
Өнгөрсөн жилийн зургадугаар сард гадаадад байгаа энгийн иргэдийг хөнөөх гэсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан АНУ-ын хоёр иргэн хуйвалдаанд хамаатай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай Agence France-Presse мэдээлэв.
Нью Жжерси мужийн Ньюаркийн Холбооны шүүх хуралдаан дээр 21 настай Мохамед Алеса (Mohamed Alessa) ба 24 настай Карлос Альмонте (Carlos Almonte) хоёр террор хийх гэж байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэд гадаадад байгаа америкчуудын эсрэг террор хийгээд Сомалийн алан хядагчидтай нэгдэхээр төлөвлөсөн байлаа.
Алеса, Альмонте хоёр Египетээр дамжин Сомали хүрэхээр Нью-Йоркаас нисэх гэж байгаад баригдсан юм. Тэд террорт бэлтгэн буудлагын сургуулилалт хийж, тулаанаа компьютер дээр хийж, шөнийн дуран зэрэг төхөөрөмж бэлтгэсэн байлаа. Тэд 2007 онд Иорданд очин лалын хэт даврагчидтай холбогдохоор оролдсон байлаа. Тэд 30 жил хоригдох ял авч магадгүй бөгөөд зургадугаар сарын 20-нд тэдний ялыг сонсгох гэнэ.