”Зүйл заалт устгагдаагүй”

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

”Зүйл заалт устгагдаагүй”

М.Батчимэг: Цөмийн хаягдалтай холбоотой зүйл заалт устгагдаагүй

Сүүлийн үед шуугиан тарьж байгаа цөмийн хаягдалтай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгээс тодруулга авлаа.

“Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав гуай өнөөдрийн (өчигдрийн) Өдрийн шуудан сонинд сонинд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн жил батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсад цөмийн хаягдал булах эрхзүйн гарцыг зориудаар нээсэн гэсэн байна. Тодорхой зүйл заалт дурдаж, 1994 оны үзэл баримтлалд байсан хориглосон заалтуудыг зориудаар байхгүй болгосон гэсэн байна лээ. Та Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал боловсруулахад хамгийн их үүрэгтэй оролцсон хүний хувьд үүнд тайлбар өгөхгүй юу?

Асуултанд чинь хариулж эхлэхийн өмнө би Б.Лхагважав гуайд талархлаа илэрхийлмээр байна. Монгол Улсын иргэн бүр Б.Лхагважав гуай шиг асуудалд ханддаг байвал манай үндэсний аюулгүй байдал 2 сая 800 мянган манаачтай болно гэсэн үг. Тэр цагт бид үндэсний аюулгүй байдал харьцангуй баталгаатай байна гэж хэлэх үндэс бүрдэнэ. 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд яг л ийм хандлагаар аюулгүй байдлыг хангахад төр-иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал иргэн бүрийн ухамсарт үйл ажиллагаан дээр тогтоно гэсэн үзэл санааг тод шингээсэн байгаа. Гэхдээ мэдээж ажил хариуцаж байгаа хүний хувиар хөндсөн асуудлын тухайд тайлбар, тодруулга хийлгүй яах вэ. Юуны өмнө, 1994 оны үзэл баримтлалд гадаад орны цөмийн хог хаягдалтай холбоотой зүйл заалт огт байгаагүй гэдгийг хэлэх ёстой. Тэгэхээр өмнөх үзэл баримтлалд байсан заалтыг зориудаар хассан тухай асуудал энд байхгүй гэсэн үг. Аюулгүй байдлын анхны үзэл баримтлал батлагдаж байсан тэр үед энэ асуудал манайд хөндөгдөж байсан эсэх, манай хүмүүс аль хэр мэдээлэл, ойлголттой байсныг сайн мэдэхгүй юм. Харин цацрагийн бохирдолтой холбоотой заалт бол 1994 оны үзэл баримтлалд бий. Цацрагийн идэвхт бодис, түүний хор хохирлын тухай асуудал аль ч оронд байдаг нийтлэг асуудал шүү дээ. Өнөөдөр олон улсын хэмжээнд ч, манай улсад ч анагаахын эмчилгээ оношилгоо, шинжлэх ухааны туршилт судалгаа гээд маш олон газар цацраг идэвхт үүсгүүрүүдийг ашиглаж байна. Хэрэгтэй учраас үүнийг хориглох боломжгүй, харин хэрэглээнд нарийн хяналт тавих ёстой. Энэ хяналтын механизмыг боловсронгуй болгох, хяналт тавих чадавхийг бэхжүүлэх гэхчлэн тодорхой заалтууд шинэ үзэл баримтлалд тусгагдсан байгаа.  

Миний гарт байгаа сонин дээр 51.5, 51.3, 54.4 гээд л их тодорхой заалтуудыг хассан гэсэн байна?

Дээрх заалтуудыг нийтэд нь аваад үзвэл хүний эрүүл мэндэд хортой аюултай хог хаягдал, хими, биологийн гаралтай материалыг хориглох, хязгаарлах асуудлыг хөндөж байгаа юм. Олон улсын хэмжээнд аюултай хог хаягдалд хяналт тавих асуудлыг зохицуулдаг Базелийн конвенц гэж байдаг. Манай улс үүнд нэгдэн орсон орон. Аюултай хог хаягдалд хяналт тавих өөрийн хуультай. Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалд олон улсын конвенц, өөрийн орны хуулийн зүйл заалтууд, өнөөдөр амьдрал дээр үүссэн нөхцөл байдлыг судалж үзээд шаардлагатай асуудлуудыг нэмж тусгасан байгаа. Өмнөх үзэл баримтлалд байсан дээр дурдсан гурван заалт шинэ үзэл баримтлалд 5 салангид заалт болж, илүү тодорхой тусгагдсан байгаа. Ямар нэг хаягдаж, гээгдсэн асуудал байхгүй, харин ч дэлгэрэнгүй заалтууд орсон.

Хүмүүс төр засагт итгэх итгэл улам л буураад байх шиг. Нэг л өдөр хуулиа засаад цөмийн хаягдал булчихсан байх вий гэж санаа зовоод байх шиг байна.

Энэ бол хүмүүсийн буруу биш шүү дээ. Төрд итгэх итгэл алдарна гэдэг бол бидний хамгийн санаа зовох ёстой асуудлын нэг. Улс төрчид, эрх баригчид, намууд үүнийг л анхаарлынхаа төвд байлгах ёстой. Гэхдээ төр хариуцлагагүй байна гээд бүхнийг харлуулж бас болохгүй л дээ. Бид бүтээсэн буй болгосноо өөрсдөө л үнэлэхгүй бол хэн ч биднийг үнэлэхгүй. Монгол бол дангаараа өөрийгөө “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласан орон. Ийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблейгаас манайхыг онцлон дэмжиж, 1998 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг баталгаажуулах талаар хамтран ажиллахыг олон улсад уриалсан их чухал тогтоолыг 2 жил тутам гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх бодлого ганц манай асуудал бус, олон улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал болсон. Иймд энэ том бодлого манай иргэдэд мэдэгдэхгүйгээр алга болчих боломжгүй. 1994 оны үзэл баримтлалд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах чухал заалт байдаг. Шинэ үзэл баримтлалд үүнийг улам тодорхой болгож, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолуудыг хэрэгжүүлэх чиглэлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах тухай заалт оруулсан.

Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол хууль биш, үзэл баримтлалыг бариад хуулийн хариуцлага тооцож болохгүй шүү дээ.

Дээр аюултай хог хаягдалд хяналт тавих тухай хуулийг дурдсан. Түүнээс гадна энэ асуудалд хамгийн их хамаатай, манай цөмийн зэвсэггүй бүсийн бодлогыг баталгаажуулсан “Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль” гэж бий. Энд цөмийн хог хаягдлыг булшлах, нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлэхийг хориглосон маш тодорхой заалтууд бий. Дээр хэлсэн манай улсын цөмийн зэвсгээс ангид байх бодлого нэгэнт олон улсын анхааралд орсон бодлого, дээр нь үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг шууд хөндсөн маш том асуудал. Энэ хуулийг хэн нэг албан тушаалтан нэг өдөр дураараа өөрчилчих тийм боломж байхгүй. Манай иргэд, улс төрийн хүчнүүд ч харж хянаад байж байгаа шүү дээ. Ардчилал үүгээрээ аюулгүй байдлын баталгаа болдог гэж би боддог. Энэ ч утгаараа иргэд ярьж, шаардаж байх нь зөв өө гэж байгаа хэрэг.

Ч.БҮЖИН.

Зохиогчийн эрх: "Өдрийн сонин".

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж