
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ жил “Уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанарын асуудал” чуулганаа Мексикийн Канкун хотод хийжээ. Энэ чуулганаас Дэлхийн хамгийн бохир агаартай арван хотыг шалгаруулсан байна. Энэ шалгаруулалт бол үнэхээр том арга хэмжээ юм. Бодъё л доо. Дэлхийн улс орон, тэдгээрээс НҮБ-д бүртгэлтэй хотуудыг тоолбол том тоо гардаг. Энэ олон мянган хот дундаас арван хот л агаарын бохирдлоороо манлайлна гэхээр нэлээд том хэмжээний арга хэмжээ гээд хэлчихэд буруудахгүй байх. Агаарын бохирдлоор өмнөд хөршийн нийслэл Бээжин хот манлайлсан байна. Мөн БНХАУ-ын Чонгкинг, Гүанжу, Хонгконг хотууд нь жагсаалтын долоо, найм, есдүгээр байруудад тус тус багтсан байна лээ. Харин манай улсын хувьд уг жагсаалтын тавдугаар байрт шалгарсан байна. “Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоороо тавдугаар байрт орлоо” гэсэн мэдээлэл манайхныг уурлуулаад байх шиг байна лээ. Юундаа ч тэгэж уурлаад байдаг юм бэ дээ, монголчууд аа. Бид угаасаа агаарын бохирдолгүй хотууд дотор жагсаж чадахгүйгээс хойш байгаа байдалтайгаа эвлэрэхээс яахав. Харин ч энэ байр сууриа хадгалж цаашид амжилтаа улам урагшлуулах хэрэгтэй. Манайханд ажлын байр байгаад ч хийдэггүй. Төр засгаараа халамжлуулаад сурчихсан юм чинь хэзээ амьдрал дээшилж, гэр хорооллын утаатай гудамжнаас салгахыг хүлээж байя. Утаатайгаа байвал бидэнд ч ашигтай. Энд, тэндээс утаа сааруулах төсөл хөтөлбөр их орж ирнэ. Тэр болгон нь барилга орон сууцанд бус гэрийн дээвэр туурга болоод дуусна. Гэр хорооллын айлууд гэрийнхээ дээвэр туурга, зуух янданг бусдын мөнгөөр авахуулаад байна гэдэг чинь мөнгөнд хэмнэлттэй юм. Утаатай байх нь бидэнд том боломжийг бүрдүүлж байгаа энэ нөхцөлд утааг бууруулах бус ихэсгэх ажил хийх хэрэгтэй. Ирэх жил нэгдүгээр байранд орж Бээжин хотыг ардаа орхихын төлөө зүтгэе.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин
