
Оюутнуудаар тангараг өргүүлэх энэ “мэргэн” санааг хэн бодож олов оо. Тэр хүн ямар ухаантай юм бэ. Эцэг эх болон энхрий хайрт нам засгаасаа олгож буй мөнгөөр сургалтын төлбөрөө төлдөг атлаа даанч гавьтай сурч боловсрохгүй байсан юм аа. Их, дээд сургуулийн сургалтын чанар муугаас, Монголын боловсролын салбарын тогтолцоо элэгдэж хоцрогдсондоо ч биш юм байна. Жил бүр өчнөөн зуун дээд сургуулиас төгсч гардаг залуус орчин үеийн ажлын шаардлага огт хангахгүй байсан юм. Яагаад ийм байгааг бид ерөөсөө бодож олж чадахгүй байлаа л даа. Гэтэл Боловсролын сайд маань олоод харчихсан байна. Бүр түүнээс гарах гарах арга замыг тодорхойлж чаджээ. Энэ бол тангараг өргөх. Тэгээд л өчигдөр Сүхбаатарын талбайд оюутнуудыг эгнүүлэн зогсоож байгаад тангараг өргүүллээ шүү дээ. Одоо алзахгүй. Тэд нэгэнт тангараг өргөсөн юм чинь онц сурна. Тэгээд эх орныхоо хэрэгтэй салбарт ажиллана. Тангараг өргөсөн мундаг сэхээтнүүд ажиллах болохоор эх орон сэв хийтэл босч дэлхий нийтийг хөгжлийнхөө хурдаар ардаа орхино. Сангийн дэд сайдын мөрөөддөгөөр чоно эдийн засагтай болох юм чинь хурдаараа баргийн улс оронд гүйцэгдэхгүй нь тодорхой. Гүйцэгдэх гээд ирвэл яг чоно шиг эргэж ноцоод л ураад тасдаад хаяна. Үнэхээр сайхан санагдаж байна. Сүүлийн хэдэн жилд хүн бүхний амнаас “Боловсролын тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй нь ” гэсэн билэггүй муухай үг гарах болсон. Харин үүний учир шалтгаан нь өөр зүйлд байж шүү дээ. Одоо нэгэнт юунаас болж боловсролын тогтолцоо муу байсныг олж хараад засч залруулсан болохоор бусад салбарууд ч үүнээс жишээ автугай. Тухайлбал, ШШГЕГ-ын хорих ангиуд бүх хоригдлоо жагсааж байгаад “Дахиад гэмт хэрэг хийхгүй” гээд тангараг өргүүлж аваад суллачих. Өчнөөн жил тэднийг тэжээж улсаас мөнгө гаргаж байснаас дээрх мэргэн санааг хэрэгжүүлсэн нь хавьгүй дээр. За тэгээд ард иргэдээ дүүрэг дүүргээр нь, эсвэл хороо хороогоор нь зогсоож байгаад “өвдөхгүй, үхэхгүй” гээд тангараг өргүүлчих. Эрүүл мэндийн салбарын ажил ингээд л шууд сайжирна, С.Ламбаа сайд аа. Ё.Отгонбаяр сайд салбарынхаа асуудлыг хэрхэн шийдэж байгааг харж байгаа биз.
Хажуудаа суугаа ухаантай хүнээсээ юм сур л даа. Хүүе гэхдээ нэг сонин гаргалгаа байгаад байна. Эмч нар яагаад хүний амийг аварна гэж тангараг өргөдөг болсон юм бол. Оюутнууд муу сураад сайн боловсорч өгөхгүй болохоор нь тангараг өргүүлж байна. Тэгвэл эмч нар эхлээд хүн эмчлэхгүй алаад байхаар нь амийг нь аварна эмчилнэ гэж тангараг өргөдөг болгосон юм болов уу. Цагдаа нар ч мөн адил ард олноо хамгаалж, шаардлагатай үед амь насаа зориулна гэж тангараг өргөдөг шүү дээ. Тэд өмнө нь иргэдээ хамгаалахгүй гэмт хэрэгтэнтэй хуйвалдаад, юм л бол зугтаж гүйгээд байхаар нь тэгж тангараг өргүүлдэг болгочихсон юм болов уу. Ингэж заавал эсрэгээрээ шийдэгддэг салбарууд байх шиг байна шүү. Ойлгоход зовлонтой юм аа. Жишээ нь төрийн өндөр албан тушаалтнууд, албан хаагчид “авлига авахгүй” гэж тангараг өргөсөн атлаа бас авчихаад байдаг юм аа. Тээр юм яг эсрэгээрээ яваад байгаа биз. Гэхдээ иймэрхүү зүйлийг мань мэт нь ойлгох ухаантай ч биш дээ. Бидний өмнөөс бүхнийг ойлгоод ухаалаг мэргэн шийдвэр гаргадаг сайдууд байхад санаа зовох хэрэг юу байна. “Ё.Отгонбаярын биеийн хэмжээгээр Монголын боловсролыг тодорхойлно” гэж нэг хүн хэлсэн юм. Тэр хүн буруу бодож байж. Хүний биеийн өндөр нам ухаан бодолд нөлөөлдөггүй байх нь. Харин ухаант Боловсролын сайдад нэг санаа нэмчихвэл уурладаг болов уу, яадаг бол. Уг нь тэр оюутнуудаар цусан тангараг өргүүлэх байсан юм даа, Ё.Отгонбаяр сайд минь.
Тэгсэн бол юун Кэмбрижийн боловсрол…. Шууд дэлхийд нэг номер болохгүй юу. Арай л дутуу сэтгэчихсэн юм шиг санагдахгүй байна уу.
Л.Мөнхбаясгалан"Улс төрийн тойм" сонин
