Засгийн газар хөрөнгийн баталгааг гаргах албагүй

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар хөрөнгийн баталгааг гаргах албагүй

Манай сонины цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд бид газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаард­лага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрх­шээлийн талаар иргэд, судлаачид, эрх бүхий бай­гууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигч­дадаа хүргэж байгаа билээ. Харин энэ удаа энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийсэн хүмүүсийн санал бодлыг олон нийтэд хүргэж байна. Эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрахтай энэ тухай ярилцлаа. Тэрбээр 2008 оноос эхлэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай судалгаа хийсэн бөгөөд Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн талаарх сонирхолтой ярилцлагыг бид өмнө нь та бүхэнд хүргэж байсан.

-Таны хийсэн судалгаан дээр үндэслэн монголын шатахууны хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы хөрөнгө оруулалтаар Дархан хотод барихаар болсон гэж байсан. Гэтэл одоо болтол сураггүй байх юм. Ямар учраас тэр вэ?

-Ардын намын дэргэдэх Эдийн засгийн бодлого боловсруулах байнгын хорооноос салбарын яамны газрын дарга нар болон Ашигт малтмалын газрын дарга, мэргэшсэн судлаачид, иргэний нийгмийн болон шатахуун импортлогчдын төлөөллийг урьж, хэлэлцүүлэг өрнүүлж, монголчууд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжтойг баталсан. Энэ саналыг Ардын намын Удирдах зөвлөл дэмжиж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж байсан. Үүний нэг жишээ нь Дархан хотод жилд хоёр сая тонн шатахуун боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төсөл юм. Уг үйлдвэрийг барих бэлтгэл ажил бүрэн  хангагдсан. Хөрөнгө оруулагч тал болох Японы талд баталгаа гаргаж өгөх асуудал дээр хойрго хандсанаас болж удаашраад байгаа юм.

-Японы тал манай улсаас ямар баталгаа шаардаж байгаа юм бэ?

-Япон улс газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад шаардлагатай хөрөнгө оруулалт болох 600 сая ам.долларыг гаргахаар болсон.  Харин үүнийг нь  Монгол Улс эргэн төлнө гэсэн баталгааг гаргаж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ төсөлд шаардлагатай байгаа 600 сая ам.долларыг үйлдвэрийг байгуулснаас хойш дөрвөн жилийн дотор нөхнө гэсэн судалгааг гаргасан байгаа.

-Тэгвэл Монголын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр сэтгэл гаргахгүй байна гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэж ойлгож болно. Үүнийг нөгөө л улиг болсон хүнд сурталтай холбож тайл­барлаж болох юм. Энэ хөрөн­гийн баталгаа гаргах асуудлыг шийдэ­хийн тулд төрийн өмчит компани байгуулах ёстой гээд Төрийн өмчийн хороотой хамтарч энэ дагуу Засгийн газарт санал оруулсан байна билээ.

-Тэгэхээр газрын тос боловсруулах үйлд­вэр байгуулах асуудалд төрийн өмчит компани оролцох нь буруу гэх гээд байна уу?

-Яг ч тэгэж хэлэх гээгүй. Ажил удааширч байна л гэх гэсэн юм. Эхний ээлжинд энэ асуудлыг төрийн өмчийн компани оролцуулах хэлбэрээр шийдэх нь зүйтэй гэж үзэж байгааг үгүйсгэхгүй. Хэрэв төрийн өмчит компани байгуулах юм бол хөрөнгийн баталгааны асуудлыг автоматаар шийдэх нь гарцаагүй. Харин цаг хугацааны хувьд яаравчлах л хэрэгтэй байна.

-Хөрөнгө оруулалтын батал­гааг гаргах асуудлыг хэрхэн түргэвч­лүүлэх боломжтой гэж?

-Төрийн өмчит хамтарсан компани байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдчихвэл заавал Засгийн газраас баталгаа гаргах албагүй. Засгийн газраас баталгаа гаргахыг хориглосон олон улсын хэмжээний баримт бичгүүд байдаг л байх. Тиймээс Хөгжлийн банкаар дамжуулж энэ хөрөнгө оруулалтын баталгааг гаргах боломжтой. Хөгжлийн банк бол энэ чиглэлээр баталгаа гаргах чадвар, боломжтой юм.

-Шатахууны хомсдолд орсны дараагаас эхэлж “Газрын тос боловсруулах үйлдвэр барих шаардлага хангасан компаниудад зөвшөөрөл олгох асуудал нээлттэй” хэмээн албаны хүмүүс хэлж байсан. Үүнтэй холбоотой юм уу, хувь хүн, жижиг компаниуд хаягдал тос, машины дугуй ашиглаад шатахуун үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Шатахуун бол эдийн засгийн гол хөдөлгөгч хүч. Тиймээс Мон­гол Улсад энэ стратегийн бүтээгдэ­хүүнийг үйлдвэрлэдэг томоохон ганц хоёр үйлдвэр байхад хангалттай гэж бодож байгаа. Манай улс газарзүйн хувьд зуйван тогтолцоотой учир зүүн, баруун талдаа жижиг хэмжээний үйлдвэрийг бодлогоор дэмжиж байгуулах хэрэгтэй юм. Түүнээс биш янз бүрийн жижиг үйлдвэрийг дэмжээд эхэлбэл сомаварь болж, чанаргүй шатахуун гаргаад хэрэглэгчид хохирч, байгаль орчин сүйдэх гэмтэй.

-“Сод Монгол” групп өнгөрсөн сард  Дорноговь аймгийн Сайн­шанд хотод газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ шавыг тавьсан. Энэ үйлдвэр ирээдүйд таны ярьсан шиг томоохон хэдэн үйлдвэрийн нэг байж чадах болов уу?

-Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авсан дөрвөн компани байдгийн нэг нь “Сод Монгол” групп юм. Энэ зөвшөөрлийнхөө л дагуу үйлдвэр байгуулах шаваа тавьсан байх. Гэхдээ миний сонссоноор уг үйлдвэрийг барих  техник, эдийн засгийн үндэслэл байхгүй бөгөөд зөвшөөрлийнхөө хугацааг дуусахаас өмнө амжиж шаваа тавьсан гэх юм. Тус группынхэн Сингапурын хөрөнгө оруулалттайгаар үйлдвэр байгуулна гэж байгаа. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжээд эхэлбэл дэмжих хэрэгтэй.

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна л гээд байдаг. Гэтэл түүхий эдийн нөөц манайд хэр зэрэг байдаг юм бэ?

-Манай улс жилд 380 орчим мянган тонн түүхий нефть олборлодог. Гэхдээ энэ тоо ирэх жилүүдэд өсөх тооцоо гарсан. Энэ маягаар өсвөл ойрын 20-30 жил дотоодынхоо хэрэгцээг хангах түүхий нефть олборлох юм. Мөн яамны шугамаар  Эрхүүгийн нефтийн үйлдвэртэй нефть боловсруулах үйлдвэр байгуулсны дараа түүхий нефть импортлох гэрээ хийсэн. Үүнээс гадна Монгол Улс Күвэйт улсаас жил бүр нэг сая тонн түүхий нефть хямдралтай үнээр авах гэрээ хийж байсан. Улс төрийн хэмжээнд Какахстан улстай хоёр сая тонн газрын тос авч байхаар ярьсан байдаг. Энэ бүх яриа хэлэлцээрийг  баталгаажуулах хэрэгтэй.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж