Ерөнхийлөгч Сүхбаатар аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Сүхбаатар аймагт ажиллав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баруун-Урт сумын төвлөрсөн худалдааны зах, зорчигч тээврийн буудал, шинэ тавигдсан зам зэргийг үзэж танилцлаа. Орон нутгийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12 мянган метр хавтгай дөрвөлжин талбай бүхий худалдааны төв, зорчиг тээврийн буудлын барилга байгууламж, гаднах зам талбайг барьж ашиглалтад оруулжээ. Энэ байгууламж ашиглалтад орсноор 100 ажлын байр шинээр бий болж, иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан ая тухтай орчинд үйлчүүлэх боломж бүрдсэн байна.
Аймгийн төвд шинэ зам нэмэгдэж, хүүхдийн тоглоомын талбайтай болж, барилга байшингуудын гадна талбайд машины зогсоол хийгдэж, аймгийн төвийн төвлөрсөн хог хаягдлын цэгийг цэвэрлэж тохижуулжээ. Машины зогсоол, явган хүний замын хавтанг орон нутагтаа үйлдвэрлэдэг байна.
Бага дунд орлоготой иргэдэд зориулж 150 айлын орон сууцны төсөл боловсруулж эхний ээлжинд 75 айлыг орон сууцтай болгожээ. Тус бүр нь 15 айлын 5 орон сууц нь төвлөрсөн халаалт, цэвэр бохир, хэрэглээний халуун усны шугамд холбогдсон бөгөөд цаашид “Залуусын хороолол” болон өргөжих аж. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр халдварт сүрьегийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулсан, уртын голын цэцэрлэгт хүрээлэнтэй болсон гэхчилэн Сүхбаатар аймагт чамгүй их бүтээн байгуулалт хийж байна.
“Зам, цэцэрлэгт хүрээлэн, барилгын ажлыг орон нутгийн компаниуд гүйцэтгэдэг болохыг онцлон дурдмаар байна. Бид барилгын зарим материалыг өөрсдөө хийдэг. Ирэх жил дулааны цахилгаан станцын суурь тавьж, 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга гурван суманд барьж, мөн аймгийн төвд 700 суудалтай спорт цогцолбор ашиглалтад оруулна. Орлого сайтай иргэдэд зориулж хаус хороолол барих гэж байна. Иргэдийн орлого нэмэгдэж байгааг харуулах ганцхан тоо хэлэхэд аймгийн хэмжээнд иргэдийн хадгаламжийн орлого 5 тэрбум, харилцах орлого 7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна” гэж аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ярив.
Ийнхүү Сүхбаатар аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөж, хот нь өнгө зүсээ засч, иргэд нь ажилтай, орлоготой амьдарч байна. Орон нутгийн удирдлага санаачилгатай байж, иргэд олон нийттэйгээ хэлэлцэж шийдвэрээ гаргаж ажиллавал хөгжихийн жишээг Сүхбаатар аймгаас харж болохоор байна.

Эх сурвалж: Presiden.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж