
Хятадын зэвсэг үйлдвэрлэгчид Ливийн хурандаа Муаммар Каддафийн цэргүүдэд 200 сая ам.долларын зэвсэг өнгөрсөн долдугаар сард нийлүүлсэн талаар “Globe and Mail”, “the New York Times” мэдээлсэн байна. Хятадын зэвсэг үйлдвэрлэгч компаниуд Каддафийн цэргүүдэд пуужин харвагч, танк эсэргүүцэгч пуужин зэрэг худалдаалахыг хориглосон зэвсrүүд нийлүүлсэн талаар дээрх сонинууд мэдээлжээ. Ливийн босогчдын нэгэн төлөөлөгч “Зэвсэг нийлүүлэх тухай Каддафийн Хятадтай байгуулсан гэрээ зэрэг нотлох баримт олдсон” талаар “the Times”-д мэдээлсэн байна. Бруссель дэх НАТО-гийн төлөөлөгч дээрх мэдээлэл үнэн байх магадлалтай гэж үзсэн бол Ливид хориг тавьсан НҮБ- шинжээчид "Ливи Хятадтай зэвсгийн наймаа хийсэн талаар ямар ч мэдээлэл сонсоогүй” гэжээ. Хятад НҮБ-ын хоригийг үг дуугүй дагах болно гэж мэдэгддэг авч Хятадын гадаад хэргийн яам дээрх мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Ливийн аюулгүй байдлын албаныхан өнгөрсөн долдугаар сард Хятадад айлчлахдаа зэвсэг үйлдвэрлэгч “Norinco”, “China Xinxing Import and Export Corporation” зэрэг компанитай зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан талаар Ливийн босогчдын төлөөлөгч мэдээлсэн ажээ. Дээрх компаниуд Алжир, Өмнөд Африктай мөн зэвсгийн наймаа хийж байсан талаар " Globe and Mail” мэдээлсэн байна. Каддафийн цэргүүдэд зэвсэг нийлүүлсэн гэх “Norinco” өмнө нь Иранд цөмийн пуужингийн эд анги нийлүүлж байжээ.
Н.Энх