Дуураймал LV-г хураах эрхтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Дуураймал LV-г хураах эрхтэй гэв

Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн албан ёсны дэлгүүр жилийн өмнө нийслэлийн төв талбайн дэргэдэх “Central Tower”-т нээгдсэн. Нэгэнт дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, зарим талаар нэр хүнд, чанар чансааг илтгэх дэлхийн брэнд учир LV-гийн бараа, бүтээгдэхүүнийг хуурамчаар дуурайлган хийх нь элбэг. Ялангуяа Азийн орнуудын зах зээлд БНСУ болон БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал LV-гийн цүнх, хувцас хэрэглэл багагүй байдаг. Тиймдээ ч дэлхийн нэр хүндтэй брэндүүд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг хуулбарлан үйлдвэрлэж, зарж борлуулсан тохиолдолд гомдол гарган, тэдгээр бүтээгдэхүүнийг устгалд оруулдаг. Бүр хэдэн сая ам.долларын торгууль ногдуулах нь ч бий. Дээрх жишгийн адилаар өчигдөр Оюуны өмчийн газраас нийслэлийн хэмжээнд зарим дэлгүүрүүдэд шалгалт хийж, “Louis Vuitton” брэндийн дуураймал бүтээгдэхүүн худалдаалж байгаа дэлгүүрүүдийн барааг хураасан тухай News.mn өчигдөр мэдээлсэн билээ. Гэвч гэнэтийн энэ шалгалтаар бараа, бүтээгдэхүүнээ хураалгасан худалдаачид гомдолтой байгаа юм. Энэ талаар Оюуны өмчийн газрын дэд дарга С.Гантөмөрөөс тодрууллаа.

-LV брэндийн дуураймал бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдийн лангуунаас хураан авч, устгалд оруулсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Оюуны өмчийн газарт дуураймал бүтээгдэхүүнийг хураан авах эрх байдаг уу?

-Нийслэлийн хэмжээнд зарим дэлгүүрүүдэд шалгалт хийж, LV брэндийн хуурамч бүтээгдэхүүн зарж байсан газруудын бүтээгдэхүүнийг хурааж авсан. Оюуны өмчийн газрын байцаагч нь аль нэг брэндийн дуураймал бүтээгдэхүүнийг хураан авах эрхтэй. LV брэндийн албан ёсны дэлгүүр манайд нээгдсэн. Тэд албан ёсоор гэрээ байгуулж, өөрийн брэнд бүтээгдэхүүнийхээ таних тэмдэг зэргийг баталгаажуулсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, хуурамч, жинхэнэ брэнд ямар ялгаатайг нарийн гаргасан байдаг. LV брэндийн албан ёсны төлөөлөгчид нь ирээд Оюуны өмчийн газарт брэндийнхээ талаарх бүх мэдээллийг өгсөн.

-Тэгэхээр LV-гийн дуураймал барааг хурааж авах нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж ойлгож болох уу. Бүтээгдэхүүнээ хураалгасан иргэд хохирол амслаа гээд гомдолтой байгаа юм билээ?

-Хуулийн дагуу хийж байгаа ажил. Ер нь иргэдэд анхааруулж хэлэхэд, аль нэг брэндийг дуурайлган хийсэн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулмаар байна. Хэрэв худалдаалсан тохиолдолд хураан авч, устгалд оруулна. Тухайн хүн хохирох нь хамаагүй. Яагаад гэвэл өөр компанийн оюуны өмч болох нь албан ёсоор баталгаажсан учраас тэр юм. Ер нь дэлхийн бусад оронд ч дуураймал бүтээгдэхүүнийг хурааж устгадаг.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж