“Булава” угтан сөнөөгчгүй болов

Хуучирсан мэдээ: 2011.09.06-нд нийтлэгдсэн

“Булава” угтан сөнөөгчгүй болов

Пуужингийн довтолгооны эсрэг Америкийн шинэ пуужингийн туршилт амжилтгүй болжээ. Standard Missile (SM)-3 Block IB пуужин нь ирээдүйд тив алгасан нисэх пуужинг угтан сөнөөх мөн Европын пуужингийн довтолгооны системийн (ПДХС) гол элементийн нэг болох ёстой байв. Шинжээчид туршилт амжилтгүй болсноор ПДХС-ийн хэрэгжилтэд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болно гэж үзэв.

Пуужинг угтан сөнөөх Аме­рикийн Standard Missile (SM)-3 Block IB пуужингийн туршилт амжилтгүй болжээ. Москвагийн уурыг ихээхэн хүргэж байгаа Европын ПДХС-ийг бүтээх ажиллагааны хүрээнд хийгджээ. SM-3 Block IB бага зайн тусгалын баллистик пуужинг Номхон далай дээр барин устгаж чадсангүй. “Байг угтан барьж чадсангүй” гэж америкчууд албан ёсны мэдээндээ өгүүлжээ.

Энэ нь SM-3 Block IB пуужингийн сайжруулсан загварын анхны туршилт байв. Пентагоны албан тушаалтнууд бүтэлгүйтлийн бүх шалтгааны тогтооно гэж амлав. Агентлагийн төлөөлөгч Рик Ленер энэ бүтэлгүй туршилт нь ПДХС-ийн төслийн хөгжлийг зогсоохгүй гэж мэдэгдлээ. Standard Missile пуужинг бүтээж байгаа  “Raytheon” компанийн төлөөлөгчид тайлбар хийхээс татгалзжээ.

SM-3 ангиллын угтан устгах пуужинг 2002 оноос эхлэн туршиж байгаа бөгөөд нийт 27 хөөргөлтийн 22 нь амжилттай болжээ. Энэ ангиллын пуужингууд далайн байрлалын ПДХС-ийн үндэс нь болохоор төлөвлөгдөөд байгаа. Мөн эдгээр пуужингуудыг хуурай замын шуурхай хувилбараар ашиглах юм. Барак Обамагийн засаг захиргаа SM-3 пуужинг 2015 онд Румынд, 2018 онд Польшид байрлуулна гэж  мэдэгдсэн байна.

ПДХС-ийн шинэ системийг байгуулах хүрээнд 300 ширхэг SM-3 Block IB пуужинг худалдан авахаар Пентагон төлөвлөөд байна. Нэг пуужингийн нэг бүрийн үнэ нь 12-15 сая ам.доллар байх  болно гэж Ленер мэдээлэв. SM-3 Block IB пуужин 2013 онд “байлдааны бэлэн байдалд” оруулан 2015 оноос байрлалдаа жижүүрлэх бололтой. SM-3 пуужингийн Block IIA ба Block IIB хувилбаруудыг хөгжүүлэх төлөвлөгөө Пентагонд бий. Угтан устгах энэ пуужингийн эхний сайжруулсан хувилбарыг Европт 2018 онд, дараагийн хувилбарыг нь 2020 онд байрлуулсан байх ёстой гэж Ленер тэмдэглэв.

SM-3 угтан устгах пуужин болон хөлөг онгоцны Aegis систем багтаж байгаа ПДХ шуурхай системийг Европт байрлуулах шийдвэрийг 2009 онд гаргасан юм. Энэ төсөлд бараг хоёр тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд 2011 онд мөн ийм хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Энэ пуужинг нэлээд хугацаанд ПДХС-ийн агентлагийн хамгийн амжилттай зохиомж гэж үзэж байлаа. Одоо байлдааны жижүүрт SM-3 Block IA пуужинг оруулсан байгаа юм.

SM-3 пуужингийн амжилтгүй туршилт нь их үр дагавартай байж болох юм хэмээн Оросын нийгэм улс төрийн судалгааны төвийн цэргийн шинжээч Владимир Евсеев үзэж байна. “Хэрэв америкчууд SM-3-ийн сайжруулалтын асуудлаа шийдэж чадахгүй бол тив алгасан нисэх баллистик пуужингийн цэнэгийг угтан устгах төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрнэ. Наад зах нь тив алгасан нисэх пуужингийн цэнэгийг барих ПДХС байгуулах хугацаагаа эргэн харахад хүрнэ. Хэрэв Иран тив алгасан нисэх стратегийн пуужинг 2020 гэхэд бүтээсэн байх юм бол америкчууд хамгаалалтын системээ байрлуулах хугацаагаа эргэн харж GBI пуужинг ашиглахад хүрч магадгүй. Тэр асар их зардалд хүргэнэ. Пентагон хуурай газар байрлуулах системийг шуурхай системээр солин SM-3 пуужин байрлуулах крейсер онгоцнуудыг бүтээсэн юм. Одоо тийм пуужин Америкийн баруун эргийн хамгаалалтын зэвсэглэлд байгаа. Пентагон тухайн цагтаа пуужингаас Aegis системийг илүүд үзэн татгалзсан билээ” гэж шинжээч ярьж байна.

Америкийн шинжээчдын ихэнх нь SM-3 пуужинтай систем байгуулах нь ирээдүйгүй, их зардалтай гэж байгаа учраас шинэ туршилтын бүтэлгүйтэл тэдний зүгээс шүүмжлэл гаргаж магадгүй юм. Ойрын жилүүдэд Америкийн цэргийн зардлыг 400 тэрбумаар бууруулах гэж байгаа учраас ПДХС зэрэг үнэ зардал ихтэй төслүүдийг зогсоож магадгүй юм.

SM-3 пуужингийн туршилт амжилтгүй болсон нь Оросын зүгээс Европын ПДХС-ийг хамтран бүтээе гэсэн саналыг дахин гаргах шалтгаан болж магадгүй. Гэхдээ үүнийг америкчууд хүлээн авах аргагүй. Учир нь Орост санал болгох зэвсэг байхгүй. Басхүү америкчуудын  бүтэлгүй туршилтад баярлах ч зүйл алга. Учир нь энэ талаар оросууд америкчуудаас  хол хоцроод байгаа юм. Гэхдээ америкчууд нэг туршилтаас болоод энэ системээсээ татгалзахгүй нь лавтай. Тэдний системээс америкчуудаас гадна дэлхийн түншүүд нь ихээхэн хамааралтай билээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж