
Бразилийн Риод багт наадам эхэлж байна. Ард түмний энэ дэгжин баяр Улаан өндөгний баярын эхлэлтэй холбогдон янз бүрийн хугацаанд болдог бөгөөд энэ жилийн хувьд гуравдугаар сарын 5-наас эхлэж байна
Португалид багт наадмын долоо хоног өнөөдөр эхэлнэ.
Энэ өдөр төржээ
Роза Люксембург, Германы хувьсгалч, Европын коммунист хөдөлгөөний нөлөө бүхий төлөөлөгч (1870. 03.05-1919.01.15)
Роза Люксембург 1870 оны гуравдугаар сарын 5-нд тэр үедээ Оросын эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Польшийн Замостье хотноо төржээ. Варшав хотын эмэгтэйчүүдийн гимназид суралцаж байв. Оюутан байхаасаа хувьсгалт ухуулгыг хийж иржээ.
Роза 1893 онд Польш, Литвагийн вант улсын Социал демократ намыг байгуулж, «Справа роботнича» гэх намынхаа сонинг удирдан гаргаж байв. Олон жилийн турш Германы социал деомкрат намын сургуулиудад багшилж байлаа. «Интернационал» бүлгийн дарга байсан тэрээр дайны эсрэг хувьсгалч ухуулга хийж ирсэн байв. 1916 онд түүнийг баривчлан хорьжээ. Шоронгоос чөлөөлөгдсөний дараа Люксембург, Карл Либкнехтын хамт 1918 онд Коммунист намын зохион байгуулах хурлын удирдагч байв. 1919 оны Берлины бослого дарагдсаны дараа тэднийг шоронд хүргэх замд нь хөнөөжээ. Роза Люксембургийн бүтээлээс нэлээд чухал нь “Нийгмийн шинэчлэл эсвэл хувьсгал”, “Капиталын хуримтлал”, “Оросын хувьсгал. Сул талынх нь шүүмжлэлт дүгнэлт” зэрэг юм.
Энэ өдөр таалал төгсчээ
Иосиф Сталин, Зөвлөлтийн төр, улс төрийн ба цэргийн зүтгэлтэн, Марксизм-Ленинизмын онолч бөгөөд сурталч (1879.12.21-1953.03.05)
Иосиф Виссарионович Сталин (жинхэнэ нэр Жугашвили) албан ёсны хувилбараар 1879 оны арванхоёрдугаар сарын 21-нд Гүржийн Гори хотноо гуталчны гэр бүлд төржээ. Горийн шашины сургуулийг дүүргээд Тифлисийн үнэн алдартны семинарт орсон бөгөөд бас л албан ёсны хувилбараар тэндээс “марксизмын ухуулга хийсэн” гэсэн шалтгаанаар хөөгдсөн байв. Сталин 25 насандаа большевик болжээ. Түүнийг хэд хэдэн удаа баривчлан цөлж байсан ч цөллөгөөс оргож хувьсгалд оролцон Владимир Ленинтэй ойр хамтарч байв. Тэр үеэс Иосиф Жугашвили «Сталин» гэх нэрийг авчээ. 1922 оны дөрөвдүгээр сард Оросын коммунист-большевикуудын нам Сталиныг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байна. Лениныг 1924 онд нас барсны дараа Сталин нам дотроо байр сууриа эрс бэхжүүлэн, улмаар намын “ээлжгүй” ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм. Зөвлөлтийн үзэл суртал түүнийг “Агуу удирдагч ба багш” болгон өргөмжилж “нэг хүний тахин шүтэлт” гэдгийг гаргаж иржээ. Түүний захиргааны үеэр Орос үйлдвэржиж, эх орны дайнд ялж, Зөвлөлтийг цэрэг, аж үйлдвэр, шинжлэх ухааны чадвартай их гүрэн болгосон ба дэлхийд Зөвлөлтийн геополитикийн нөлөөг бэхжүүлсэн байв. Нөгөө талаасаа энэ үе нь үй олноор харгислал явуулсан, хүчээр нийгэмчлэл явуулан аж ахуйн эрс уналтад хүргэсэн, өлсгөлөн гаргаж олон хүнийг хөнөөсөн, шашныг үндэс сууриар нь устгасан, Зүүн Европт коммунист дэглэмүүдийг тогтоосон, хүйтэн дайныг эхлүүлсэн дарангуйлал байлаа.
Иосиф Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-нд нас баржээ. Эмнэлгийн магадлгаагаар түүний тархинд цус харваснаас нас баржээ. Гэхдээ түүний үхлийн талаар янз бүрийн таамаг хувилбар байдаг. Түүний шарилыг занданшуулаад Ленины бунханд тавьсан байв. 1961 онд Зөвлөлтийн коммунист нам “Сталин нь Ленины гэрээслэлийн ноцтойгоор зөрчсөн учраас түүний шарилыг Ленины дэргэд байлгаж болохгүй” хэмээн Сталиныг бунхнаас гарган Кремлийн ханын дэргэд оршуулжээ.