Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр өглөө Сэлэнгэ аймгийг зорилоо. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сайхан, Баянгол,  Мандал сумдад ажиллаж, тариа хураалтын ажил байдалтай биечлэн танилцах юм. Мөн Төв аймгийн Сүмбэр суманд ажиллах томилолттой явж байна.  Тариа хураалтын ажил өнөө жилийн хувьд өнгөрсөн наймдугаар сарын 25-нд эхэлсэн. Цас эрт орж, хүйтэрч болзошгүй гэсэн мэдээллийг цаг уурчид гаргах болсон тул тариаланчдын хувьд цаг хугацаатай уралдан, тариагаа цасанд даруулалгүй хураан авах нь хамгийн чухал байгаа. Мөн тариаланчид хураан авсан улаан буудай, төмс, хүнсний ногоогоо  импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд “цохиулчихгүй” борлуулах асуудал чухлаар тавигдаж буй. Тиймээс гүйцэтгэх засаглалын тэргүүний орон нутагт ажиллах томилолт тариаланчдын хувьд хүсэн хүлээсэн чухал “айлчлал” болох нь дамжиггүй. Монгол Улсын Ерөнхий сайдтай цуг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар явж байна.   Мөн хэвлэл, мэдээллийнхэн дагалдаж байна.

Г.Дарь

Зургийг "INET.mn" сайт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж