
Пиерс: Амьдралдаа олон л хүнтэй нүүр тулж ярилцаж явлаа. Дэлхийн том том одуудаас өгсүүлээд сэтгүүл зүйн ертөнцийн шилдгүүдийг хүртэл. Харин өнөө оройн зочин маань домогт Ларри Кинг. Шүтэж, биширч явдаг олон шүтээнүүүдийн маань нэг.
Ларри: Энд эргээд ирсэн чинь сайхан байна шүү.
Пиерс: Ширээний нөгөө талд ингээд суухад эвгүй байна уу?
Ларри: Бага зэрэг.
Пиерс: Нээрээ юү?
Ларри: Юу л даа. Энэ суудал надаас арай л хол юм аа. Уг нь сайхан л даа.
Пиерс: Таалагдаж байгаа байх нь ээ?
Ларри: Энд ярилцлагын зочноор оролцохоор ирж явахад эвгүй байсан л даа. Гэхдээ сайхан байна. Дотно, дулаахан мэдрэмж төрж байна. Олон жилийн амьдрал минь энд үлджээ.
Пиерс: Чин үнэнийг хэлэхэд би CNN-д таны ажлыг үргэлжлүүлж байгаагаа нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа. Би таны орыг залгамжилж байна гэж өөрийгөө хэлэхгүй. Тэгж бодогдохгүй ч байна. Зүгээр л би таны ажлыг үргэлжлүүлэхийг хичээж байна. Тан шиг агуу хүний орыг залгана гэж юу байхав. Таны гайхалтай ур чадвар, авьяас, хүрсэн өндөрлөгийг чинь биширдэг. Би 22 ярилцлага хийчихээд байна л даа. Тэр бүрт надад дайны талбарт байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэтэл та 7000 ярилцлагыг 25 жилийн хугацаанд хийсэн. Бахархахаас өөр яах билээ дээ.
Ларри: Баярлалаа.
Пиерс: Таны үлдээгээд явсан домог мэт орон зайг би тун хариуцлагатайгаар үргэжлүүлэхийг хичээнэ ээ. Надад үлдээгээд явсан тэр орон зайд хүрч амьдрахыг хичээх болно.
Ларри: Баярлалаа гэдгээс өөр юу хэлэхээ мэдэхгүй байна.
Пиерс: Та энэ шоуг их олон жил хөтөлсөн шүү дээ. Юуг нь хамгийн ихээр үгүйлж байна? Өглөө сэрээд л толгойд чинь орж ирдэг зүйлс гэвэл?
Ларри: Асуулт асуудгаа л их үгүйлж байна. Сая Египетэд хямрал болоход бүр ч үгүйллээ. Яг халуун тогоонд нь бужигнаж явсан зүйлээ л хүн хамгийн ихээр үгүйлдэг шүү дээ.
Пиерс: 25 жил хөтлөгч хийсний чинь ойд зориулсан тусгай дугааруудыг санаж байна. Үнэхээр гайхалтай . Миний бодлоор та яг зөв цагтаа шүтэн бишрэгчдэдээ баяртай гэж хэлсэн шүү. Тэд танаас илүү ихийг хүсэж байх үед нь та тэднийг орхиод явчихлаа. Тийм үү?
Ларри: Тийм ээ, үнэн.
Пиерс: Муугүй шүү.
Ларри: Колин Паул “Галт тэргэнд суусан бол хаана буухаа сайн мэддэг байх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг юм.
Пиерс: Тэгээд та…
Ларри: Яг цагаа олж галт тэрэгнээс буусан. Зөв буудал дээрээ.
Пиерс: Үнэхээр тэгсээн. Сүүлчийн шоун дээрээ та их догдолсон харагдаж байсан шүү. Сэтгэл чинь тун их хөдөлсөн байсан.
Ларри: Хэцүү байсаан. Хүмүүс уйлаад л. Дотно сайхан мөчүүд. Ерөнхийлөгчөөс, бас Клинтоноос мэндчилгээ ирүүлсэн.
Пиерс: Та бүүр уйлсан шүү.
Ларри: Амаргүй л дээ. Үнэхээр хэцүү. Орхиод явна гэхээр л хэцүү байсан. 30 жилийн амьдрал минь шүү дээ.
Пиерс: Ларри, би энд дараа жил л байх байх. 30 биш шүү.
Ларри: Тэд чамайг хэр удаан ажиллуулна гэсэн юм?
Пиерс: Санаа зоволтгүй ээ. Ямар ч байсан нэг жил энд байна. Ларри, та найман удаа гэрлэж байсан байх аа?
Ларри: Долоон удаа, зургаан эмэгтэйтэй.
Пиерс: Нэгэнтэй нь хоёр удаа гэрлэсэн. Нийтдээ найм юм уу, долоо юм уу?
Ларри: Долоо, үгүй ээ зургаа ч юм уу. Мартчихжээ.
Пиерс: Гурав дахьтай нь хоёр удаа гэрлэсэн байх аа?
Ларри: Тэгсээн. Нэг хүнтэй гэрлэсэн болохоор хоёр биш нэг удаа л гэмээр юм уу даа. Заримдаа харамсдаг л юм. Гэхдээ Шаун маань гайхалтай эмэгтэй. Надад хоёр хөөрхөн үр төрүүлж өгсөн.
Пиерс: Та их романтик хүн байх аа?
Ларри: Би романтик байхад дуртай. Хайр дурлалд дуртай. Хүнээс бэлэг авах дургүй ч хүнд бэлэг өгөх дуртай. Бүр гэнэтийн бэлэг өгөх дуртай. Би Шауныг эргүүлж байхдаа өглөө бүр сарнай явуулдаг байлаа. Тэр их орой унтаж, орой босдог юм. Би өдөр бүр цэцэг илгээвэл романтик байна гэж бодсон юм л даа.
Пиерс: Хэр олон хоног?
Ларри: Цэцэг зөөгч залуу Шауныг “Зүгээр л наанаа орхичих” гэсэн бичиг үүдэн дээрээ наасныг хэлэх хүртэл.
Пиерс: Түүнээс хойш тийм бэлэг барихаа больсон уу?
Ларри: Тийм ээ. Сүүлчийн удаа байсан юм.
Пиерс:Яаж мэдэж байгаа юм?
Ларри: Хөөе, би 77-той шүү. Мэдэлгүй яахав дээ.
Пиерс: Гэхдээ л таныг юу ч зогсоож дөнгөхгүй байх аа. Та ер бусын их эрч хүчтэй шүү дээ.
Ларри: Би цаг үргэлж л эрч хүчээр оргилж явсан. Одоо ч хэвээр. Ингэхэд нэг зарлалын чанартай зүйл хэлчих үү?
Пиерс: Тэг л дээ.
Ларри: Телевизийн салбарт ажиллахаа болиод би бизнест хөл тавьж байгаа. “Forbes Manhattan” нэртэй компанийн зөвлөхүүдийн багт орж байгаа. Уул уурхайн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг арилжааны банк л даа. Би зөвлөхөөр ажиллана.
Пиерс: Тийм үү?
Ларри: “Brooklyn Water Bagel” компанийн маань нээлтийн ёслол гуравдугаар сарын 17-нд болно. Чи ирээрэй.
Пиерс: Дуртайяа.
Ларри: Америкийн хамгийн сайн усыг бид хийх болно. Би тэдний хэвлэлийн төлөөлөгч нь. Бэвэрли Хилзийн салбарыг нь бас ажиллуулна.
Пиерс: Америкийг тойрох аялал чинь хэзээ эхлэх юм бэ?
Ларри: Дөрөвдүгээр сард. Би хошин шогийн үзүүлбэр үзүүлж, бас амьдралын тухай яриа өрнүүлнэ.
Пиерс: Ярилцах цаг дуусч байна, Ларри. Дараа дахин заавал ирж, бүтэн цагийн ярилцлага өгөх юм байгаа биз дээ?
Ларри: Тэгнэ ээ. Өнөөдөр бүтэн цагийн ярилцлагад орж чадахгүй шалтгаан маань гэвэл би чинь хүүгийнхээ бяцхан лигийн багийн дасгалжуулагч байхгүй юү. Тэдний дасгал дээр заавал байх ёстой юм.
Пиерс: Тантай ярилцахсан гэж бодож байгаа тун олон сэдэв байгаа шүү.
Ларри: Тэгэлгүй яахав.
Пиерс: Би танд өчүүхэн бэлэг өгөх гэсэн юм. Хуучны загварын англи мөрөвч. Танд сайхан зохих байх аа.
Ларри: Маш их баярлалаа.