Шүүн таслахыг шуурхай болгоё

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Шүүн таслахыг шуурхай болгоё

Хуульч О.Алтангэрэлийн "Шүүхийн шинэтгэл" булан үргэлжиж байна.

Өдөр тумын сонин хэвлэлүүдээр байнга бичигддэг сэдвүүдийн нэг нь гэмт хэргийн тухай мэдээлэл байдаг. Олон хохирогчтой хүн амины хэрэг, бага насны хүүхдийг хүчиндсэн бузар этгээд, албан тушаалаа ашиглаж хэрэгт холбогдсон дарга нарын тухай гээд л хөвөрнө. Гэмт хэргийн тухай ярих болгонд түүнийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн эсэх, илрүүлсэн бол цагдан хоригдож буй эсэх талаар ярьдаг.

Батлан даалтад гарсан Б.Эрдэн­билэг гэгч нэгэн гэр бүлийнхнийг хүйс тэмтэрсэн гэх асуудал сүүлийн үед ихээр яригдаж байна. Үүнтэй холбогдуулан батлан даалтад гаргасан хуулийнхны хариуцлагагүй байдлын талаар сэтгүүлчид хөндөж эхэлээ. Батлан даалттай холбоотой асуудлыг “Анод” банкны Н.Даваа, сэтгүүлч До.Чулуунбаатар нарын хэрэгтэй холбоотойгоор сүүлийн үед байнга ярьж, бичиж байгаа.

Гэхдээ асуудлын гол нь хэн нэгнийг батлан даалтад гаргах нь зөв эсэхэд байгаа юм биш. Ер нь гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг боловсронгуй, шуурхай болгох бодит шаардлага аль хэдийнэ бий болсон, манай Эрүүгийн хууль тогтоомжид томоохон шинэчлэлт хэрэгтэй байгаад л оршиж байгаа юм.

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй, оргон зайлах магадлалтай үед цагдан хорих арга хэмжээг авахаар хуульчилсан. Гэтэл амьдрал дээр энэ үндэслэлүүд байгаа эсэхийг бодитойгоор шалгал­гүйгээр шууд л хорих явдал түгээ­мэл гардаг. Яаж шалгах вэ, ямар тохиолдолд хорьж шалгах вэ гэдэг нь илүү нарийвчлагдаагүй болохоор энэ нь ч бас аргагүй юм.

Гэхдээ энэ тодорхойгүй байдлыг далимдуулан зоргоор загнах, хүний эрх чөлөөг бүдүүлгээр зөрчих явдлууд гарсаар л байгаа. Тухайлбал бусдаас мөнгө авч чадахгүй байгаа, эд хөрөнгийн холбогдолтой мар­гаан үүсгэсэн хүмүүс нэгнийгээ хориулах, үүнийхээ үндсэн дээр мөнгөө олж авах зорилго агуулан хуулийнхныг ашиглах, зорилгоо биелүүлэх явдал гардаг. Энэ нь улс төрийн зорилго агуулсан үед бүр ч муухайгаар хэрэгжинэ.

Хорьж шалгах нь дахин гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтнийг оргон зугтахгүй байлгах зорилготой арга хэмжээ болохоос биш хэн нэгний өс хонзонгийн хэрэгсэл, яасан ч яахав гэсэн хайхрамжгүй хандлагын илэрхийлэл биш.

Энэ удаад Б.Эрдэнэбилэг гэг­чийн үйлдсэн гэмт хэрэг хэдийгээр жигшмээр, олон сургамж авууштай үйл явдал мөн боловч үүнтэй холбогдуулан хуулийнхныг “Батлан даалтад гаргасан” гэх үндэслэлээр буруутгах нь сөрөг үр дагавартай. Цаашид аливаа хүнийг батлан даалтад гаргахдаа хэт их болгоомжлох, хорьж л байвал хал багатай гэж үзэн олон хүнийг Ганц худагт хэдэн сар, жилээр хорьж тарчлаах мэтийн сөрөг үр дагаврууд үүснэ.

Харин гол шүүмжлэлтэй хандах зүйл нь дээрх этгээдийг хорьж шалгах хуулийн хугацаа дууссан шалтгаанаар батлан даалтад гаргасан явдал юм. Хорьж мөрдөх хугацаа дуустал түүнд эрүүгийн хариуцлага оногдуулаагүй, хэргийн мөрдөн байцаалт болон шүүн таслах ажиллагаа сунжирсанд хуулийг, бас хуульчдийг шүүмжлэх шаардлагатай.

Ийм зүйл зөвхөн дээрх этгээ­дийн хувьд ч биш нийтлэг байд­лаар ажиглагддаг. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Ганц худаг руу ачаад явуулах нь маш шуурхай. Тэгсэн мөртлөө очиж байцаалт авахгүй, зохих ажиллагааг нь хийлгүйгээр хэдэн сар болох энүүхэнд. “Яагаад сунжраад байна вэ” гэж асуухад “Хэргийн хугацаа болоогүй байна”, “Ажлын ачаалал их байна” гэж ам таглана. Өөрийг нь ажлын газрынхантайгаа баасан гариг тэмдэглээд “улаан зээрд” явж байхад хорьсон хүн нь нааран дээрээ хэзээ ирэхийг нь харуулдан хүлээж, хохирсон нь гомдлоо барагдуулахаар хоног тоолон суугааг анзаардаггүй мөрдөн байцаагч олон бий.

Хэргийг хурдан шуурхай шийд­вэрлэх нь үнэн зөв шийдвэрлэхтэйгээ адил маш чухал зүйл юм. Завханы гэгдэх Эрдэнэ-Очирын хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж олон хүн Улсын Дээд Шүүхийг сайшаадаг. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргах гэж мань эрийг зургаан жил долоон сар хорьсон юм шүү дээ. Хэрэгт авагдсан гол нотлох баримтууд нь бол эхний жилд л бүгд цугларсан байсан гэдэг.

Сүүлийн үед гарсан, олны анхаа­ралд өртсөн бүхий л гэмт хэргийн байд­лаас үзвэл гэмт хэргийг шуур­хай мөрдөн шалгах, шударгаар шүүн таслах явдал өнөөдөр хуу­лийн байгууллагуудын хувьд юу юунаас ч илүү шаардлагатай байна. Хэрлэн­­чимэгийн, Мөнх-Оргилын, Эрдэнэбилэгийн гээд онц ноцтой хэргүүдийг ард түмэн олонтаа ярьж, шүүмжилж байна. Гэтэл тэдэнд хоногштол энэ хэргүүдийг шийдвэрлээгүй буруу нь гагцхүү бидэнд л оногдоно, хуульчид аа. Буруутайг нь гэсгээж, буруугүйг нь цагаатгах гагцхүү бурханд л баймаар эрх мэдлийг Монгол төрийн хууль та бидэнд л өгсөн шүү дээ.

О.Алтангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж