Талас хар салхи Японд 22 хүний амийг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Талас хар салхи Японд 22 хүний амийг авчээ

Японы баруун эргийг хамарсан Талас далайн хар салхины улмаас 22 хүн амиа алдаж, 51 хүн сураггүй алга болжээ. Талас учруулж болзошгүй хор уршгийн хэмжээгээр долдугаарт бичигддэг. Асар хүчтэй хар салхи Японы баруун эргийг бүхэлд нь хамарснаас үер буусан байна. "Би тариалангийн талбайд 40 жил ажиллахдаа ийм аюултай таарч байгаагүй. Хар салхийг ямар ч аюултай зүйрлэх аргагүй" гэж Цутому Фурукава гэгч Кий арлын тариаланч ярьсан байна. Вакаяама мужийн Начи Кацуура хотын гол үерлэсний улмаас найман хүн амиа алдаж, 13 хүн сураггүй болсноос гадна олон арван байшин лаг шаварт булагдаад байгаа ажээ.
Аврах багийнхан тус мужид машинаар хүрэх боломжгүй болсон тул нисдэг тэргээр эрлийг үргэлжлүүлж байгаа гэнэ. Хар салхи ямар хор хохирол учруулсныг хэлэхэд эрт байна гэж аврах багийн шинжээчид ярьжээ. Кий арлын 16,000 оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан бөгөөд 30,000 иргэн сайн дураар нүүхээр болж байна. Талас хар салхины авчирсан ширүүн аадар бороо сүүлийн гурван хоног үргэлжлэн орсноос тариалангийн бүс бүхэлдээ үерт автсан талаар Японы цаг уурын шинжилгээний агентлаг мэдээлжээ. Японы Засгийн газар сураггүй болсон иргэдийг аврах ажиллагааг үргэлжлүүлэх шуурхай баг илгээх, гамшгийн хохирлыг арилгах шийдвэр гаргажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж