“Сум хөгжүүлэх сан”-аас 16.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

“Сум хөгжүүлэх сан”-аас 16.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Манай улс 300 гаруй сумтай. Мэдээж хэрэг сумдын хөгжил харилцан адилгүй. Нэг нь 1000 ч хүрэхгүй цөөн хүн амтай бол үүнээс хэд дахин олон хүн амтай, тэрүүхэн тэндээ “под” хийсэн үйлдвэрлэл хөгжүүлчихсэн нь ч бий. Тиймээс ч Засгийн газар энэ онд “Сум хөгжүүлэх сан”-ийн 24 тэрбум төгрөгийг сумдад харилцан адилгүй хэмжээгээр олгох  тухай заалтыг холбогдох  журамд тусгасан билээ. Хүн амынх нь тооноос шалтгаалан нэг суманд 50-265 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг сумдын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохоор шийдсэн юм. Харин энэ мөнгийг 1000 хүнтэй сумынх ч тэр, 10 мянган хүн амтай сумын Засаг дарга ч тэр захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газраар орж сумын Засаг дарга нар чухам ямар журмаар зээл олгож байгаа, засаг дарга нарын ажилд хэрхэн хяналт тавьж байгааг сонирхлоо. Тус газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга Н.Галцогтой уулзахад “Зээлийн эх үүсвэрийг дан ганц сумын Засаг дарга захиран зарцуулахгүй. Сумын Засаг даргаар ахлуулсан орон тооны бус ажлын хэсэг төсөл, хөтөлбөрүүдийг сонгох гээд зээл олгохтой холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байгаа” гэж байна. Тодруулбал, тухайн сумын ИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллаж байгаа ажээ.  Хэрвээ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Болд зээл олголтын тал дээр сэтгэл дундуур, ашиглалт, зарцуулалтад  нь ямар нэг “но” байна гэж үзэж байгаа бол орон тооны бус ажлын хэсэгт хандаад хяналтаа тавиад явахад ч болохгүй зүйлгүй гэнэ. Цаашлаад “Сум хөгжүүлэх сан”-ийн журамд зээлийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулаагүй, зээл олгох явцад ямар нэг асуудал гарсан бол санхүүжилтийг эргэн татах талаар ч тусгасан байна.  Энэ нь хэн нэгэн гурван хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч “Бизнесээ хөгжүүлнэ” гэчихээд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг уг мөнгөөр төлчихсөн бол зээлийн санхүүжилтийг буцаагаад татчихна гэсэн үг. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан Монгол Улсын нийт суманд зээл олгох үйл явц үргэлжилж байгаа энэ үед аль нэгд нь асуудал гарахгүй гэхийг үгүйсгэхгүй гэдгийг ч хэлж байлаа. Харин дараагийн нэг асуудал нь зээлийг дэмжих ёстой төсөл, чиглэлд  нь өгч байна уу гэдэг юм. Бодоод үзэхээр сум бүрт 50-250 сая төгрөг гэдэг тийм ч их мөнгө биш. Нийт 50 сая төгрөгийн зээлийн эх үүсвэр  олгосон нэг суманд 100 иргэн үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа гэж бодъё. Гэтэл 10, 10-н саяар нь таван байгууллагын төслийг дэмжихэд л мөнгө дуусна. Гэхдээ нэгэнт төсөвлөсөн мөнгө нь ийм болохоор яалтай ч билээ. Ямартай ч чухам ямар чиглэлийн төслүүдэд түлхүү хөрөнгө оруулалт хийх тухай заавар, чиглэлийг нь гаргаад өгчихсөн аймгууд байгаа юм байна.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн сарын сүүлчээр сумдад зээл олголтын байдал 70 хувьтай үргэлжилж байсан байна. Засгийн газраас журам баталж, энэ оны зургаадугаар сард эх үүсвэрийг шилжүүлснээс хойш сумдын Засаг дарга нар 1571 төсөлд 16.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Дорнод, Орхон, Завхан, Говьсүмбэр аймагт зээл олголтын явц 95-аас дээс хувьтай байгаа бол Архангай, Төв, Дундговь, Дархан-Уул аймагт 50-иас доош хувьтай байгаа аж. Эцэст нь “Сум хөгжүүлэх сан”-аас зээл авах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд байгаа бол тухайн орон нутагтай бүртгэлтэй, уг сангаас болон, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өмнө авсан зээлийн өргүй, зээлээ зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх чадвартай байх гэсэн үндсэн шаардлага тавьж байгаа гэдгийг сануулъя.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж