Ландшафын тухай товчхон

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Ландшафын тухай товчхон

Орчноо тохижуулах, цэцэрлэгжүүлэх
урлаг иргэншил үүссэн тэр цаг үеэс эхлэлтэй ажээ. Эртний Грек, Ромын
томоохон хотууд ихэвчлэн чулуу, шохойн чулуугаар хот барьдаг байсантай
холбоотойгоор хүн амын дунд элдэв төрлийн ханиалга, тахал газар авч
байсан учраас орчноо зүлэгжүүлэх, тохижуулах шаардлагатай болжээ. Улмаар
хаан ширээнд сууж асан тухайн үеийн хаадууд ч өөрсдийн засаглалын сүр
хүчийг уран барилга, хөшөө дурсгал, ногоон байгууламжаараа харуулах
тогтолцоо үйлчилж байжээ. Үүний нэг илрэл нь эртний дорно дахины соёл,
урлагийн томоохон төв гэгдэх Вавилон хотын “Дүүжин цэцэрлэг” билээ. 
Семирамида хатан хаанд тухайн үеийн хаанаас бэлэг болгосон энэхүү
цэцэрлэг нь хааны ордны дөрвөн давхрын тагт бүрийн дээрээс цэцэрлэгийг
дүүжлэн тогтоосон нь малталтаар илэрчээ. Тагт бүрийн доор чулуун хавтан
дэвсч, ус тогтоох зориулалт бүхий тусгай суваг шуудууг бий болгосон
байна. Энэхүү зассан талбай дээрээ Нил мөрний эргээс авчирсан үржил шимт
хөрсийг асган олон арван мод, цэцэгс, бут сөөгийг тарьсан байжээ.

Нийтдээ энэхүү цэцэрлэг нь 52 мянган хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг
байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн нь бий. Харин орчин үеийн ландшафтын
соёл нь тэртээ дундад зууны үеэс эхлэлтэй гэж үздэг байна. Дундад зууны
үед уран барилгын асуудал ид хүчээ авч түүнийгээ дагаад чимэглэх,
зүлэгжүүлэх соёл ч хөгжжээ. Үүний хамгийн том жишээ нь Итали байлаа.
Тухайн үедээ дэлхийн уран барилга, соёлын том төв хот нь Италийн Флоренц
байсан гэдэг. Та бүхний хамгийн сайн мэдэх Флоренцийн сүмийн урд талын
тохижилт болох “Нептуны усан оргилуур” үүний хамгийн том үр дүн билээ.
Анх “Ландшафт” гэх нэр томъёог ашигласан хүн нь Шотландад төрсөн
ботаникч, уран барималч Гилберт Лайн Мисон байв. Тэрээр 1820-иод оны
дундуур Итали хотод аялалаар очсон бөгөөд орчны гайхалтай төгс шийдлийг
нь таниулсан “Вертиусын гайхалтай ландшафт” нэртэй 10 боть ном гарган
Англи даяар тараажээ.

Ландшафт уран барилгын нэг салбар болсон нь

Энэ үйл явдлаас даруй 20 жилийн дараа Ландшафтын архитектурыг Жон
Кладиус Лудон уран барилгын тодорхой нэг хэсэг болгон, шинжлэх ухааны
хэлбэрт илүү ойртуулсан гэдэг. Лудоны сайжруулсан санааг онолын нэгдсэн
системд оруулах, шинжлэх ухааны нэршилийг бий болгох зорилгоор Америкийн
ландшафтыг үндэслэгч Эндрью Жаксон Давнинг “Ландшафтыг амьдралд
хэрэглэх нь, европоос туршлага судлан Хойд Америкад” хэрэгжүүлэх нь
хэмээх номыг 1850-иад оны дундуур гаргажээ. Энэ нь ландшафтын тухай
шинжлэх ухаанчаар онолын нэгдсэн ойлголтонд оруулсан анхны ном болон
түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

Орчин үеийн хот байгуулалтын нэг том салбар болов

Давнингийн “Усан систем, зүлэгжүүлэлт, уран барилгын шийдэл болон, зам
заслын шийдэл, чимэглэлийн загвар” гэсэн хэв маягийн тодорхой дүрмийг
харгалзан орчин үед анх удаа томоохон ландшафтыг босгосон нь Нью-Йорк
хотын цэцэрлэгт хүрээлэн билээ. 1863 онд уг цэцэрлэгт хүрээлэн нээлтээ
хийсэн аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 43 га газрыг эзэлдэг бөгөөд усан
цөөрөм болоод хиймэл нуур бичил ой мод, хиймэл гол, олон янзын ургамал
зэргийг багтааж хийгдсэн бөгөөд орчин үеийн амарч зугаалах гудамж,
гэрэлтүүлгийн төгс шийдэл зэрэг нь одоо ч ландшафтын төгс бүтээлд
тооцогдсоор байна. Үүнийг дундад зууны үетэй жишэж үзвэл Италийн Флоренц
хотын сүмийн гаднах тохижилттой зүйрлэж болох юм. Жил бүр уг цэцэрлэгт
хүрээлэнд 25 сая жуулчид ирдэг гэсэн судалгаа бий. Мөн үүнтэй адилхан
томоохон цэцэрлэгүүд АНУ-д бий тухайлбал Брүүүлин дүүргийн “Проспект
парк”, Чикаго, Илинойс, Вашингтоны ижил нэртэй цэцэрлэгт хүрээлэнгүүд ч
бий. Эдгээр цэцэрлэгүүд жуулчдыг татах томоохон байгууламжууд болжээ.
Францад алдарт Эйфэлийн цамхагийг түшиглэсэн ландшафтын томоохон
байгууламжийг бий болгосон нь Парисийн төдийгүй Францын эдийн засагт
нэмэр үзүүлдэг салбарын нэг болжээ. Мөн Эдинбургийн ордныг 1800-аад оны
дундуур Лудоны загварчлалаар засч чимэглэн орчин үеийн ландшафтын
хөгжилд томоохон хувь нэмрийг оруулжээ.

Ландшафтаар дэлхийд тэргүүлэгч орнууд

Ландшафтаар дэлхийд тэргүүлдэг орнуудыг АНУ, Канад, Австрали, Итали,
Шинэ Зеланд, Ирланд, Их Британи улсууд тэргүүлдэг. Эдгээр улсуудад
ландшафтын дизайныг гаргасан загвар зохион бүтээгчдийг 70 мянган
доллараар цалинжуулдаг гэсэн судалгаа бий.

АНУ: АНУ-ын засгийн газраас ландшафтын хүрээлэнгүүд болон
хувийн компаниудыг ихээр дэмждэг ажээ. Мэргэжилтнүүдийг бэлдэхийн тулд
үндэсний хэмжээний томоохон сургуулиудад тугай анги нээн, мэргэжлийн
зэрэг олгодог байна. 1990-ээд оноос эхлэн тус улс жилийн хамгийн шилдэг
ландшафтыг бүтээсэн компаниудад 1-5 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг
“АНУ-ын ландшафтын хүрээлэнгүүдийн нэгдсэн академи” хийдэг ажээ.

Канад: Канадад ландшафтын тухай эрүүл мэндийн хуулиндаа тусгасан байдаг.
Хуулиндаа тусгасан байдаг болохоор улс даяар хэрэгжих нь амар байдаг
ажээ. Мөн мэргэжлийн ёс зүйн код болон үндэсний сургалтын хүрээлэн
ажиллаж мэргэжилтнүүдийг бэлддэг юм. Канадын муж тус бүрт ландшафтын
мэргэжлийн академи болон зөвлөлүүд ажилладаг бөгөөд тэд засгийн газрын
тусгай яам шиг эрх мэдэлтэйгээр ажилладаг ажээ. Засгийн газраас нь энэ
төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудаа дэмжих, татвараас нь хөнгөлөх
тогтолцоо үйлчилдэг байсан. Одоо тус компаниудад хөрөнгийн туслалцаа
үзүүлдэг болжээ.

Итали: Ландшафтын түүхэн замналтай тус оронд мэргэжлийн
ландшафтын холбоо 1950-иад оны дундуур байгуулагджээ. Дундад зууны үед
төрөөс нь их анхаардаг байсан уг салбар одоог хүртэл Италийн засгийн
газрын анхаарлын төвд байсаар байна. Ландшафтын тусгай хуулийг хүртэл
баталсан байдаг юм. Италид ландшафтын мэргэжлийг дотор нь тав хуваах
бөгөөд үүнд Архитектор, Ландшафтын загвар зохион бүтээгч, Ландшафтын
агрономын доктор, Агрономын мэргэжилтэн гэж хуваадаг байна.

Ирланд: Эдийн засгийн өсөлтөд томоо­хон нөлөө үзүүлдэг салбар
нь энэ орны хувьд ландшафтын салбар юм. Тийм учраас засгийн газраас
хуулиар бус бодлогын хүрээнд дэмждэг тогтолцоо үйлчилдэг байна.
Ландшафтын мэргэ­жилтнүүдийн холбоо гэх байгууллага ажилладаг бөгөөд энэ
холбоонд 3000 мэргэжилтнүүд гишүү­нээр элссэн байдаг.


Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж