Шатаагдаагүй гар бичмэл

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

Шатаагдаагүй гар бичмэл

Ээдрээтэй амьдралыг туулсан алдарт зохиолч Франс Кафкагийн гар бичмэлүүд  эзэнтэйгээ ижил адармаатай хувь тавилантай ажээ. Тэрбээр нас барахдаа өөрийн гар бичмэлүүдийг шатааж устгаарай хэмээн дотны найз Макс Броддоо захисан ч найз нь гэрээслэлийг үл биелүүлэн “Шүүх ажиллагаа”, “Шилтгээн”, “Америк” хэмээх гурван ч романы гар бичмэлийг нь ном болгон хэвлүүлсэн юм. Эдгээр гайхамшигт бүтээлүүд эзнээ түүхэнд амьдруулан мөнхөлсөн билээ. Харин Кафкагийн эдгээр болон хэвлэгдээгүй бусад гар бичмэлүүдийг Макс Брод 1968 онд нас барахдаа өөрийн туслах Естер Хофд аль нэг газрын номын санд өгөн судлаачдад Кафкагийн зохиол бүтэээлийг судлах боломж олгохыг захисан  ажээ. Гэвч Эстер энэ хүслийг нь биелүүлэлгүй гар бичмэлүүдийг хав дарсан байна. Түүнийг Кафкагийн “Шүүх ажиллагаа” номын гар бичмэлийг Германы уран зохиолын архивт худалдан багагүй мөнгө олсон хэмээн зарим эх сурвалж мэдээлдэг юм.
Харин одоо санамсаргүйгээр олноо ил болсон гар бичмэлүүүдийг хэний мэдэлд өгөхийг шийдэхээр Израилийн шүүх ажиллаж байна. Нэг талаас Израилийн үндэсний номын сан, нөгөө талаас Эстер Хофын хүүхдүүд үнэт гар бичмэлийг авахаар зарга үүсгээд байгаа гэнэ. Эдгээр гар бичмэлүүд дотор Кафкагийн нэгэн роман, хэд хэдэн богино өгүүллэгээс гадна Макс Бродын өдрийн тэмдэглэл байгаа юм. Судлаачид тэрхүү өдрийн тэмдэглэлийг зохиолчийн гар бичмэлээс дутахааргүй сонирхож байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж