”Премьер министр”-ийнхэн зуныг зугаатай өнгөрөөжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

”Премьер министр”-ийнхэн зуныг зугаатай өнгөрөөжээ

Хойд хөршид од болон гялалзсан Борхүүгийн Амархүүгийн дуулдаг "Премьер министр" хамтлагийн залуусыг монголчууд сайн мэднэ. Тиймээс хамтлагийн залуусын тухай шинэ мэдээлэл бүр сонирхолтой байдаг юм. Залуус өнгөрсөн зуныг тус тусдаа тун ч зугаатай өнгөрөөжээ.

Василий Киреев тосгонд амарсан

Вася, Марина хоёр охин Василисагаа аваад тосгон руу явжээ. Хадмындаа амралтаа өнгөрүүлсэн Вася тун ч сэтгэл өндөр байгаа гэнэ. "Тосгоны амьдрал охинд минь илүү сонирхолтйо байлаа. Өдөржингөө гадаа тоглоод, усанд сэлж, эрүүл агаарт зугаалах үнэхээр таалагдсан. Би ч бас зүгээр суусангүй. Гүзээлзэгэнэ түүж, чавга хураасан" хэмээн ярьжээ. Тэд амралтаа Саратовт үргэлжлүүлж, Марина, Вася хоёр найзынхаа хуримд уригдсан гэнэ. Ижил мөрний эрэг дээр хийсэн хурим тун хөгжилтэй. Халуун өдөр таарсан учраас яг нь наранд шарлагын газарт байгаа мэт усанд сэлж зугаацах боломжтой нэг үгээр өөр хаана ч үзээгүй сонин хурим болжээ. Нэг үгээр Василий Киреевийн хувьд энэ зун урьд жилүүдийнхээс илүү сонирхолтой бас тааламжтай өнгөрсөн бөгөөд бүтэн жил элбэг хүрэлцэх эрч хүч хуримтлуулж авсан гэнэ.

Тарас ч бас хотод байгаагүй

Хамтлагийн гоцлол хөгжимчин Тарас Демчук ч мөн өнгөрсөн зун Москвад байгаагүй гэнэ. Тэр хамтлагийн залуусаас хамгийн олон хүүхэдтэй нь. Тиймээс дөрвөн хүүхдээ аваад Украин явжээ. Төрж өссөн нутагтаа гэр бүлийнхнээ аваачиж аав ээжтэйгээ хамт зуныг үджээ. Ууранд сууж, шорлог идэж, загасчилж нэг үгээр бүх зүйл тун сайхан байсан гэнэ. Тарас гэрэл зураг авах дуртай. Энэ удаагийн аяллаар гэрийнхнээсээ гадна очсон газартаа таарсан амьтан ургамлын зургийг авч явжээ. Түүнд мэлхий, дэвхрэг, соно гээд жижиг амьтан хорхой шавьжны зураг авах тун сонирхолтйо бас зугаатай санагджээ.

"Украинд манай хэд шийгуа бүр пологттол идсэн. Амт нь ямар гоё гэж санана. Москвад бол тийм амттайг олохгүй шүү дээ" хэмээн Тарас найзууддаа гайхуулжээ.

Б.Амархүү аав ээжтэйгээ хамт нутагтаа амарсан

Амархүү амралтынхаа хоёр долоо хоногийг Монголд өнгөрүүлжээ. Тэрбээр төрөл садан ойр дотныхонтойгоо уулзахын хамт бага насаа өнгөрүүлсэн зарим нэг газраар очиж дурсамжаа сэргээсэн байна. Залуу дуучин энэ тухайгаа "Багадаа амарч байсан хүүхдийн зусланд очсон. Тэнд зөвхөн монгол биш хятад, солонгос, япон, америк хүүхдүүд ч ирж амардаг юм. Зуслангийн захирлыг би таньдаг учраас зочилж очихоор шийдсэн юм. Тэгэхэд хүүхдүүд намайг ямар баяр хөөртэй хүлээж авсан гээч" хэмээн ярьжээ. Дараагийн удаа Монгол явахаараа мориор аялал хийхээр шийдсэн гэнэ. Тал дундуур морьтой давхиад, түүдэг гал дээр хоол хийж идээд, од ширтэн хээр унтахын сайхныг хамтлагйинхандаа гайхуулаад авчээ.

Сергей Демянчукийн машинтай аялал ч гайхалтай

Сергей амралтаа Крымд өнгөрөөжээ. Гэхдээ амралтын газар тухалсан ч юм биш. Найз нөхөдтэйгөө хамт 4000 км зам туулсан урт аялал Крымийн нутгаар хийжээ. Сергей багадаа Крымд олон удаа очиж байсан. Хар далайн эрэгт амарч тухлах сайхан ч бага байхаас хүссэн машинаар хөндлөн гулд аялж сонин сонин газруудыг очиж үзэх илүү сонин байсан аж. Хүмүүс өмнөхөөс ч илүү олноор ирж амардаг болсон байна гэнэ. Далайн гүнд шумбаж, ан яаж хийдгийг ч туршаад үзэж. Тэд буцах замдаа Азовын тэнгисийн эрэг дээр очно хэмээн төлөвлөсөн ч далайн хүчтэй шуурга болно гэсэн сэрэмжлүүлгээс болоод амжаагүй ч загасчлаад амжсан гэсэн. Крымээс буцах замдаа Сергей нэг гөлөг олжээ. "Дэндүү хөөрхөн тэр бяцхан амьтныг авчраад аав ээждээ бэлэглэчихсэн. Тэд ямар их баярласан гэж санана" хэмээн амралтаа адал явдал дүүрэн сайхан өнгөрүүлсэндээ баярласан сэтгэлээ хуваалцсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж