Каддафи хаана байгаа вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Каддафи хаана байгаа вэ?

Ливийн удирдагч, хурандаа Муаммар Каддафи оргон зайлснаас хойш түүнийг олох нь түр засгийн газрын хувьд чухал асуудал болоод байгаа юм. Ливийн түр Засгийн газар оргодол хурандааг олж баривчлахад барууны холбоотнуудын дэмжлэгийг хүссэн нь гарцаагүй. Хурандаа Каддафи Ливиэс дүрвэн гарсан уу эсвэл хаа нэгтээ нуугдаж байгаа юу гэдгийг түр Засгийн газар, АНУ-ын цэргийнхэн ч хэлж чадахгүй байна. Хурандаа гэр бүлийнхээ хамт Ливиэс дүрвэн гарсан эсвэл өөрийг нь бурханчлан шүтдэг хүмүүсийн дэмжлэгтэйгээр хаа нэгтээ аглаг буйд газар бүгэж байж ч магадгүй аж. Хэрэв хурандаа эх орноосоо дүрвээгүй бол бүгэж байх магадлалтай хотуудын тоонд нийслэл Триполи, төрөлх хот Сирте болон цөлийн Бани Валид зэрэг багтаж байгаа юм.

Алжирийн El Watan сонинд хурандаа Каддафиг Алжир-Тунисийн хилтай залгаа цөлийн Гадамис хотоос тус улсын ерөнхийлөгч Абделазиз Бутефликтай утсаар ярьсан гэж мэдээлжээ. Каддафи эхнэр хүүхдээ Алжир руу өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр гаргасны дараа  тус улсаас улс төрийн орогнол хүсчээ. Харин Алжирийн Засгийн газар энэ мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Ливийн дийлэнх хотыг хяналтандаа авсан Ливийн босогчид цөлийн Бани Валид хотыг бүслээд байна. Энэ хот Каддафид үнэнч үлдсэн цөөн хотуудын нэг юм. Түр Засгийн газар болон Каддафийн цэргийнхний хоорондох зөвшилцөл хийх оролдлого талаар болсон гэнэ. Босогчдын нэг ухуулагч хотын иргэдийг барьцаалагдаж, өш хонзонгийн золиос болохгүйн тулд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Бани Валид хотын ойролцоох мөргөлдөөний үеэр Каддафийн хүү Хамис, тагнуулын газрын дарга Абдулла Сенуссийн хүү Мухаммед алагдсан гэж түр Засгийн газраас  мэдээлсэн байна. Бани Валид хот нийслэл Триполи хотоос зүүн өмнө зүгт 150 ки зайд оршдог. Хурандаа Каддафийн цэргийнхний хяналтад байгаа дөрвөн хотын нэг. Түр Засгийн газрын цэргүүд Каддафийн цэргүүдэд цуст мөргөлдөөнөө зогсоохыг шаарджээ. Тус хотод барьцаалагдсан олон хүмүүс байгаа аж. Босогчдын командлагч тус хот дахь Каддафийн талынханд хандан бууж өгсөн хүнд хүн ёсоор хандаж, шударга шүүхээр шүүнэ гэж байгаа гэнэ. Хотын иргэд мөргөлдөөний улмаас зах руу ч явж зүрхлэхгүй байгаа гэж ажиглагчид бичжээ. Каддафийн хөвгүүд, гэр бүлийнхэн нь тус хотод байгаа гэдэг цуу тараад байгаа ажээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Триполи хотын нөхцөл байдалтай танилцсаны эцэст тус улс олон шинэ сорилттой тулгарч байгааг онцолсон юм. Тэрбээр чөлөөт, шударга сонгууль явуулж, шүүх тогтолцоог шинэчлэх нь хүчирхийллийг таслан зогсоох эхний алхам болно гэж ярьсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж