Театр, музейг нураах талаар мэдэгдээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Театр, музейг нураах талаар мэдэгдээгүй гэв

Драмын таетр, түүхийн музей, Дуурийн театр зэрэг барилгуудыг нураах гэж байгаа талаар манай сонинд өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас энэ талаар “Нураах талаар яриагүй ч засварлах, шинэчлэх талаар яригдаж байгаа. Батлагдсан юм байхгүй” гэсэн тайлбарыг өгөв.  Нураах гэж буй гэсэн мэдээлэл байгаагүй сэн бол  “Марс констракшин” суурин дээр нь барилга барих зөвшөөрөл авах гээд явж байхгүй л баймаарсан. Эсвэл хэн дуртай нь өөрийн хүссэн газраа барилга барих гээд зөвшөөрөл хүсээд явдаггүй л баймаарсан. Ямар нэг байдлаар нураах талаар сэжим сонссоны дүнд л энэ хүсэлт Мэргэжлийн хяналтын газар ирсэн байх. Хэдийгээр холбогдох албаныхан үгүйсгэж байгаа учраас энэ барилгыг нураагаад оронд нь өөр барилга барина гээд шууд хэлчих хүн ховор байн. Хулгайч айлаас хулгай хийхдээ хэзээ ч танайхаас хулгай хийнэ гэж хэлдэггүй шиг. Угаас олон барилга, байгууламжийг сэргээх, засах нэрийдлээр молиго үмхүүлээд өөр зориулалтаар ашигласан олон түүх бий учраас энэ мэт хардлага төрөөд байгааг нуух юун.

Улсын драмын эрдмийн театрийн дэд захирал Н.Сувдаас энэ талаар тодруулсан юм.

-УДЭТ-ыг нураах гэж байгаа талаар мэдээлэл гараад байгаа. Танайд албан ёсоор ийм мэдээлэл ирсэн үү?

-Манай таетрийг нураах талаар яриад байна. Энэ талаар БСШУЯ бидэнд огт мэдэгдээгүй. Харин засварлах талаар өнгөрсөн зургадугаар сард ярилцаж байсан ч тодорхой шийдвэр гараагүй байгаа байх. Хэрэв нураах талаар ярьж байгаа бол энэ огт байж боломгүй зүйл. Бид ч гэсэн үүнийг зөвшөөрөхгүй. Хэрэв театрыг маань шинэчлэн өргөтгөх талаар яривал бид шууд зөвшөөрнө. Түүнээс энэ их түүх, соёл, уламжлал, урлагийн түүхийн үнэт өвийг шингээсэн барилгыг нураах талаар яриа дэлгэвэл бид зөвшөөрөхгүй. Бидэнд албан ёсоор мэдэгдсэн юм байхгүй.

-Ер нь түүхийн үнэт өв, уламжлалыг шингээсэн барилга байгууламжийг нураана гэдэг талаар таны бодол?

-Энэ театрт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн хоёр том урлагийн байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Зөвхөн энэ улаан театрт гэхэд дуу бүжиг, драмын олон сонгодог уран бүтээл, туурвилууд тавигдаж, олон урлагийн гавьяат зүтгэлтэн, залуу үеийг энд хүмүүжүүлдэг газар. Дээрээс нь  Монгол Улсын урлагийн түүхийн гэрч бүтээлүүд, түүхийг энэ улаан байшингаас харж болно. Миний бодлоор хуучны түүх, дурсгал шингээсэн барилгыг нураах талаар огт ярьж болохгүй. Харин ч сэргээн засварлах нь чухал. Манай хоёр байгууллага гэхэд нэг тайзан дээр ээлжлэн бүтээлээ туурвидаг. Энэ хоёр том урлагийн байгууллагыг салгаж тус тусад нь сайхан барилга бариад өгвөл бид үгүй гэхгүй.

-Драмын театрыг нураахгүй юм байна. Улаан байшингаар сонин юутай байна. Сүүлийн уран бүтээлүүд гэвэл?

-Бид удахгүй 80 жилийн түүхт ойгоо тэмдэглэх гэж байгаа. Ойн хүрээнд өмнө тоглогдож байсан шилдэг бүтээлүүд болох “Хайрын виз”,” Гол дүрийн амрагууд”, “Эхнэрээ зээлээч” зэрэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ хүргэж байгаа. Хайрын 80 намрыг сүүлийн үеийн сонгодог бүтээлүүдээрээ үзэгч олондоо бэлэг барьж байна. Өөр олон ажил хийгдэж байна. бас театр маань гадаад үзэмжиндээ анхаарч засвар хийж байгаа. Ирэх аравдугаар сард дуусах байх.

Дуурь бүжгийн эрдмийн театрыг нураах барилгуудын тоонд оруулсан байснаа больсон гэнэ. Харин сэргээн засварлах, засварын ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа аж. Ямартай ч Дуурь, Драмын театр анх нураах барилгын тоонд орж байсан ч олны хэл амнаас нуусан уу, эсвэл нууцаар нураах төлөвлөгөөнд багтсан уу нураах барилгын тооноос гаргажээ. Харин Занабазарын музейн захирал У.Сарантуяа хэлэхдээ “Манай музей олон түүхий соёлын өвтэй. Байшин барилгын хувьд муудаж, үүнээсээ болж ямар нэг асуудал үүссэн юм байхгүй. Харин зай талбайн хувьд бага нийт үзмэрийн 10 гаруй хувь л олон нийтэд дэлгэгдсэн байгаа. Энэ хуучны барилгыг нураана гэдэг байж болшгүй зүйл. Бид ч энэ талаар өөрсдийн боломжийг ашиглан сэргээх, шинэчлэх төслийг БСШУЯ-нд хүргүүлсэн байгаа. Энэ их өв соёлыг нураахгүй байх гэдэгт найдаж байна” гэлээ. Ямартай ч БСШУЯ болон Дуурь, Драмын театр , музейнүүд зэрэг байгууллагуудын дарга нар үгүйсгэж байгаа тул энэ асуудлыг харж л суухаас өөр арга алга.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж