Иргэдээ баярлуулсан шийдвэрүүд

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Иргэдээ баярлуулсан шийдвэрүүд

“Хүний хөгжил сан”-гаас иргэдэд олгох нэг сая төгрөгийг орон сууцны зээлд ашиглах боломжтой болсныг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн юм. Орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх сонирхолтой иргэд хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргах аж. Харин хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг тодорхой бичих шаардлагатай юм байна. Таны илгээсэн хүсэлт орон нутаг, нийслэлийн засаг захиргааны нийгмийн асуудал хариуцсан төр захиргааны байгууллага, Нийгмийн халамжийн газраар дамжин Орон сууц, санхүүжилтийн корпорацид сар бүр хүргүүлнэ. Тус корпораци хишиг, хувь хүртэх иргэдийн хүсэлт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй эсэхийг хянан, иргэний нэг сая төгрөгийг гэрээ байгуулсан орон сууц барих барилгын компанид шилжүүлэх юм. Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журамд гэрээ байгуулсан болон худалдан авсан хэмээн заасан байсан. Харин үүнд зээл авсан иргэдийг нэмж хамруулахаар тусгажээ. Засгийн газрын зүгээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдийг орон сууцаар хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах зорилгыг агуулж буй юм. Орон сууц худалдаж авсны төлбөрт гэр бүлийн бусад гишүүн хишиг, хувиа оруулах боломжтой. Гэхдээ Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүл гэдэгт багтаж буй хүмүүс л нэг сая төгрөгөө оруулах юм. Гэр бүлийн гишүүн 16 нас хүрээгүй бол түүний хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гаргах аж. Мөн хүсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, тухайн гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргах тухай журамд тусгажээ. Орон сууцны төлбөрөө 100 хувь төлсөн байвал “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг Нийгмийн халамжийн данс руу шилжүүлэх зохицуулалт бий аж. Энэхүү “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн эхний хэсгийг ирэх арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар оруулах юм. Ингэхдээ ямар компанийн барилгыг хөтөлбөрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин үүнд газрын маргаантай, зөвшөөрөлгүй газар орон сууц барьж байгаа болон зөрчилтэй барилгын компаниудыг оруулахгүй. Мөн 30 хувиас дээш баригдсан, хөрөнгө оруулалт хийсэн барилгад урьдчилгаа төлбөрөө төлж захиалга өгсөн иргэдийг хамруулахаар болов.

Засгийн газрын хуралдаанаас гарсан бас нэгэн таатай мэдээлэл бол их, дээд сургуулийн орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-д хамрагдах болсон тухай юм.  Өнгөрсөн жил 170 мянган өдрийн ангийн оюутнууд тус сангаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувиа хүртсэн. Харин энэхүү хишгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд орой, эчнээ ангийнханд өгөх талаар санаачилсан. Үүнийг Засгийн газрын өмнөх хуралдаанаар эсэргүүцэж байсан боловч өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Өгөх нь зүйтэй” гэж үзлээ. Тиймээс их, дээд сургуульд суралцах өдөр, оройн ангийн оюутан, эчнээгээр суралцагчид  “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрөө Төрийн сангаар дамжуулан төлөхөөр боллоо.      
 
“Шинэ төмөр зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Америкийн компани дөрвөн сарын хугацаанд хийжээ. Уг нь өнгөрсөн онд УИХ-аас шинэ төмөр замын ажлыг эхлүүл гэж Засгийн газарт үүрэг өгсөн. Гэвч ажлын явц ингэж удаашраад байгаа нь хөрөнгө мөнгөтэй холбоотой байгаа талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хэлж байсан юм. Мөн техник, эдийн засгийн үндэслэлээр төмөр замын өртөг өндөр гарсан талаар салбарын сайд “Бид нэлээд олон орны төмөр замын жишгийг харсан. Нэг км төмөр зам 2.5-2.8 сая орчим ам.долларт багтана гэсэн урьдчилсан тооцоо гаргасан” тухайгаа дуулгалаа. Шинэ төмөр зам барих хөрс хуулалтын ажлыг 250 км газарт хийсэн байна. Харин энэ төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэх ажээ.   

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж