Б.Сэр-Од эхний 20-д багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.04-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од эхний 20-д багтлаа

Өмнөд Солонгосын Дэгү хотноо өнөөдөр өндөрлөж буй хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, Монголын тамирчин Б.Сэр-Од хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдлөө. Дэлхийн аваргын эхний өдөр буюу наймдугаар сарын 27-нд эмэгтэйчүүдийн марафонд Монголын тамирчин Л.Отгонбаяр уралдаж, 39 дүгээр байрт орсон бол өнөөдөр өглөө болсон эрэгтэйчүүдийн марафонд Б.Сэр-Од 20 дугаар байрт шалгарч, өмнөх дэлхийн аваргын амжилтаа ахиуллаа. Энэ жилийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн марафонд 67 тамирчин гараанаас гарч уралдсанаас 51 нь барианд орсон. Манай тамирчны тухайд 2:16:41 цагийн амжилтаар тэргүүлэгчээс есөн минут, гурван секундээр хоцорч бариалсан байна. Харин Кенийн тамирчин Абель Кируи 2:07:38 цагийн амжилтаар тэргүүлсэн бол мөн түүний нутаг нэгт Винсент Кипруто 2:10:06 цагт багтаж, нийт 42,195 км замыг туулснаар мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн марафонд мөн эхний гурван байрыг Кенийн тамирчид эзэлж, холын зайд ноёрхогч гэдгээ баталж чадлаа.

Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд Лондонгийн олимпод оролцох эрхээ авсан Б.Сэр-Одын хувьд энэ жилийн ДАШТ тав дахь удаагийнх бөгөөд ямартай ч өмнөх тэмцээнүүдэд гаргаж байсан амжилтаа ахиулж чадсан юм. 2003 онд Францад болсон дэлхийн аваргад анх удаа оролцож, 2:26:39 цагийн амжилт үзүүлж байсан тэрбээр 2009 оны Берлиний дэлхийн аваргаар 2:17:22 цагийн амжилтаар 29 дүгээр байрт шалгарч байв.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж