
Оросын уламжлалт “Масленица” баяр маргааш 12.00 цагт Оросын Шинжлэх ухаан, соёлын төв буюу бидний хэлж заншсанаар ДСНК-д болох гэж байна. Оросууд өвөл дуусан хавар цагтайгаа золгож буйн бэлэгдэл болгон долоо хоногийн турш өөр хоорондоо айлчлан өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг энэхүү баяр нь энэ жил хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 6-ны өдөр тохиож байгаа аж. Маргааш зохиогдох “Масленица” баярын хөтөлбөрт ардын цэнгэл наадам, морь унах, тоглоом зугаа, тэмцээнүүд болохоос гадна шүүрмэг бин, орос хоол, самоварт чанасан цайгаар үйлчлэх юм байна. Дашрамд сонирхуулахад Оросууд эл баярын өдрүүдэд мах хэрэглэхгүй загас болон сүүн төрлийн бүтээгдэхүүн, цагаан хоолоор бие биенээ дайлан баярлацгаадаг гэнэ. Энэхүү баярыг гурав дахь жилдээ ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.
Г.Даша