Орчноо тохижуулж мөнгө олъё

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Орчноо тохижуулж мөнгө олъё

Иргэдээ тохь тухтай орчинд амьд­­руулахын тулд байгууллага бүр өөрийн орчноо тохижуулаад түү­ний­гээ хотын аялал жуулчлалын нэг хэсэг болгоод түүгээрээ мөнгө олъё  гэвэл ямар сонсогдож байна. Ингэж тохижуулахдаа сүүлийн үеийн архитектурын төгс шийдлийг, мод, ус, агаар, цаг уурын онцлогтой нийцүүлэн босгоно гэж байгаа. Энэ төрлийн архитектур, дизайн нь жуулчдыг татах, мөнгө босгох нэг арга болжээ, гадны оронд. Газар, шороо, уул, ус, цэцэг, моддоос бүтээгүй улс гүрэн гэж хаа ч байхгүй. Тиймээс энэ бүгдийгээ орчин тойрны барилгын үзэмжтэй нийцүүлэн тохижуулах шаардлага иргэншил үүссэн тэр үеэс эхлэн урган гарсан байна. Угтаа иргэншил үүссэн тэр үеэс хэрэгжиж эхэлсэн энэ шаардлага орчин үеийн хотуудын гол шаардлагуудын нэг байсан хэвээр. Энэ шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд хот байгуулалтанд тохижилт хэмээх зүйлийг тусгайлан тусгаж, түүнийгээ хэрэгжүүлж, мөнгө зардаг болсоор уджээ.

“Нийслэлийн төр захиргааны байгууллагаас иргэд оршин суугчдын эрүүл тохитой амьдрах эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолыг хангах чиглэлээр гаргасан бодлого шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь Хот тохижилтын газрын эрхэм зорилго мөн”. Нийслэлийн хот тохижилтын газрын эрхэм зорилго нь энэ. Хэдийгээр зорилго нь сайхан ч хот тохижилтыг зөвхөн гудамж талбай засах, гэрэлтүүлэг, чимэглэл нэмэгдүүлэх, хог арилгах хэмээн ойлгосоор өнөөг хүрчээ. Хамгийн гол нь бид ландшафт хэмээх гол зүйлийг мартчихсан байв. Харин хоёр, гурван жилийн өмнөөс л мартсан гол зүйлээ санаж эхэлжээ. Гэтэл гадны оронд хоёр, гурван зууны тэртээгээс хөгжөөд эхэлчихсэн байдаг.

Манай улс хот тохижолтонд 2009-2011 онд  25,5 тэрбум хөрөнгийн тохижилтын ажил хийгдсэн гэх судалгаа гарчээ. Харин бидний нүдэнд ил харагдах юм үлдсэн нь цөөхөн. Хөшөө дурсгал нь байхад усан оргилуур, цэцэрлэгийн төгөл, амарч зугаалах талбайгаа гаргадаг нь цөөхөн. Зарим тохиодолд дан ганц хөшөө, дан ганц цэцэг, ургамалын төгөл эсвэл усан оргилуур босох нь элбэг. Зун нь тарьсан хэдэн цэцэг өвөлдөө хэрхэх нь эргэлзээтэй. Ямар байгалийн хуулийг өөрчлөөд өвөлд нь ургуулалтай биш. “Манай оронд ногоон байгууламжийг байгуулахдаа их өрөөсгөлөөр ханддаг. Монгол орны хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицох ургамалаас илүү халуун орны, дулаан, чийглэг уур амьсгалтай газрын ургамалыг тарихад нөгөөдөх нь өвөл нь байхгүй болчихдог шүү дээ. Гэтэл сибирийн өнгөт цэцэгсийг яагаад өвөл нь тарьж болохгүй гэж. Өвлийн 30-35 хэмийн хүйтэнг шууд даана шүү дээ” гэж монголын ландшафтын холбооны дэд тэргүүн Жигжидсүрэн ярьж байсан юм. Харин энэ талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч хариу өгөх хүн олдсонгүй. Ногоон байгууламжаар мэргэжсэн хүмүүсээс сонсвол хэдхэн сарын настай цэцэгсийн үрслэгээг авах гэж хэдэн сая төгрөг зарцуулдаг ажээ.

Монгол улсад дөнгөж саяхан асуудал болон хувирч, хүмүүсийн анхаарлыг татаад байгаа ландшафтын асуудал нь манай эриний өмнөх 5000 жилийн тэртээ эртний Грек, Ромын соёл иргэншлийн үеэс эхлэлтэй гэж үздэг. Тухайн үед тоосго, чулуугаар барилга барьж энэ нь хүмүүст сөргөөр нөлөөлөөд байгааг мэдсэн тэд усан оргилуур, ногоон байгууламжийг барьж хот төлөвлөлтөндөө тусгадаг болжээ. Харин өдгөө дэлхийд ландшафтаараа эхний аравт АНУ, Ирланд, Шинэ Зеланд, Их Британи, Итали, Канад зэрэг улсууд орж байна. Гэхдээ дэлхийд өвлийн туршид ландшафтаараа гайхагддаг орны нэг нь Швейцарь билээ. Өндөр уулсын Швейцарь орон ч бас ландшафтын гайхалтай шийдэлтэй орнуудын нэг билээ. Хамгийн гол нь манайхтай уур амьсгалын хувьд энэ орон ижилхэн юм. Тэнд өвлийн улиралд цас ихээр унадаг учир мөнх ногоон, олон наст моддыг тарьж, гоёмсог шийдлийн барималуудаар “чимдэг” ажээ. Өвлийн цагт жирийн гэрэл, чийдэн цасны ойх гэрэлд дарагддаг учир тусгай “ион” гэрлийг байрлуулах санааг тэд анх сэджээ. Мөн ландшафтын шийдэл нэг хотын сөрөг үзүүлэлтэнд эерэгээр нөлөөлсөн жишээ ч бий.
Бас эгэн жишээ дурьдахад Канад улс хотын доторх болон хотоос гадагш газруудын ландшафтын архитектурыг төгс шийджээ. Ванкувер хотын төв цэцэрлэг нь гэхэд хүйтэн сэрүүн уур амьсгалыг тэсэх чадвартай цэцэгс болон сонирхолтой хөшөөний шийдэл, гэрэлтүүлэгийн загвараараа гайхагддаг байна. Чухамдаа энэ нь гадны орнуудын жуулчдыг татаж хэдхэн жилийн өмнө Канадын танилцуулгад уул, ус тэргүүн эгнээнд байсан бол саяхнаас Ванкуверын цэцэрлэг тэргүүн эгнээнд тавигддаг болжээ. Ванкувер хотын төсөв ч нэлээд “зузаарсан” ажээ. Одоо тэд дахин жуулчдыг татах сонирхолтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа гэх.

1970-аад оны Осака, Токио хотуу­дад амиа хорлолтын гаралт нэмэгдсэн байна. Нэлээд хэдэн жилийн турш иймэрхүү сөрөг үзүүлэлтийг харсаар “залхсан” хотын удирдлагууд амиа хорлолтын тоонд усан оргилуур нөлөөл­дөг гэдгийг хараахан мэдээгүй байв. Удалгүй нэртэй эрдэмтдийн баг үүнийг нотолсон хэд, хэдэн баримтыг үзүүлсэнээр бараг дургүй шахам усан оргилуурын тоо нэмэх төслийг баталсан гэдэг. Тэд зөвхөн усан оргилуур бариад зогсохгүй орчин тойронд нь элдэв уран зураг, барималыг суури­луулж, гэрлэн чимэглэлийг илүү тод болгосон байна. Сөрөг үзүүлэлтийн эсрэг хэрэгжүүлсэн төсөв жил гаруй­ханы дараа нөлөөгөө үзүүлж амиа хорлогсдын тоог 30-35 хувь бууруулсан баримт бий. Зөвхөн амиа хорлогсдын тоо буураад зогсохгүй Токио, Осака-д ирэх жуулчдын тоо ч мэдэгдэхүйц хэмжээгээр дээшилжээ.

Энэ мэтчилэн ландшафтын тухай эерэг баримт дурдаад байвал олон. Харин манай оронд үүнийг хэрхэн барих вэ гэдэг нь хамгийн том асуулт. Гэхдээ энэ асуудлыг шийдсэн манайхтай харьцангуй ижил уур амьсгалтай Канад, Швейцарь зэрэг улсуудын жишээг судлах нь хамгийн зөв гарц мэт. Бас дээр нь “Сибирийн олон наст ургамлыг суурилуулах нь зүйтэй” гэсэн мэргэжилтний үгийг сонсох хэрэгтэй ч юм шиг. Сибирт ургадаг мөнх ногоон моддыг, Альпийн өндөрлөгийн хүйтэнд тэсвэртэй цэцэгсийг тарьвал хүйтний улирал зонхилдог манай оронд хэрэгтэй ч байж болох.
Хотын засаглалыг бэхжүүлэх хэрэг­тэй гэж дээр дооргүй ярьж буй энэ цаг үед ландшафтын шийдлүүдийг хот төлөвлөлтөндөө тусгаж, жуулчдыг татах өнгө, үзэмж бүхий үндэсний онцлогтой барималуудыг барих нь жуулчдыг татах аргуудын нэг байж ч  болох талтай. Үүнийг гадны орнуудын жишээ бэлхнээ харуулна. Гагцхүү үүнд тодорхой, нарийн бодлого, төлөвлөгөө, төсөв, мэргэжилтэн шаардлагатай байгаа билээ.
Ландшафт гэж юу вэ?

Хот суурин газрын тав тухай байдлыг бий болгохын тулд оршин суугчдын хэрэгцээг харгалзах шаардлагатай бөгөөд орон нутгийн байгалийн үзэмж, дахин давтагдахгүй байдал, ажил амьдралын тайван орчныг бий болгохын тулд байгалийн үзэмж, өөрийнх нь дуу чимээгээр баяжуулдаг. Товчоор хэлбэл газрын гадарга дээрх байгалийн болоод уран барилгын төлөвлөлт юм. 

АНУ-ын эрдэмтэн Ж.О.Элиотын хэлсэнээр “Ландшафтын бүтээлийг урлагийн бүтээлд тооцож болох талтай. Учир нь үндсэн чиг үүрэг нь газар орны байглийн үзэмж, хүмүүсийн оршихуйн хүрээлэн буй орчны өнгө төрхийг бүтээн цогцлуулж, цаашид үлдээхэд оршино.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж