Шинэ цагийн “цахиур Төмөр” экскватор чирдэг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн “цахиур Төмөр” экскватор чирдэг болжээ

“Ногоон хөгжил-Монголын ирээдүй” реалити шоунд оролцсон УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Ц.Оюунгэрэл нар Дундговь аймагт ажиллах үеэрээ нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романаас сэдэвлэсэн теле жүжигт тус тусын дүр бүтээсэн нь нууц авьяасыг нь ил болгов. Уул уурхайн компаниудын буруутай үйл ажиллагаанаас мал бэлчих газаргүй болж, эцэстээ малчид өвөлжөө, хаваржаагаа алдахад хүрч буйг энэхүү теле жүжгийн зохиомжоор дамжуулан гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Энхбат шинэ цагийн цахиур Төмрийн дүр бүтээсэн нь тун ч маягтай зохиж. Төмөр төрсөн ах Эрдэнэтэйгээ уулзахаар Дундговь аймгийн нутагт ирээд байх үед Ашигт малтмалын газраас явж байна гэх мэргэжилтэн бүсгүй Итгэлт баяныд бууж,  зуслангаасаа нүүх шаардлага тавина. Эл газарт хятадын хөрөнгө оруулалттай компани олборлолт хийхээр лиценз эзэмшсэн тул Итгэлтийнх, Эрдэнийнх гээд 60 шахам малчных нутгаасаа хөөгдөхөд хүрнэ. Энэ үед Итгэлт,  Төмөрт хандаж, яах ёстойг зөвлөхийг хүсвэл  тэрбээр “Ганц нэгээрээ тэмцээд үр дүнд хүрэхгүй, нутаг голоороо нэгдэж хөдөлгөөн байгуулах ёстой. Баянхонгор аймагт уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулснаас гол ус бохирдож, газрын хөрс эргэж, мал бэлчих нутаггүй болсон байна. Тиймээс хонгор нутгийнхан  нэгдэж тэмцэхээр хөдөлгөөн байгуулсан” тухай хэлнэ. Түүгээр ч барахгүй уул уурхайн компаниудтай нэлээд үзэж байгаад эцэст нь экскваторыг нь чирээд Дундговь аймагт аваад ирсэн тухай хуучилж, дундговьчууд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор санаагаа нэгтгэн тэмцэхээр болно.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж