Хуучирсан мэдээ: 2011.09.07-нд нийтлэгдсэн

“Супермэн” Монголд

Хүн сүрдмээр хүчирхэг биедээ хүүхдийн гэмээр ааш цогцлоосон NBA-ийн өнөө цагийн супер од Двайт Ховард өнөөдөр манай улсад зочилно. Сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигийн сүүлийн гурван жилийн шилдэг хамгаалагч, NBA-ийн бүх оддын тоглолтод таван удаа сонгогдон тоглосон, 2008 оны бүх оддын тоглолтын “Слам Данк”-ын аварга, “Орланда Мэжик” багийн төвийн тоглогч “Супермэн” хочит Двайт Ховард хоёр хоногийн турш Монголд саатна. Тэрээр 2008 NBA-ийн бүх оддын тоглолтын “Слам Данк”-ын аварга болохдоо “Супермэн”-ий өмсгөл өмссөн нь ийнхүү хочлоход хүргэсэн гэдгийг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй биз ээ . Талбай дээр ч, талбайн гадна ч сагсан бөмбөг сонирхогчдын үлгэр жишээ болж чаддаг түүнийг бодит амьдрал дахь сайхан сэтгэлт “Супермэн” гэхэд болно. Алиа хошин зан, сайхан инээмсэглэл хийгээд хүч чадлын илэрхийлэл болсон тэрээр дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийнхээ нэгээхэн хэсэг болох Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг хоёр хоног байлдан дагуулаад энэ сарын есөнд нутаг буцна.

“Супермэн” өнөөдөр 11.50 цагаас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Тэрээр Монголд ирснийхээ дараа “Mobicom” компанийн “Be…” төвд хэвлэлийн бага хурал хийх юм.

Харин маргааш “Боловсрол суваг” телевиз болон “Sport box” спортын телевизийн байранд зочилж, ярилцлага өгнө. Ярилцлагын дараа 16.00 цагаас “Бөхийн өргөө”-нд Монголын сагсан бөмбөгийн холбооны Бүх оддын тоглолтод зочноор оролцоно.

Монголд анх удаа NBA-н од хөл тавьж буй түүхэн үйл явдлын мэдээллийн ивээн тэтгэгчээр “Монгол масс медиа” групп ажиллах ба өдөр тутмын мэдээ, мэдээллийг “Боловсрол суваг” телевиз, “Sport box” 24 цагийн спортын суваг, www.news.mn мэдээллийн сайт болон “Ийгл” телевизээр хүлээн авах боломжтой юм.

                                        Б.ОЙНБИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж