Олон улсын чуулган өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.05-нд нийтлэгдсэн

Олон улсын чуулган өнөөдөр эхэлнэ

Aзи Европын орнуудын цагаач­лалын албадын удирдах ажилтны арав­дугаар хурал өнөөдөр Улаанбаатар хот­ноо эхэлж байна. Өнгөрсөн жил Брюссель хотноо болсон АСЕМ-ын есдүгээр хуралд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн. Тэд энэ үеэр  АСЕМ-ын ээлжит аравдугаар хурлыг Монгол улсад зохион байгуулах хүсэлтээ улам­жилж, бэлтгэл ажлынхаа талаар бүсийн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм.  Манай хүсэлт бүсийн болон нэгдсэн хуралдаанаар санал нэгтэйгээр дэмжигдэж 2011 оны ээлжит аравдугаар хурлыг эх орондоо ийнхүү зохион байгуулахаар болсон байна.

 ASEM нь “Asia-Europe Meeting” гэсэн үгийн товчлол бөгөөд  улс төр эдийн засаг, геополитикийн салбарт Ази европ тивийн улс орнууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нөхцлийг хэлэлцэх зорилгоор анх Франц, Сингапурын санаачилгаар үүсгэн байгуулагдсан юм байна. АСЕМ-н хурлыг Монгол улсад зохион байгуулснаар цагаачлал, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн, суурьшилтын талаар Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, байр суурийг өргөн хүрээтэй тайлбарлан таниулах, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бүс нутгийн төдийгүй, олон улсын түвшинд өргөжүүлэх боломж нээгдэж байна. Мөн шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн арга хэрэгсэл болгох, гаднаас мэдлэг, ур чадвар татах, хилийн чанад дахь эх орон нэгтнүүдтэйгээ хамтарч ажиллаж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах, бусдын шилдэг туршлагаас суралцах төдийгүй өөрийн орны түүх, ёс заншил, соёлоо сурталчлах үүд хаалга нээгдэж байна гэж үзэж болно. Энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх АSЕМ-н аравдугаар хуралд 30 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлсэн байна.

Энэ удаагийн хурлаар, Хүн худал­­даалах гэмт хэргээс урьдчилан сэр­гийлэх ба хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Хүн худал­даалах гэмт хэрэг үйлдэгсдэд ял шийтгэл ногдуулах эрх зүйн орчин ба цагаачлалын бодлогыг боловсронгүй болгох, Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн ба эх орны хөгжилд гадаадад амьдарч буй Монголчуудын оролцоо, Гуравдагч орны иргэдийн хууль бус шилжин суурьшилт, хууль бус хөдөлмөр эрхлэлтээс урьдчилан сэргийлэх гэсэн сэдвүүдээр ярилцах аж.  Энэ үеэр дээрх сэдвүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа орнууд туршлагаасаа хуваалцаж мөн ажиллах явцад авсан сургамж тулгарсан саад бэрхшээл түүнийг даван туулах хамтран ажиллах талаараа зөвлөлдөн санал солилцох гэнэ.

Б.Энхмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж