Инноваци, газрын харилцааны салбарт тусгалаа олно

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

Инноваци, газрын харилцааны салбарт тусгалаа олно

Монгол инновацийн технологийг ашиглаж чадах уу? Дэлхийн ихэнх улсуудад энэ асуултын хариу олдсон ч манай улсад асуулт хэвээр л байгаа. Тэгвэл энэ асуултын хариу бага ч болов тайлагдлаа. Учир нь энэхүү технологийг ашиглах боломж бий гэнэ. Гэхдээ бүр газрын гадаргын судалгаанд шүү.  Өчигдөр Чингис хаан зочид буудалд болсон “Байгалийн нөөцүүдийг үр дүнтэй гео орон зайн менежментийн шинэлэг технологиуд”  сэдэвт олон улсын бага хурлаар энэхүү технологийг газрын бодлогын салбарт ашиглаж болох талаар олон улсын мэргэжилтнүүд чуулж, мэдээлэл солилцлоо. Америкийн нэгдсэн улс, Оросын хол­бооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс тэргүүтэй арван улсын төлөөлөл инновацийн технологийг Монголд хэрэгжүүлэх талаар зөвлөмж бүхий илтгэлүүдийг гурав хоногийн турш хэлэлцүүлэхээр болж, өчигдөр олон улсын бага хурлын эхний өдөр  тохиосон юм.

“Газрын гадаргыг судлах ажил­лагаанд инновацийн техно­логийг ашиглах нь”, “Технологийн дэвшлийг зураг зүйд хэрэглэж болно”,”Хэт авианы төхөөрөмжүүдийг Монголд ашиглах нь”. Энэ бүгд өчигдөр эхэлсэн олон улсын бага хурлын илтгэлийн сэдвүүд. Газрын харилцаа геодези, зураг зүйд гадны орнууд инновацийн технологийг хэрхэн ашиг­ладаг тухай илтгэлүүдийг гадны мэргэжилтэн, судлаачид, манай улсад энэ байдал ямар байгаа талаарх илтгэлүүдийг монгол эрдэмтэд хэлэлцүүлж хурал үргэлжилж байлаа. Угтаа гадны эрдэмтэд туршлагаа хуваалцан, монголын шинжээчид байдлаа танилцуулах маягаар хурал үргэлжилж байсан юм. “Танай орон эдийн засгийн шинэ өөрчлөлтийн үед ирлээ. Энэ үед газрын бод­лого, харилцаанд шинэ техник, технологийг ашиглах, сүүлийн үеийн багаж хэрэгслүүдийг цаг, алдалгүй ашиглах, шинжлэх ухааны хөгжлийг газрын бодлого төлөвлөлттэй уялдуулах шаардлага нэн тэргүүнд ажиглагдаж байна. Ингэж дэвшилтэт техник, технологийг ашигласнаар газар доорхи баялгийг нийгэм, олон нийтэд зөв хуваарилан эдийн засгийн засгийн дэвшилтэд хүрч болох юм” гэж Олон улсын шинжээчдийн холбооны ерөнхийлөгч Ши Хай Тео, манай оронд болж буй олон улсын бага хурлын төлөөлөгчдөд хандаж ирүүлсэн мэндчилгээндээ дурьдсан юм.

Хурлын хэлэлцэх асуудалд орсон инновацийн технологи монголчууд бидний ойлголтоос нэг их хол зөрөхгүй. Техник, технологийн дэвш­лийг амьдралд хэрэглэж боло­хоор ашиглаж, эдийн засгийн эргэл­тэд оруулах гэсэн санаа л үүнд нуугдаж байгаа ажээ. Газрын харилцаа, бодлого шинжилгээний тал дээр манай орон сүүлийн хэ­дэн жилийн турш хоцрогдсон технологийг ашиглажээ. Үүнийг олон улсын бага хуралд оролцож бай­гаа шинжээчид ч баталж байна. Харин ирэх жилүүдэд газрын харилцаа, бодлого төлөвлөлтийн технологийг шинэчилснээр газрын доорхи эрдэс баялаг ихтэй манайх шиг орны хувьд энэ нь баялаг илрүүлэх, нөхөн сэргээх зэрэг нарийн үйлдлүүд илүү хялбархан болж ч болох. “Инновацийн технологийг газрын харилцаанд нэвтрүүлэх нь зөвхөн уул уурхайд төдийгүй байгаль орчин, экологи, хүрээлэн буй орчин цаашлаад бүх л зүйлст эерэгээр нөлөөлнө. Гадны орнуудад байнга шахуу ашигладаг техник, технологийн дэвшлийг монгол оронд хэрхэн ашиглах вэ, хамгийн гол нь амьдралд хэр зэрэг ойр ашиглаж, эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрэх нь энэ удаагийн хурлын гол зорилго. Өнөөдөр дэлхийн газрын гадаргыг нарийн технологиор тухайлбал, сансрын системээр, хэт авианы дуран, хэт авианы үелзэл зэрэг өндөр технологиор судалдаг болж. Харин энэ удаагийнхурлаар монголд энэ технологиудыг нэвтрүүлж, мэргэжилтэн бэлтгэх талаар шийдэлд хүрэх юм” гэж Монголын геодези, зураг зүйн холбооны ерөнхийлөгч Б.Энхтүвшин ярьж байсан юм.

Монголд болж буй энэ удаагийн хурал нь Олон улсын газрын шинжээчдийн холбооны тав болон зургадугаар салбар хороод орол­цож байгаагаараа онцлог. Олон улсын газрын шинжээчдийн холбоо­ны тавдугаар салбар хороонд байр­лал тогтоох болон шинжээчид, зургадуагаар салбар хороонд инже­не­рүүд багтдаг байна. Тиймээс Олон улсын газрын шинжээчдийн холбооны өндөр зэрэглэлийн хурал­даанд Монголд болж буй энэ хурал тооцогддог юм. Өмнө нь энэ хурал хоёр удаа зохион байгуулагдаж хол­бог­дох асуудлаа хэлэлцэж байсан ажээ.

Ийнхүү бид хэдэн жилийн өмнөөс инновацийн тухай ярьдаг байсан бол энэ удаад хэрхэн ашиг­лаж, шинжээчдийг хэрхэн бэлтгэх вэ гэдгийг ярилцаж эхэлсэн нь сайшаал­тай. Зөвхөн ганцхан салбар буюу газрын харилцаанд ашиглах тухай ярьж байгаа ч цаашид шинжлэх ухаан болоод бүхий л салбарт хэрэгжиж эхлэхийн цондон ч байж болох. Хамгийн гол нь эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярилцаж буй нь сайшаалтай хэрэг буй за.

“Байгалийн нөөцүүдийг үр дүн­тэй гео орон зайн менежментийн шинэ­лэг технологиуд”  сэдэвт олон улсын бага хурал энэ сарын 7-нд дуусна.

 Б.БОЛОРСҮХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж