
Эрэгтэй, эмэгтэй хүн өөр хоорондоо адилгүй. Нэг нь нөгөөгөөсөө сайн, муу гэх ойлголт огт биш. Зүгээр л өөр. Тэднийг нэгтгэх цорын ганц зүйл гэвэл хоёулаа ижил төрөл зүйлийн амьтан. Тэд өөр өөр үнэлэмж, өөр өөр дүрэм журам бүхий өөр өөрийн ертөнцөд оршдог. Хүн бүхэн үүнийг мэддэг хэрнээ тун цөөхөн хүн, ялангуяа эрчүүд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Яг үнэндээ энэ бүхэн тов тодорхой зүйл. Баримт сөхье л дөө. Барууны орнуудад гэрлэсэн хосуудын 50 орчим хувь нь салцгаадаг. Нэлээд бат бөх эхэлсэн хамтын амьдрал ч удаан үргэлжилж чадалгүй хоёр тийш болдог. Аль ч орны, аль ч соёл иргэншил, зан заншилтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгалгүй үргэлжийн мөнхөд хажуу дахь нэгнийхээ үзэл бодол, биеэ авч яваа байдал, итгэл үнэмшил, аливаад хандах хандлагыг шүүмжлэн маргалддаг.
Эрчүүд бие засах газарт зөвхөн нэг л зорилгоор, бүр цорын ганц зорилгоор ордог. Гэтэл хүүхнүүдийн хувьд энэ өрөө тайтгарч, тайвшрах, сэтгэлээ онгойлгох гээд олон зорилгоор ашигладаг газар. Энэ өрөө эмэгтэйчүүдийн хувьд илүү нийгэмших боломжтой уулзалтын танхим л гэсэн үг. Ийшээ зүс зүсээ огт хараагүй бүсгүйчүүд ороод найз шиг болоод гарч ирдэг. Харин хэн нэг залуу “Хөөе, Болд оо би 00 орлоо. Хамт явах уу?” гэж асуувал хэн хэнгүй сэжиглэнгүй харж эхэлнэ дээ.
Эрчүүдийн гарт телевизийн удирдлага байгаа цагт хором тутамд суваг солин жирэлзүүлээд л суудаг. Гэтэл хүүхнүүд зүгээр л сурталчилгаа үзээд сууж байхаас ч буцахгүй. Уурлаж, бухимдахаараа эрчүүд архи ууж, өөр орнуудыг дайлаар мордон дайн хийдэг бол, хүүхнүүд амттан, ялангуяа шоколад идэж, дэлгүүр хэсдэг. Хүүхнүүд эрчүүдийг хайхрамжгүй, халамжгүй, мэдрэмжгүй, дотно дулаан харилцаагүй, өөртэй нь ярьдаггүй, хайрлахаас илүү ор хөнжлийн ажил хийхийг хүсдэг, жорлонгийн суултуурыг дандаа сөхөж орхидог хэмээн шүүмжилдэг. Гэтэл эрчүүд болохоор бүсгүйчүүдийг жолоо барихдаа бүтэлгүй, замын тэмдэг хардаггүй, зүг чиг баримжаалахдаа муу, ямар ч зорилгогүй дэмий чалчдаг, орон дотроо идэвхгүй, жорлонгийн суултуур байнга буулгаж орхидог гэж үздэг. Эрчүүд оймсныхоо өрөөсөнг олдоггүй хэрнээ CD-нийхээ цуглуулгыг хачин цэгцтэй хадгалдаг. Эрээд олдохгүй байгаа түлхүүрийг хүүхнүүд хаанаас ч юм олоод л гаргаад ирдэг хэрнээ айл сураад явахаараа ёс юм шиг буруу тийшээ төөрдөг. Эрчүүд тэднийг их эмзэг гэдэг. Үүнийгээ хүүхнүүд өөрсдөө ч мэднэ.
Дүүрэн хүнтэй өрөөнд эмэгтэй хүн явж ороод тэнд байгаа бүх хүнийг нүдлээд, дүгнээд, цээжлээд гарч ирнэ. Харин эрчүүд холоо хэвтэнэ. Тэднийг яагаад ийм анхааралгүй, ажигч биш байдгийг хүүхнүүд гайхаад олдоггүй. Гэтэл хувцсан дээр тогтсон өчүүхэн толбыг эхнэрүүд 50 метрийн цаанаас ч олоод харчихдаг хэрнээ, шатахууны улаан гэрэл нүдэн дээр нь анивчаад байхад анзаарч хардаггүйг нь харчууд хэзээ ч ойлгодоггүй.
Хэрэв эмэгтэйчүүд жолоо барьж яваад төөрчихвөл тэр дороо зогсож, хүнээс зам асуудаг. Харин эрчүүдийн хувьд тэгж доошоо орох нь ичгүүртэй хэрэг. Хэчнээн удаан ч хамаагүй тойроод л, давхиад л байна, давхиад л байна. “Арай өөр замаар явчихъя. Аан за, тэр байшинг танилаа. Ер нь бол зөв зүг рүү л явж байна” гэхчилэн үглэсээр баахан явна.