
авах вэ” гэсэн асуултад “100 мянган айлын орон сууцнаас авах байрандаа
зарцуулж болно” гэх хариултыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өглөө.
Төрийн томчуудын хэлдгээр ирээдүйгээсээ зээлэх мөнгөөр энэ боломж гарч
ирлээ. Дээр нь оюутнууд эх орны хишгээ хэзээний зарцуулаад эхэлсэнийг
дурдах хэрэгтэй. Оюутнууд төлбөртөө эх орны хишгээ зарцуулж эхэлсэнээс
хойш их, дээд сургуулиуд хандивын анги гээчээ дахин байлгах шаардлагагүй
болсон. Бүгд л эх орны хишгээ ашиглан дээд боловсрол руу тэмүүлж байна.
Ингэснээр харагдахуйцаар зурайж байсан мэргэжлийн сургалтын төвийн зам
буцаад бүдгэрэв.
Өрийн сүлжээ…
Эх орны хишгээс үүдээд Монголын бүх иргэнийг хамарсан өрийн сүлжээ үүсч
байна. Төрийн томчуудын хэлээд байгаачлан ирээдүйдээ бүгд өртэй болсон.
Тэднээс зээлж авсан мөнгөөр оюутнууд сурч, орон гэргүй нь байртай болох
боломжтой боллоо. Гэхдээ сүүлийн жишээний хүмүүс мэдээж банкинд давхар
өртэй болно. Эх орны хишгийнхээ сая төгрөгийг зөвхөн “100 мянган айлын
орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байранд зарцуулах боломжтой. Мэдээж
хэрэг сая төгрөгөөр байр худалдаж авахгүй. Түүгээр зогсохгүй байрны
урдчилгаа болох нийт дүнгийн 10 хувьтай тэнцэх төлбөртөө нэмэрлэж
болохгүй аж. Хэзээ болох вэ гэвэл урьдчилгаагаа төлсөний дараа банкнаас
авсан зээлийнхээ эргэн төлөлтөнд нэмэрлэж болох аж. Ингэхээр эх орны
хишгээ хүртэхийн тулд орон сууц авч, банкинд өртэй болох шаардлагатай
гэсэн үг. Үгүй бол өөр яриа байхгүй. Тиймээс та эх орны хишгээ хүртэхийн
тулд заавал өр тавих ёстой боллоо. Эцэстээ эх орны хишиг иргэнд бус
банк, барилгын компаниуд руу чиглэлээ. Иргэн гэхээсээ илүүтэй банкны
хөрөнгийн эргэлтийг сайжруулах, барилгын компаниудын захиалагчдыг
нэмэгдүүлэх зорилго болон хувирч үүний нөлөөгөөр иргэд нэг сая төгрөг
авахын төлөө багаар бодоход 50-60 сая төгрөгийн өрөнд унах нь.
Орон сууцны зээл авсан хүмүүс яах вэ?
Иргэн бүрт тараах хишгээс үүдээд иргэдийн цөөнгүй нь зээл авсан. Малчид
банкинд малаа барьцаалсан бол иргэд орон сууц худалдан авсан. Хишиг
хүртэх тухай шинэ журмаар бол одоогийн орон сууцны зээл авсан хүмүүс эх
орны хишгийнхээ сая төгрөгийг авах боломжгүй аж. Харин банкинд малаа
барьцаалсан малчид нэг сая төгрөгөө авах хүртэл хэдэн саяыг хүүнд нь
зарцуулах эсэхийг хэлэх боломж алга. Шинэ журмаар бол тухайн малчин эх
орны хишиг болсон нэг сая төгрөгөө хотод суугаа оюутан хүүхдийнхээ орон
сууц худалдан авахад зарцуулж болох ч үнэндээ өнөөгийн оюутанд зээлээ
төлөөд явах орлогын баталгаа, урьдчилгаа байхгүй. Тиймээс асуултын
хариулт “уучлаарай”.
Хүлээлт…
Эх орны хишгийг хүлээсэн хүлээлтээс үүдээс эдийн засгийн үзүүлэлтүүд ч
таагүй гарч эхэллээ. Шинээр ажлын байр бий болгох ажил зогсонги байдалд
орлоо. Үндэсний үйлдвэрлэл аажмаар сөхөрч эхэллээ. Энэ оны эхний хагас
жилийн байдлаар эх орны хишиг нэрийдлээр 355 тэрбум төгрөгийг бэлнээр
тараасан нь инфляцийг хөөрөгдлөө. Өнгөрсөн оны эцэс гэхэд дан тоонд
хэлбэлзэж байсан инфляци өнгөрсөн долоо хоногийн статистикийн мэдээгээр
13,7 хувь болж өсчээ. Эдийн засагчид ч инфляци цаашид гаарна гэдгийг
сануулж эхэллээ. Тэгвэл нийгмийн чухал үзүүлэлтүүд ч унажээ. Ажлын
байрны хэрэгцээг хангах мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна.
Тиймээс ч гадаадын иргэдэд ажлын байраа алдаж эхэллээ. Дотоодын ажиллах
хүчийг голлон, гадаадаас 2000 ажилчин авах квоттой Оюутолгойд 6000 Хятад
ажилчид ажиллаж байгаа нь үүний том илрэл гэлтэй. Эх орны хишгээс
үүдээд иргэдэд бизнес хийх, зээлийнхээ өрийг барагдуулах гэх мэт хүлээлт
хэзээний үүсч, зарим гэр бүл ажил хийх бус эх орны хишгээр бүхнийг
болгох сонирхолтой болжээ. Энэхүү хүлээлт ирэх оны сонгуулиас өмнө
шийдэгдэх бөгөөд тэр үед 13,7 хувьтай байгаа инфляци хэд болж
нэмэгдэхийг чөтгөр л мэдэх байх.
Бидэнтэй төстэй гадаадын үйлдэл…
Гэтэл дэлхийн өөр нэг өнцөгт Ерөнхий сайд асан Наото Кан “Ард түмний
өмнө би түмэн буруутай. Хорт бодисын хэмжээг багасгаж чадалгүй өдий
хүрсэн нь миний буруу. Би ийнхүү огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж
байна” гээд тахимаа өгөөд тэр өндрөөс өнгөрсөн долоо хоногт буулаа.
Өөрийнхөө суудлыг өгсөн хүндээ хандан “Энэ албан тушаалыг даган асар том
хариуцлага дагадаг юм шүү. Ард түмнийхээ итгэлийг бүү хөсөрдүүлээрэй”
гэж захисан нь олныг гайхшируулав. Улсынхаа төлөө зүтгээд, чадахгүй бол
зайгаа тавьж өгсөн түүх Японд зургаан жилийн дотор тав болохыг дэлхий
үзлээ. Харин Монгол намрын чуулганаас урьдаж Засгийн газрын явуулж буй
бодлого, шийдвэрийг эсэргүүцсэн УИХ-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийллээ.
Засгийн газрыг огцруулах үндэслэлээ Оюутолгойн гэрээний хэрэгжилт,
амлалтууд зэргээр тавьж буй нь шинэлэг эсэргүүцэл биш. Засгийн газар ч
тэр болгонд хариу мэдэгдэл хийлгүй, хийсэн ажлаа тайлагнахгүй хэвээр
байна. Японд байгалийн гамшигт үзэгдлийн буруутан нь өөрийгөө гэж
Засгийн газрын тэргүүн нь үзэж огцорч байхад монголчууд Засгийн газрыг
огцруулах ээлжит үндэслэлээ тавилаа. Гэхдээ Засгийн газар огцрох
найдлага алга. Оюутан, сурагчид хичээлдээ орж ургац хураалт ч эхэллээ.
Зарим иргэд орон сууц амласан бил үү гэж гайхан толгой сэгсэрч байна.
Тиймээс ч элдэв тайлбаргүйгээр амласан мөнгөө бэлнээр нь өгөхийг
хүсэгчид ч олширчээ. Ам метр нь 1000-1200 ам.долларт хэлбэж буй орон
сууцыг худалдан авахад эх орны хишгээ зарцуулж болох шийдвэрийг эрх
баригчид гаргасан ч иргэд дурамчхан хүлээн авлаа. Бусад нь хэрхэх вэ
гэдэг асуулт эрх баригчдаас дараа дараагийн долоо хоногуудад хариултаа
нэхэх болно. Иргэн хишиг, хувь хүртэх хүсэлтээ сум, хорооны нийгмийн
ажилтанд гаргах бөгөөд хүсэлтэд овог нэр, регистрийн дугаар, захиалсан
болон худалдаж авсан орон сууцны төрөл, хэмжээ, байршил, орон сууц
барихаар захиалга авсан, барьсан байгууллагын нэр, дансны дугаар зэргийг
тодорхой бичнэ. Хэрвээ тухайн иргэний орон сууц худалдаж авсны төлбөрт
гэр бүлийн бусад гишүүн хишиг, хувиа оруулах хүсэлтэй бол түүний
хүсэлтэд 16 нас хүрсэн гишүүн бүр гарын үсгээ зурж баталгаажуулах ёстой.
Харин 16 нас хүрээгүй болон Гэр бүлийн тухай хуулийн 63.1.4, 64.1.4,
64.1.5-д заасан хүний хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан
дэмжигч гаргах юм.
Мөн хүсэлтэд орон сууц захиалан бариулах гэрээний нотариатаар
баталгаажуулсан хувь, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, тухайн
гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбарыг
хавсаргах ёстой гэж журамд заажээ. Сум, хорооны нийгмийн ажилтны хүлээн
авсан иргэний хүсэлтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагаар дамжуулан төрийн захиргааны байгууллага авч
иргэний нэрийн жагсаалтыг улсын хэмжээнд нэгтгэн, аймаг, дүүрэг,
захиалга авсан байгууллага тус бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог
гарган Орон сууцны санхүүжилтийн корпорацид сар бүр хүргүүлэх юм.
Корпораци хишиг, хувь хүртэх иргэдийн хүсэлт “100 мянган орон сууц”
хөтөлбөрт хамрагдаж буй эсэхийг хянан, орон сууц захиалагчдын нэрийн
дансны мэдээллийн санд оруулж, улмаар төлбөрийн дансны бүртгэлийг
нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэх юм байна. Сангийн яамны Төрийн сангийн
газар нь батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт багтаан “Хүний хөгжил
сан”-гаас хөрөнгийг орон сууцны захиалга авсан байгууллага, иргэний
дансанд шилжүүлэхээр болжээ. Мөн журамд өдрийн ангиас гадна орой, эчнээ
ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр
хишиг, хувь хүртэх эрхтэй гэсэн нэмэлт орууллаа. Журмыг хэрэгжүүлэхэд
шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсвийн тодотгол, 2012
оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав гэж
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.