Оросууд Украйныг байгалийн хийгээр боомилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

Оросууд Украйныг байгалийн хийгээр боомилж байна

Украйн улс “Хаданд хав­чуу­лагд­сан халиуны зулзага” болчихлоо. Кремлийн удирдагчид Украйныг Европын холбоотой байгуулах гэж буй чөлөөт худалдааны гэрээнээсээ татгалзан “Газпром” компанийг Украйны “Нафтогаз”-ын гол хувьцаа эзэмшигч болохыг зөвшөөрвөл бай­галийн хийг хямд үнээр нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тэгээд “Хэрэв татгалзвал эрчим хүчгүй болно шүү” гэж сүрдүүлэх аястай.

“Газпром” бол Оросын төрийн мэдлийн компани. Тиймээс оросууд “Газпром”-оор дамжуулж, Украйны эрчим хүчний салбарт ноёрхох бодолтой байгаагаа илэрхийлж байна. Харин энэ үед Европын холбооны төлөөлөгчид Украйны Ерөнхий сайд асан Юлия Тимошенко болон түүний хийсэн байгалийн хийн гэрээ, хэлэлцээрүүдийн талаарх маргааныг анхааралтай ажиглаж байгаагаа  мэдэгдсэн юм. Украйн бол байгалийн баялаг ихтэйгээс гадна газар тариаланг хөгжүүлэхэд таатай бүс нутаг. Улаанбуудайн экспортоор дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ энэ бүхнээс илүү Европын холбоог Оростой холбосон геополитикийн ашигтай байрлал нь Кремлийн удирдагчдын анхаарлыг татсаар ирсэн билээ.

Одоогийн байдлаар Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович “Нафтогаз”-ын хувьцааг “Газпром”-д бэлэглэх бодолгүй байгаагаа мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт хоёр орны төлөөлөгчид шинэ гэрээ байгуулах тухай хэлэлцсэн билээ. Түүний дараа В.Янукович “Интер Факс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Ийм санал тавьснаараа биднийг басамжилж байна. Хэрэв “Нафтогаз”-ын хувьцааг “Газпром”-д өгөхөөр болбол энэ нь украйнчуудын хувьд маш том доромжлол болно. Тиймээс би энэ саналыг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэжээ. Европын хол­бооны төлөөлөгчдийн хувьд Украйн­тай чөлөөт худалдааны гэ­рээ байгуулах замаар “Нафтогаз” тэргүү­тэй газрын тосны компаниудын үйл ажиллагаанд нөлөөлөхийг зорьж байгаа гэх таамаг гарсан байна.

Украйн бол ОХУ-тай олон жилийн турш байгалийн хийн салбарт хамтарч ажилласан орон. Гэхдээ Ю.Тимошенког Ерөнхий сайд байх үед 2009 онд энэ асуудал  нэлээд шуугиан тарьж байв. Тухайн үед Украйны нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрдөг тээвэрлэх хоолойн үйл ажиллагааг зогсоосноос болж ОХУ-аас гарах байгалийн хийн экспорт тасалдахад хүрсэн юм. Ерөнхий сайд асан Ю.Тимошенко Оросын талыг Украйнд нийлүүлж буй байгалийн хийн үнээ бууруулахыг шаардаж байв. Ю.Тимошенко бол америкчуудын дэмжлэгтэйгээр зо­хион байгуулсан гэх Жүржийн хувьс­галаар Украйнд төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарсан улстөрч. Түүнийг Ерөнхий сайд болсны дараа Украйны эрчим хүчний бодлогод өөрчлөлт орж, украйнчууд орос ах нарын өөдөөс “том дуугарах” болсон юм. Харин өнгөрсөн онд болсон сонгуулиар Ю.Тимошенкогийн нам ялагдал хүлээж, түүний оронд “Моск­вагийн утсан хүүхэлдэй” хэмээн барууны хэвлэлүүдээр бичигдэж бай­­сан В.Януковичийн нам засгийн эрхэнд гарчээ. Гэвч оросуудын хувьд В.Янукович ч бас тийм хялбархан барж идэх “хоол” биш бололтой.

ОХУ-аас Европ руу нийлүүлдэг байгалийн хийн экспортын 80 орчим хувь нь Украйнаар дамжин өнгөрдөг. Гэхдээ Украйн улс өөрөө Оросын түүхий эдээс бүрэн хамааралтай орон юм. Украйны эрх баригчдын хувьд байгалийн хийг хэтэрхий үнэтэй худалдан авч байгаагаа анхааруулж, импортын үнээ бууруулах санал тавьсан. Гэвч Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Украйныг Ев­ропын холбоонд нэгдэн орж, чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг батлахгүй гэх болзол тавьж байгаа. Сүүлийн үед үе, үе яригдах болсон нэг асуудал бол Украйн Европын холбооны гишүүн орон болж ма­гадгүй гэх. Хэрэв тэгвэл энэ нь Оросын хувьд Европын зах зээл рүү өндөр үнэтэй байгалийн хий нийлүүлэх боломжийг нь хязгаарлах юм. Өнгөрсөн онд үүнтэй холбоотой яриа хэлэлцээр хийх саналыг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин мөн л тавьж байсан билээ.

Асуудлын гол нь үнэд байгаа юм биш. Оросын тал өндөр үнэтэй байгалийн хий нийлүүлэх замаар Украйныг хүнд байдалд оруулж, түүгээрээ дамжуулан евро бүс дэх Украйны нөлөөг бууруулж, дам утгаараа өөрийн хараат болгох зорилго тавьж байна.

Энэ бүхний эцэст украйнчууд Москвагаас тавьж буй саналыг то­дорхой хэмжээнд хүлээж ава­хаас өөр аргагүй байдалд хүрч мэ­дэх юм. Тиймээс Европын хол­бооны шинжээчид үүнд нэлээд бол­гоомжилж байна. “Газпром” “Наф­тогаз”-ын гол хувьцаа эзэмшигч бол­сон ч гэсэн украйнчууд юу ч үгүй хоосон хоцрохгүй. Тэд хариуд нь хямд бүтээгдэхүүн худалдан авахаас гадна “Нафтогаз”-ыг шинэчилж, тех­ник, технологийг нь өөрчлөхөд зориулах санхүүгийн эх үүсвэртэй болох юм. Түүнчлэн “Нафтогаз” дахь Украйны Засгийн газрын мэдлийн хувьцааны хэмжээ ч өндөр хэвээр байна. Ал­баны шинжээчдийн тооцоолсноор энэ оны эцэс гэхэд Украйн Оросоос 40 тэрбум куб метр байгалийн хий импортолж авах аж. Харин 2011 оны эхний улиралд 1000 куб метр бүрийг нь 264 ам.доллараар үнэлж байсан бол дөрөвдүгээр улирлын байдлаар энэ үнэ өсч, 400 ам.доллар болсон байна. Үүнээс болж ирэх онд 27 тэрбум куб метр байгалийн хий худалдан авах боломжтой болжээ. Гэтэл украйнчуудын хэрэглээнд зориулж, дор хаяж 33 тэрбум куб метр байгалийн хий шаардагдана гэдгийг Украйны Эрчим хүчний сайд Юрий Бойко мэдэгдсэн байна.

Сүүлийн үед Оросын эрх баригчид шинэ хоолой байгуулах “Nord Stream” төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд дуусгахаар болсон. “Nord Stream”-ийн хоолой Балтын тэнгис доогуур үргэлжлэх бөгөөд Оросын Виборгоос Германы Greifswald хүрэх юм. Хэрэв энэ хоолой бүрэн ашиглалтад орвол түүгээр дамжуулж, 20 тэрбум куб метр хий тээвэрлэх боломжтой болно. Үүнээс болж Украйн улс Оросын байгалийн хийг тээвэрлэснийхээ хариуд жил бүр авдаг мөнгөнөөс 3-4 тэрбум ам.доллар нь үгүй болох юм. Өөрөөр хэлбэл, байгалийн хийн экспортоо Украйн, Европын холбооноос хараат бус болгох гэсэн оросуудын санаа хэрэгжиж эхлэхэд ойрхон байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж