Мөнгө тарааж болно, харин сургалтын чанар

Хуучирсан мэдээ: 2011.09.02-нд нийтлэгдсэн

Мөнгө тарааж болно, харин сургалтын чанар

Өнгөрсөн жил их, дээд сургуулийн оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас 500 мянган төгрөг олгосон. Харин орой, эчнээ ангийн оюутнуудад 500 мянган төгрөг олгохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байсан. Учир нь орой эчнээ ангийн оюутнууд ажил хийдэг, төлбөр төлөх боломжтой гэсэн үндэслэлээр олгоогүй. Гэтэл өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар  өдрийн ангиас гадна орой, эчнээ ангийн оюутнууд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй гэсэн нэмэлт оруулжээ.  Журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны улсын төсвийн тодотгол, 2012 оны төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогтод  даалгасан байна.

Өнгөрсөн онд нийт 150 гаруй их дээд сургуулийн оюутнуудад 80 тэрбум төгрөг төсөвлөн сургалтын төлбөрт шилжүүлсэн. Харин энэ жил хичнээн оюутанд хэдэн төгрөг төсөвлөх талаар одоогоор тодорхой бус байгаа. Жилд дунджаар 40 мянга орчим сурагч ерөнхий боловсролын сургууль төгсдөг. Эдгээр сурагчдын дийлэнх нь  их, дээд сургуульд элсэн ордог. Өнгөрсөн жилийн албан бус тоогоор орой, эчнээ ангид хоёр мянга гаруй оюутан суралцдаг гэх. Тэдний дийлэнхи нь олон жил ажилласан хүмүүс байдаг аж. Өдрийн ангийн оюутнуудад 500 мянга олгох сургаар орой, эчнээ ангийн оюутнууд ч мөнгө авах гэж багагүй хөөцөлдөж хэвлэлийн хурал хийж, оюутнуудад эрх тэгш хандахыг хүсч байсан удаатай. Үнэндээ их дээд сургуулийн оюутнуудын төлбөрийг “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнөөс олгоно гэдэг олон эцэг эхийн нуруун дээрээс ачаа авсан. Гэтэл эдгээр төгсөгчид маань амьдрал дээр хэр хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж, хэрхэн ажиллаж байгаа нь үлгэр болсон гэхэд болно. Монголоор дүүрэн дипломтой ажилгүйчүүд.

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан судалгаагаар аймаг нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн тоо 40 мянга 316 болж, өнгөрсөн оныхоос 711 хүн буюу 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Харин энэ жил их дээд сургуулийг 30 гаруй мянган хүн шинээр төгссөн. Эдгээрийн хэд нь ажилд орж, хэд нь дипломтой ажилгүй хүн болохыг хэлж мэдэхгүй нь. Энэ жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо дахин нэмэгдсэн. 102 их, дээд сургууль, коллежид 170 мянган оюутан сар бүр 70 мянга, сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг авна. Шинээр 35 мянган оюутан сургуулийн босгыг алхан орж байна. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуульд суралцагсдын тоо эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлж байгаа. Учир нь төрөөс 500 мянган төгрөг, дээрээс нь 70 мянган төгрөгний тэтгэлэг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж,  оюутнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 70 мянган төгрөгөө авна.

Гэвч их дээд сургуулийн оюутнуудад төрөөс олгодог тэтгэлэг, хөнгөлөлт олширч байгаагийн хирээр сургалтын чанарт өндөр шаардлага тавьдаг байх хэрэгтэй мэт.  Манай улсын их, дээд сургуулиуд 24 салбарын 362 мэргэжил, давхардсан тоогоор 1200 мэргэжлээр дээд боловсролын сургалт явуулж байна. Уул уурхай хөгжиж буй энэ үед манайд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил уул уурхайн мэргэжилтнүүд. Гэтэл хамгийн эрэлттэй мэргэжлээрээ бид жил бүр элсэлт авч төгсгөдөг ч хангалттай ажлын байраар хангаж чадахгүй байгаа. Тавантолгой, Оюутолгойн ордуудын хувьд өөрийн ажиллах хүчнээ гаднаас авчирч сургаж байгаа.

Тиймээс энэ олон тэтгэлэг, хөнгөлөлтийн мөнгийг өөр аргаар  ашиглах боломж байгааг эсэхийг бодоод үзье. Энэ жил эчнээ, орой ангийн оюутнуудад 500 мянган төгрөгийг олгохоор болсон. Тэгэхээр их дээд сургуулийн 170 гаруй мянган оюутан үүн дээр орой, эчнээг нэмээд үзвэл багагүй тоо гарахаар байгаа биз. Үүний оронд их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын чанарт анхаарах, мөн хэрэгцээтэй мэргэжлээр яаж өөрийн залуусаа ажиллуулах талаар нэг судалж үзвэл зүгээрсэн. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон компаниудтай гэрээ хийж энэ мэргэжлээр төгссөн болон мэргэжилгүй залуусыг сургаж болмоор санагдсаныг нуух юун. Дээрхи компаниудад Өмнөговь аймгийн залуусыг хэрэгцээтэй мэргэжлээр сурган ажилд авч байгаа гэсэн. Тэдний яриагаар бол монголчууд ажиллах бүрэн боломжтой, нээлттэй байгаа гэж байсан. Харин монгол залуус чадвар, мэдлэг дутмаг учраас ажилд тэнцдэггүй гэдгийг хэлэх нэгэн ч бас бий. Үүнээс үзэхэд зөвхөн тэтгэлэг, хөнгөлөлт үзүүлснээр бид залуусаа дэмжиж байгаа хэрэг бишсэн.

Оюутнууд ч гэсэн төр засгийн буруугаас ажилгүй, ажил олдохгүй байна гэсэн шалтаг хэлдэг. Харин үүний оронд чанарт нь анхаарал хандуулж, мэдлэг боловсролоор нь дэмжчихээд дараа нь бид сурах боломжийг чинь хангасан харин сурч чадахгүй, ажил олдохгүй гээд сууж байвал нүүр бардам суумаарсан, энэ эрхэмүүд. Уг нь оюутнуудад олгох 70 мянган төгрөгийг сурлагаар нь ангилж өгнө гэж байсан ч бүгдэд нь олгох байсан. Энэ арга ч бас сургалтын чанарт бага ч гэсэн нөлөөлөх л байсан биз.

Улс, Олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн хүүхдүүдэд дэлхийн шилдэг 50 их дээд сургуульд сургахаар гурван тэрбум төгрөгийг төсөвлөсөн улсаас төсөвлөсөн. Гадаад орнуудын Засгийн газрын тэтгэлэгээр 2011-2012 онд дөрвөн мянга гаруй оюутан суралцана. Энэ жил 200 гаруй залуус Төрийн сангийн зээлээр гадаадад сурч байгаа юм байна.  Мөнгө тараах, тэтгэлэг олгохоос илүү сайхан сонсогдож байгаа биз. Иймэрхүү аргаар нэг дэмжээд, зөв шийдэл гаргаад үзвэл хаа хаанаа бухимдаад байхгүй л баймаарсан. Ямартай ч 70, 500 мянган төгрөг, автобусны хөн­гө­лөлттэй хичээлийн шинэ жил эхэллээ. Хэт  их мөнгө тараасан оюутнуудын чанаргүй боловс­ро­лын хариуцлагыг харин хэн хүлээх нь бас л сонин.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж