Нийслэлийн удирдах ажилтнууд хуралдав

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдах ажилтнууд хуралдав

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр болж дараахь асуудлыг хэлэлцэв.  Юун түрүүнд өнгөрсөн шуурхай хурал дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дуулгалаа.  Нийт  8 төрлийн үүргийг Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаяр холбогдох албаныханд өгч, биелэлт  сайн яваа талаар хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийнхэн мэдээллээ.  Энэ удаагийн ээлжит шуурхай дээр Хотын ерөнхий менежер Ч. Бат өвөлжилтийн бэлтгэл ажил хийгээд намрын тохижилтыг онцлон мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьд хүрээд байна.
10 хоногийн дараа төвлөрсөн дулаан хангамжийг түгээж, 10 дугаар сарын 1 нээс нам даралтын уурын зуухнууд ажиллаж эхлэнэ гэв. Дүүрэгт бүрт өвөлжилтийн бэлтгэл ажил харилцан адилгүй байгаа аж.  Багахангайчууд ирэх өвлийн бэлтгэлээ 100 хувь хангасан бол Багануурынхан 77 хувьтай яваа тухай дуулгалаа.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр ирэх өвөл хатуу өвөл болохоор байна. Цас их унаж,  хүйтрэх төлөвтэй тул бүх байгууллагууд өвлийн бэлтгэлдээ анхаарахыг онцгойлон сануулав. Тэрбээр энэ үеэрээ намрын тохижилтын ажлын талаар  танилцуулсан юм. Энэ жил нийслэл хотод тохижилтын ажилд 25  тэрбум төгрөг зарцуулж буй нь өнгөрсөн онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт. Энэ бүхний үр дүнд  одоогийн байдлаар 114 мянган мкв явган хүний зам тавьж, хүүхэд залууст зориулсан амралт чөлөөт цагийн 15 талбай,  78 мянган мод бут сөөг тарьсан бол намрын тохижилтоор  20,8 мянган мкв явган зам, 36 мянган мод бут сөөг зэргийг нэмж тарих тухайгаагаа мэдээллээ. Өнгөрсөн 7,8 дугаар саруудад дүүрэг бүрт  шарилж, луулинаас салах ажил өрнөсөн ч хогийн ургамал бүрмөсөн цэвэрлэгдээгүй байна. Иймд намрын тохижилтоор зэрлэг ургамлаасаа салахыг дүүргийн удирдлагуудад анхаарууллаа. 
Хотын ерөнхий менежерийг энэхүү мэдээллийг өгсний дараа НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж. Болдбаатар Монгол цэргийн өдрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ жил БХЯ үүсч байгуулагдсны 90 жилийн ой болж байна. Энэ сарын 9 нд зохион байгуулах энэ баярт нийслэлийн зүгээс тодорхой ажлууд хийх юм байна. Тухайлбал дүүрэг бүрт монгол ёс заншил, хувцас, зан үйлээ сурталчилсан өдөрлөг болохын зэрэгцээ Хүй 7 худагт  их нас, дааганы уралдаан болж, бөх барилдах нь ээ.  Энэ арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож зохион байгуулалт хийх ёстойг дуулгав. 
Эдгээр мэдээллийн дараа Нийслэлийн Агаарын чанарын алба,  Нийслэлийн нийтийн тээврийн газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Замын цагдаагийн удирдлагууд салбарт бүртээ хийгдэж буй ажлуудынхаа талаар нэмэлт мэдээ өглөө.  Энэ жил хөдөлмөр эрхлэлт,  хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан.  Өнгөрсөн хугацаанд 38 мянган түр болон байнгын ажлын байр бий болгосон байна.
Жил бүр нэмэгдэж буй замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгааныг Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа н. Жаргалсайхан дуулгалаа. Өдөрт УБ гэсэн дугаарыг 250-300 машин шинээр авдаг бөгөөд энэ жил 38 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод нэмэгджээ.  Автомашины энэхүү их чигжээ нийслэл хотод зам түгжрэх гол нөхцөл болжээ. 
Агаарын чанарын албаны дарга Л. Мөнхцогийн өгсөн мэдээллээр ирэх өвөл түлэх түлшнийхээ 46 хувийг нөөцлөөд байгаа гэнэ. Тэрчлэн утаа бага ялгаруулдаг зуух тараах ажил ид явагдаж байна гэв. Хотын эргэн тойронд 6 агуулахад хагас кокс болон шахмал түлшээ базаасан гэж танилцуулав.  Нийслэлийн удирдах ажилтнууд дээрхи мэдээллийг хийсний дараа Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг уламжлал ёсоор ирэх 14 хоногт хийгдэх ажлуудын талаар үүрэг чиглэл өгснөөр ээлжит хурал өндөрлөв.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж