом, спортын талбай. Орон сууц, гэр хорооллын дунд 60 талбайг шинээр хийлээ. Ногоон байгууламжийн хувьд зүлэг биш, шарилж ургадаг газар байсан. Үүнийг нь хөрсөөр нь шинэчлэх, зүлэгтэй ногоон зурвас их хийж байна. Үүний нэг жишээ гэвэл, Нарны зам. “Нарантуул”-аас үргэжлэж байгаа замын тусгаарлах зурвасыг хэлж болно. Зуны өдрүүдэд нийслэлийн өнгийг нэмж байсан нэг зүйл нь цэцэг. Энэ жил  нийтийн эзэмшлийн 9500 ам метр талбайд цэцэг тарьж ургуулсан. Цэцгийг хувийн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж тарьсан. Мөн дүүрэг бүрт цэцгийн баярыг хоёр жилийн өмнөөс зохиодог болсон. Ингэснээр иргэд тарьсан цэцгээ борлуулахаас гадна орчноо цэцэрлэгжүүлэх ажилд их хувь нэмэр оруулж байгаа юм. Зам засварын хувьд гэрэлтүүлэг, явган хүний, авто зам гээд тус тусад нь хийдэг байсан бол энэ бүгдийг багтаасан нэг зураг төсөл баталж, цогцоор нь шийдсэнээр тохижилт ч илүү сайжирсан.

-Дан ганц нийслэлийн хөрөнгөөр бус гадны тусламжаар тохижуулалт ч бас хийж байгаа гэсэн?

-Нийслэлийн ахан дүүсийн холбоотой улс орнууд өөрсдийн нэрэмжит гудамж талбай, тохижилтыг хийсэн. Тухайлбал, өнгөрсөн жил Сөүл хотын тусламжаар  Сөүлийн гудамжийг тохижуулах ажил энэ жил үргэжилж байгаа.  Энэ жил Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс СУИС хүртлэх талбай буюу Анкарагийн гудамжийг Анкара хот тохижуулах ажил өрнөлөө. Аравдугаар сард бүрэн хүлээлгэн өгөх юм.

-Таван тэрбум төгрөгөөр хэдэн гэрэлтүүлэг хийсэн бэ. Гэр хорооллын гудамжаар харанхуйд явахад үнэхээр хэцүү. Ганц нэгхэн ёлтойх гэрлийг эс тооцвол гэрэлтүүлэг ердөө байдаггүй. Тиймээс ч түүнээс үүдсэн гэмт хэрэг их гардаг шүү?

-Энэ жил нийслэлийн төсвөөс гаргаж буй таван тэрбумаар нийт 4500 гэрэлтүүлэг шинээр хийж байгаа. Хуучин 17 мянга орчим гэрэлтүүлэгтэй байсан. Үүн дээр энэ жилийхийг нэмбэл 22 мянга орчим гэрэлтүүлэгтэй болно. Мөн хуучин  гэрэлтүүлэгүүдийг шинэчлэн засварлах ажлыг ч хийж байгаа. Гэрэлтүүлэгийн энэ жилийн нэг онцлог нь Цэрэндоржийн гудамж, олны нэрлэж зансанаар Урт цагаан хоёрт иж бүрэн гэрэлтүүлэг хийнэ. Өөрөөр хэлбэл, энэ хавиар орой явахад гэрэлтүүлэгээр хийсэн байшин дотор байгаа мэт санагдуулам том гэрэлтүүлэг хийх юм. Хотын гэрэлтүүлгийн ажил саяхан эхэлсэн. Жил бүрийн аравдугаар сарын 22-нд олон улсын гэрэлтүүлгийн өдөр болдог. Энэ өдрөөс өмнө нийслэлийн гэрэлтүүлгийг бүгдийг нь хийж дуусгана. Хуучин гэрэлтүүлгийг засварлаж, шинэчлэх ажлыг хийж байгаа. Мөн өмнө нь нийслэлийн хэмжээнд хоёр компани гэрэлтүүлгийг хийдэг байсан бол энэ жил дүүрэг бүрт нэг компанид хариуцуулахаар болсон. Нийслэлийн хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байгаа болохоор хоёр компани нь хүрэлцэхгүй байсан юм. Ингэснээр дүүргүүд гэрэлтүүлгээ  хариуцаж хотын захиргаанд нээгдсэн гэрэлтүүлгийн төвөөс хянаад байх боломжтой болж байгаа. Нэгдсэн системээр аль дүүрэг гэрэлтүүлгээ асааж, хаана гэрэл асахгүй байгааг нь хянах боломжтой болсон. Энэ жил гэр хорооллын зам дагуу, мөн зайлшгүй шаардлагатай олон газрыг гэрэлтүүлнэ.

-Нарны зам 10 гаруй жилийн настай. Япончууд барьсан учраас бараг эвдэрдэггүй ч гэж ярьдаг. Монгол­чуу­дын барьсан зам бараг нэг жилийн нас­тай гэхэд болно. Шалтгаан нь юунд байна?

-Зам засварын хувьд энэ жил онцлогтой гэж би хэлсэн. Зөвхөн замаа засахгүйгээр бүх тохижилтыг хийж байгаа. Чанарын хувьд хүйтний улирлаас өмнө дулааны улиралд хийсэн зам чанартай болдог. Замын ажлын зураг төслийг нэг жилийн өмнөөс хийж, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж байгаа. Мөн асфальтны чанарт МХЕГ, нийслэлийн Авто замын газар гээд олон хяналтыг тавьж ажиллаж байна. Ингэснээр замын ажил чанаржиж байгаа. Ер нь бол манайхан замын ажлыг хийж сурч байгаа гэхэд болно. Нарны зам чанартай, сайн хийгдсэн. Бид нийслэлд зам тавьж буй компаниудын ажилтнуудыг “Суруго Монгол” ХХК-нийн Japan town хотхоны дундах зам тавьж байгаа ажилтай танилцуулах ажлыг хийсэн. Энэ замыг тавьж байгаа үйл ажиллагаатай  танилцуулж, өөрсдийг нь Японы стандартаар зам тавиулж, үзүүлэх сургуулилт тавиулсан. Нөгөө талаар шинэ технологид туршлагажуулахаар энэ арга хэмжээг зохион байгуулсан.

-Туршлага солилцох үеэр харж байхад манай хийж байгаа зам, япон­чуудын хийж байгаа замаас юугаар ялгаатай болохоор амархан эвдэрч, гэмтэж байна гэж ажиглагдсан уу. Хөндлөнгөөс харахад манайхан арай л нимгэн зам тавиад байх шиг?

-Япончууд бол дэлхийд зам тавьдагаараа алдартай. Хамгийн чанартай, сайн технологиор хийж байгаа.Техгологи, стандартыг хатуу мөрдөж, гүйцэтгэлийг сахилгыг чанад сахидаг нь ажигладаж байсан. Хамгийн гол нь технологийн дагуу хийж байгаа нь, хянаж байгаа хүн нь гээд аль аль талаасаа шаардлага өндөртэй ажиллаж байсан. Манай замын компаниуд ч гэсэн эндээс хараад туршлагажсан байх гэж бодож байна.

-Тэгэхээр манайд бол зам тавих тех­нологи хяналт нь сул байна гэж ойлгож болох уу, мөн зам тавих материалын хувьд зөрүүтэй зүйл байв уу?

-Японыхон гэхэд замын материалын хувьд суурьт хэрэглэдэг хайрга гэхэд угаасан зориулалтын хайрга хэрэглэх гээд зарим нэг зүйлүүд ажиглагдаж байсан. Манайхан бол ер нь зам хийж сурч байгаа. Жил бүр нэг замаа засдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Эвдрэл гарах асуудал бий. Энэ туршлага солилцох ажлаас гадна, материал, зам хийх технологиос нь суралцах зүйл замын компаниудад байсан. Үүнийгээ ч сурч, цаашид анхаарах байх гэж бодож байна.

-Гэр хорооллын зам болон автобусны буудлуудыг шинэчилнэ гэсэн. Хэдийгээр шинэ автобусны буудалтай болох вэ?

-Гэр хороолол дундуур явсан авто замд  шинэчлэл нэлээд хийлээ. Өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны шугамаар дөрвөн гэр хорооллын замыг засч эхэлсэн. Энэ жил үргэлжилүүлэн хийлээ.  Шархад, Улиастай гэхчлэн гэр хорооллын  дундуур зам  тавьж байна. Зам сайжирчихвал тийшээ явах нийтийн тээвэр сайжирна гэсэн үг. Мөн гэр хороолол руу чиглэсэн ажлын нэг хэсэг бол автобусны эцсийн буудлуудыг шинэчлэх ажил юм. Үүнд, хотоос 800-900 гаад сая төгрөг хуваарилсан. Автобусны эцсийн буудлуудыг маш сайхан тохижуулах ажил үргэлжилж байна.  Дэнжийн 1000, Улиастай, Шархад гэхчлэн гэр хороололд хүрч байгаа автобусны эцсийн буудлуудыг автобус чөлөөтэй эргэх радиустай, машины зогсоолтой, хүн хүлээх сүүдрэвч сандалтай, цайны газартай, нийтийн бие засах газартай, нийтийн халуун устай, диспетчрийн байртай болгоно. 10 автобусны буудлыг тохижуулах зураг төлөвлөгөө хийсэн. Гэхдээ хөрөнгө мөнгөний бололцооноос шалтгаалаад 4-5-ыг нь үлгэр жишээ байдлаар хийх төлөвлөгөөтэй байгаа. Жолооч,  кондуктор нь эцсийн буудал дээр ирээд хэдэн минут амраад, цайгаа уучихаад явдаг. Хогоо цэвэрлэчихээд, орой ээлжнээсээ буугаад усанд орчихоод явдаг нөхцлийг бүрдүүлж өгөх юм.

-Нийслэлчүүд хур хогноосоо сала­хын тулд олон ч арга хэмжээ авсан. Хоггүй хотыг хүн бүр хүсдэг. Гэсэн ч хогноосоо салахгүй хэвээрээ л байна?

-Энэ жил хог цэвэрлэгээнд их анхаарч ажилласан. Хотын захирагчийн санаачлагаар сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гаригт “Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр” зарлаж, нийт 17 цэгт байсан хур хогоос саллаа. Түүнээс гадна хог хаягдлын хувьд нэг шинэлэг ажил хийж байгаа нь хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авах явдал. Нийслэлийн нийт хүн амын 62 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээрийн 20 хувь нь л хогны мөнгөө өгдөг байсан. Тиймээс орон сууцны иргэдийн мөнгөөр нийслэлийн бүх хогийг зөөдөг байсан. Өнгөрсөн додугаар сарын 1-нээс бүх айл өрхийн хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй цуг авдаг болсноос нийт гэр хорооллын өрхийн 40 хувь нь мөнгөө төлдөг болсон. Ингэснээр хог ачих, тээвэрлэхэд их хувь нэмэр орж ирнэ. Одоогоо шилжилтийн үедээ явж байгаа. Эхний сарын дүнгээс харахад өмнөх гэр хорооллын иргэдийн өгдөг байсан мөнгө эрс нэмэгдсэн. Санхүүгийн эх үүсвэр нэмэгдсэнээр хог хуримлагдах асуудал багасна. Нийслэлийн хогны машин хүрэлцээгүй учраас хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч, гэрээ хийж ажилладаг. Ирэх жилийн төсөвт хогны машин шинээр авахаар тодотгол оруулсан. Нийт 150 хогны машин хэрэгтэй, эхний ээлжинд үнс тээвэрлэдэг машин их хэрэгтэй байгаа. Өвлийн цагт утаанаас гадна тоосжилт үүсгэдэг хог бол үнс. Үнс тээвэрлэх явцад агаарт хийсч, үүнээс болж тоосжилт үүсдэг. Энэ нь агаарын бохирдолд багагүй нэмэр болдог учраас үнс зөөх тусгай машин захиалахаар болсон.

-Нарангийн хогийн цэгт хог ялгаруулах үйлдвэр барьж байгаа. Энэ ондоо ашиглалтад орж амжих уу?

-Нарангийн энгэрийн хогийн цэгт Солонгосын KOIKA байгууллагын буцалтгүй тусламжаар хог ялган дахин боловсруулах үйлдвэр шинээр байгуулж байгаа. Өдөрт нийслэлийн хэмжээнд нэг тонн хог ялгардаг. Үүнийг бүгдийг нь боловсруулж чадахгүй ч өдөрт 80 тонныг боловсруулах чадвартай туршилтын үйлдвэр нээх гэж байна. Цаашид энэ ажлыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ер нь хогийг үүссэн газар нь ангилж, ялгах боломжийг эрэлхийлж байна. Ашиглах боломжтойг нь ангилан ялгаж, боломжгүйг нь булах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Хог боловсруулах үйлдвэрийн хувьд ирэх аравдугаар сард ашиглалтанд орно. Мөн энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангид “Хог хаягдлын менежмент”-ийн хичээлийг шинээр туршин зааж эхэлсэн.  Хог ил задгай хаях нь хүмүүсийн ухамсартай холбоотой. Тиймээс хүүхдийн хүмүүжилд багаас нь нөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхий боловсролын сургуульд хог ангилан хаях зориулалттай хогийн савнуудыг байрлуулсан. Ингэснээр сурагчид хогийг ангилах, хаана ч хамаагүй хаяхгүй байх хүмүүжлийг сурах байх. Үүнээс гадна хүүхдүүдэд хамгийн их хүмүүжил олгох хүмүүс нь эцэг, эхчүүд. Хамт явж байгаад машиныхаа цонхоор хог хаях, хашаагаа давуулан хогоо хаях зэрэг нь хүүхдэд хамгийн муу үлгэр. Хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд эцэг эхээсээ үлгэр жишээ авдаг шүү дээ.

-Утаагүй Улаанбаатарыг нийслэл­чүүд олон жил мөрөөдсөн. Энэ жилийн нийслэлээс хийж байгаа ажил утааг бууруулах боломжтой гэж үү?

-Хязгаарлалтын бүс тогтоож, түүнд байгаа айл өрхүүдэд боловсруулсан, утаа бага гаргадаг түлш, бүрэн шаталттай зуухыг тарааж байгаа. Энэ жилийн хийж байгаа ажилд холбогдох албаныхан төдийгүй иргэд ч гэсэн идэвхитэй оролцож чадвал утааг багасгах бүрэн боломжтой. Энэ бүст байгаа иргэд  өөрсдөө утаа бага гаргадаг түлшээ хэрэглэж, утаагүй зуух хэрэглэж заншвал боломж нь бий. Харин утаа бага гаргадаг түлш хямд үнээр худалдан авчихаад түүнийгээ борлуулж, оронд нь түүхий нүүрс түлээд байвал ямар ч нэмэргүй. Иргэд ухамсаргүй хандаад байвал нэмэргүй. Тэгэхээр утааг багасгахад иргэд ч, төрийн ч оролцоо чухал шүү гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.

-Тохижилтийн ажил ерөнхийдөө дуусч байна. Харин өвөлд нийслэл бэлэн үү?

-Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил халаалт зогсссоноос эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна. Инженерийн шугам, сүлжээний их болон урсгал засвар сайн хийгдсэн. Есдүгээр сарын 15-наас төвлөрсөн дулаан хангамжийг түгээхээр боллоо. Харин аравдугаар сарын 1-нээс нам даралтын уурын зуухнууд ажиллаж эхэлнэ. Үлдсэн хугацаанд төлөвлөсөн ажлаа бүрэн хийж дуусгах бололцоо байгаа. Зарим сургууль цэцэрлэгийн шугам сүлжээ муудсан, шугамыг зайлшгүй солих шаардлагатай газар нэлээд байна. Эдгээрийн хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй учраас хийгээгүй байна. нэг зүйлийг хэлэхэд, иймэрхүү хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан энэ жил хийхээр төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй зүйлүүд байна. Гэхдээ энэ нь өвөлд бэлэн бус байна гэсэн үг биш. Хүйтрэхээс өмнө дуусгах ёстой ажлуудаа дуусгаад, хүлээлгэн өгөхөөр шахаж ажиллана. Цахилгаан хангамжийг сайжруулах, олон жил болсон кабелийн шугамыг солих ажил, гэр хорооллын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажлыг Эрдэс баялаг эрчим хүчний яамны шугамаар хийж байгаа. Харамсалтай нь энэ ажлууд удаашралтай байна. Гэхдээ эдгээр ажлыг өвлөөс өмнө дуусгана гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Хотын цахилгаан хангамжийн хувьд нийт 114 км-ийн цахилгааны шугамыг сольж, шинэчилнэ. Энэ ажил ч бас л удаашралтай байгаа. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж зарим ажил оройтож эхэлсэн. Өвөлд хамгийн их санаа зовоож байгаа асуудал нь Налайх дүүргийн дулааны хангамж. Өнгөрсөн өвөл шугам хагарснаас хөлдөж, асуудал үүсгэсэн. Шугам шинэчлэх том ажил хийгдэхээр болсон ч  хөрөнгө мөнгө нь оройтож шийдэгдсэн учраас ажил нь саяхан эхэлсэн. Тиймээс хамгийн сүүлд авсан мэдээллээр цахилгааны хангамжийн их засварын ажил 50, урсгал засварын ажил 84 хувьтай байна гэв.

Энэ салбарт улсын төсвөөр хийгдэх найман багц ажлаас гурвынх нь сонгон шалгаруулалт дөнгөж одоо зарлагджээ. Үлдсэн таван ажил нь огт сураггүй байна гэдгийг Ерөнхий менежер хэлнэ лээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах газарт ажлаа түргэсгэхийг үүрэгдсэн аж. Харин усан хангамж, ариутгах татуургын ажил 92, ОСНАА-н засварын ажил 86 хувьтай байна. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд хийж буй хонгилын системийн засварын ажил нэлээд удаашралтай байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь хорооллын дундах зам засварын ажлыг ч саатуулж байна гэдгийг Ч.Бат дарга мөнхэлж байлаа. Түүний хэлснээр дүүрэг бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажил харилцан адилгүй байгаа аж. Нааштай мэдээнээс нь дурдвал, багахангайчууд ирэх өвлийн бэлтгэлээ 100 хувь хангажээ. Харин Багануур дүүрэг 77, Сүхбаатар дүүргийн ажил 88 хувийн биелэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн дулаан хангамжийн асуудал санаа зовоож байгаа аж. Тухайлбал Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн дулааны дундын шугам цоорсон, Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн бохирын усны засварын хөрөнгө шийдэгдээгүй, Чингэлтэй дүүргийн сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээ дууссан ч “Дулааны шугам сүлжээ” ХХК дулааны шугам хоолойгоо бүрэн засварлахгүй бол дулаан өгөхгүй гэсэн зэрэг асуудлууд байна. Нийт дутуу ажлаа газар хөлдөж, хүйтрэхээс өмнө гүйцээчихвэл өвөлжилтөд бэлэн гэж ойлгож болох нь. “Энэ өвөл өвөлжилт хүндрэх төлөвэй байна гэсэн мэдээг УЦУЭШХ-ээс өгсөн ч бид нийслэлчүүдээ санаа зовоохгүйгээр өвөлжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэж тэрээр амласан. Харин нийслэлийн дундуур урсдаг ч хааяа тасалдах болсон Сэлбэ голын талаар тэрээр юу гэхийг дор хүргэе.

-Сэлбэ голыг сэргээх ажил эхэлсэн. Сэлбэ голын сав газрын зөвлөлийг удирддаг хүний хувьд ажил хэр явцтай байна вэ?

– Хотын Ерөнхий менежерийн хувьд Сэлбэ голын сав газрын зөвлөлийн даргын сонгуульт ажилтай. Сэлбэ голын далангийн ажлыг энэ жил үргэлжлүүлж хийнэ. Дамбадаржаагаас цаашаа далан байхгүй, задгай урсдаг.  Тиймээс цаашаа нь 2.6 км далан шинээр барина. Хоёрдугаарт,  голынхоо усны урсацыг сайжруулах, нэмэгдүүлэх, нэмэгдүүлчихээд яаж ашиглаж болох вэ гэдэг асуудал байна. Хөрсөн дор болон, голын голдирол, сав дагуу их ус байгаа шүү дээ. Тиймээс  хотоос захиалга  өгсний дагуу Германы олон улсын туршлагатай компани судалгаа хийж тавдугаар сард дуусгасан.  Хөрсний ус газарт их шингэдэг.  Сэлбэ голыг сэргээх ажил буюу зуун айлын гүүрнээс Арсалантай гүүр хүртлэх хэсгийг тохижуулах, усны урсацыг нэмэгдүүлэх ажил эхэлсэнийг бид бүхэн харж байгаа. Одоогоор тохижилтын ажлыг хийхээр төлөвлөөгөөний дагуу ажиллаж байна. Арваннэгдүгээр сард 1,3 км-ийг тохижуулж, сэргээн хүлээлгэн өгнө гэж ажлын хэсгийнхэн ярьсан. Зуун айлын гүүрнээс Арслантай гүүр хүртлэх талбайг тохижуулж цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд шороог тэгшлэх, түүний эргэн тойрондох тохижилтыг хийж гүйцэтгэж байгаа. Сэлбэ голыг сэргээхий тулд голын эх ундарганы усыг хуримтлуулан газрын хөрсөнд шингээхгүй тулд хөрсийг хуулж, ус шингээдэггүй төхөөрөмж суурьлуулах ажил хийж байгаа гэнэ. Барилгын ажлыг “НОРБУ”, “Шимт газар” ХХК-иуд хийж гүйцэтгэж байгаа юм гэв.

Үүгээр бидний яриа өндөрлөсөн. Харин Сэлбэ голыг сэргээхээр ажиллаж буй компанийн инженерүүдийн хэлж буйгаар “Голын ус ихэнхдээ газрын хөрсөнд шингэдэг. Усыг хөрсөнд шингээхгүйн тулд тусгай төхөөрөмж хийнэ. Хүмүүс зүгээр бассейн маягаар голын усыг нэмэгдүүлнэ гэж яриад байгаа. Сэлбэ голын эхээс усыг шүүрүүлж, хөрсөнд нэвчихгүйгээр тогтоон бассейн хэлбэрээр урсацыг нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа. Усыг шүүх тусгай төхөөрөмж бий” гэлээ. Мөн манай улс өмнө нь гол сэргээх, ийм төрлийн ажил хийж байгаагүй учраас ОХУ-ын Эрхүү хотын мэргэжилтнүүд болон энэ талаар мэргэшсэн инженерүүдийг урьж авчирч зөвлөгөө авч ажиллаж буй гэнэ. Энэ ажлыг Сүхбаатар дүүрэгт эрхийг шилжүүлэн ажиллаж байна. Хотын бүхий л хар, бор ажлыг хариуцан ажилладаг түүнтэй ярилцахад нэг иймэрхүү…

Ш.Оюунчимэг


"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж