Мисс Б.Борголжин хуульч болохыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Мисс Б.Борголжин хуульч болохыг мөрөөддөг

“Монголын Мисс-2010” тэмцээнээс “Оюунлаг мисс” өргөмжлөл хүртсэн мисс Б.Борголжин Малайзын Куала Лумпур хотноо болсон “Мисс Туризм Интернэйшнл-2010’’ тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын таван гоо бүсгүйн нэгээр тодорч, “Dreamgirl of the year International” буюу “Дэлхийн мөрөөдлийн гүнж”  цол хүртэж, титэм болон цомын эзэн болсон юм. Орос, англи, хятад хэлтэй “оюунлаг мисс” бүсгүй өдгөө Шанхай хотын их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд зуны амралтаараа эх орондоо ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.


-“Дэлхийн мөрөөдлийн гүнж” болсонд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар сонирхуулахгүй юу?

-Баярлалаа. “Miss tourism international” тэмцээнд оролцож, “Дэлхийн мөрөөдлийн гүнж”-ээр шалгарсан. Нэр хүнд, чансаагаар дэлхийн топ таван тэмцээнд багтдаг, ”Miss World”, “Miss Universe”, “Miss international” тэмцээнүүдийн дараа орох нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна.

-“Miss tourism international” тэмцээн бусад миссийн тэмцээнүүдээс юугаараа онцлог вэ?

-Бусад миссийн тэмцээнүүдтэй адилхан журмаар болдог ч “Нөхөрсөг мисс”-ийгээ илүүтэй товойлгож өгсөн юм болов уу.

-Дэлхийн 60 гаруй орны миссүүд энэхүү тэмцээнд ирж оролцсон гэсэн шүү дээ. Ямар шалгуураар миссүүдээ шалгаруулдаг юм бол?

-Энэ жилийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд Малайзын Куала Лумпурт 21 хоногийн турш өрсөлдсөн. Энэ хугацаанд янз бүрийн тэмцээн зохион байгуулж, өрсөлдүүлэн шилдгийг нь шалгаруулж байсан.

-Тэмцээний шүүх бүрэлдэхүүний тухайд?

-Шүүх зарчмын хувьд их шударга болдог юм шиг санагдсан. Өдөр бүр өөр өөр шүүгч энгийн хувцастайгаар миссүүдийн байрлаж байсан газарт хамт байж амьдрал дээр байгаагаар нь дүгнэдэг. Өдрийн хоолонд ороод ганцаараа сууж байхад нэг хүн ирээд “Суудал олддоггүй ээ. Хажууд чинь суугаад хоолловол дургүйцэхгүй биз дээ” гэж асуусан. Би уриалгахан зөвшөөрсөн л дөө. Харин орой нь тухайн өдөр ажилласан шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулахад тэр хүн сууж байсан. Энэ мэтчилэн усан бассейн, амралтын өрөө, хоолны газар, тайзны ард гээд эргэн тойронд шүүгчид энгийн хүн шиг л миссүүдийн дунд ороод ажиллаж байсан. Орой бүр шүүгчдийн хурал болж, оролцогчдод зөвлөгөө өгдөг байсан.

-Тэмцээнд гаргасан амжилтынхаа талаар тодруулаач?

-Тэмцээний явцад эхлээд “Miss Charming Fantasy” буюу “Оюунлаг сэтгэл татам мисс”-ээр тодорсон. Энэ шагналын эзэн болно гэж ерөөсөө төсөөлөөгүй байсан. Анх удаа олон улсын чанартай том тэмцээнд оролцож байсан болохоор тэр л миний хувьд бахархмаар зүйл байлаа. Миний нэрийг дуудахад өөртөө ч итгээгүй. Түүнээс хойш дараа дараагийн тэмцээн, уралдаануудад илүү хичээн, өөртөө итгэлтэй өрсөлдсөн. Тэмцээний туршид шантрах зүйл нэг бус удаа гарсан ч Монгол Улсаа төлөөлж байгаагийн хувьд амжилтын төлөө, ялалтын төлөө тэмцсэн. Харин шилдэг аравт багтаад тайзан дээр зогсч байхдаа “Дэлхийн мөрөөдлийн гүнж”  цол хүртэнэ гэдгээ зөнгөөрөө мэдэрсэн шүү. Тэмээний 21 хоногийн турш дэлхийн 60 орны миссийн дунд цусгүй тулаан өрнөсөн гэхэд болно доо.

-Олон улсын миссүүдтэй хамт бараг нэг сарын турш хамт байсны хувьд тэдний ямар чанарыг суралцав. Мэдээж бие биенээсээ суралцах зүйл асар их байх л даа?

-Мисс хүн байнгын инээж байх ёстой. Инээхийг сайн сурсан шүү. Хүн бүртэй инээж харилцаад, харилцааны соёлд илүүтэй суралцсан. Бусдыг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг шүү дээ. Бас асар их тэвчээртэй болсон. Тэмцээний явцад зад загнуулна. Тэр бүхэнд тэвчээртэй, инээмсэглэж харьцаж сурсан. Тэмцээний 21 хоногийн турш уйлах, шантрах гээд олон зүйл тохиолдож байсан ч улсаа төлөөлж ирсэн болохоор тухай бүрт нь өөрийгөө зоригжуулдаг байлаа.

-Өрөөндөө хэдүүлээ байсан бэ. Та аль орны мисстэй хамт байсан бэ?

-Нэг өрөөнд хоёулаа байдаг байсан. Миний хувьд Филиппиний мисстэй хамт байсан. Бид хоёр хоёулаа хуулийн чиглэлээр сурдаг, хоёр улсын маань хөгжил ойролцоо болохоор амархан ойлголцож, сайн найзууд болсон. Тэр маань бас тэмцээний шилдэг тавд багтаж “Miss Cosmopolitian International” титэм, цомын эзэн болсон болохоор биднийг хүчирхэг охид гэдэг байсан. Гадаадад сурдаг оюутнууд Монголынхоо төлөө явдаг шүү гэдгийг энэ тэмцээнээрээ харуулсан гэж боддог.

-Тэмцээний титэм, цомыг ямар шагнал дагалддаг вэ?

-Дөрөвдүгээр байрны шагналд титэм цом, мөнгөн шагнал өгсөн. Харин ивээн тэтгэгч нарын шагнал нь зөндөө, зөндөө. Мөн Малайзын нэгэн хувцас загварын томоохон компаниас намар, хаврын нүүр царайгаар ажиллах урилга хүлээж авсан. Өнгөрсөн долдугаар сард Малайзад очиж намрын хувцасны зураг авалтад ороод ирсэн.

-Гэрээ байгуулсан юм уу. Гадаадын компанийн нүүр царайгаар ажиллахад цалин өндөр биз?

-Албан ёсоор гэрээ байгуулаагүй ээ. Нэг өдрийн турш зураг авахуулаад дууссан. Компанийн нүүр царай болж ажиллахад цалин хөлс өндөр юм билээ. Сая Малайзад зураг авалтад ороод 4000 ам.долларын цалин авсан. Мөн ирэх оны нэгдүгээр сард дахин очиж, хавар зуны хувцасны зураг авалтад орохоор болсон. Мөн БНХАУ-д “Super Model International” гэдэг супер моделийн тэмцээнд оролцон 20 гаруй орны загвар өмсөгчтэй өрсөлдөн шилдэг аравт багтсан.

-Олон улсад нэр хүндтэй миссийн тэмцээнд орохын тулд ямар шалгуур давсан бэ?

-2010 онд “Шилмэл загвар”-аас зохиосон “Miss Mongolia” тэмцээнд оролцон шилдэг тавд багтан “Оюунлаг мисс” өргөмжлөл авч, олон улсын миссийн тэмцээнд оролцох эрхийг авч байсан. Ер нь би хичээл, сурлагаа тэргүүн зорилгоо болгосон учраас “Оюунлаг мисс”-ийн шагналдаа сэтгэл хангалуун байгаа.

-Таныг “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч гэж дуулсан. Анх хэдэн оноос загвар өмсч эхэлсэн бэ?

-2004 оноос загвар өмсч эхэлсэн. Хамгийн анхны том шагнал гэвэл “Монголжингоо” тэмцээнээс дэд тэргүүн байрын шагнал авч байсан. Удалгүй Шанхай хотод сурахаар явсан. “Шилмэл загвар”-ын гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Гэхдээ би бараг сүүлийн зургаан жил гадаадад сургуульд сурч байгаа болохоор тэр бүр тэмцээн, уралдаанд оролцоод байж амждаггүй. Амралтаараа эх орондоо байх хугацаандаа л загварын үзүүлбэрүүдэд оролцож байсан.

-Хятадад хуулийн чиглэлээр суралцдаг гэсэн. Сургуулиа хэзээ төгсөх вэ. Цаашид загварын карьераа үргэлжүүлэх бодол бий юү?

-Хятадын Шанхай хотод хууль, эрх зүйн чиглэлээр суралцдаг. Энэ жил гуравдугаар курсийн оюутан. Хоёр жилийн дараа төгсөөд ирээдүйд мэргэжлээрээ ажиллана. Чадварлаг хуульч болохыг мөрөөддөг. Би одоо 19 настай, залуу хүн. Загвар өмсөх гэдэг миний бага насны мөрөөдөл. Цаашид “Шилмэл загвар”-тай холбоотой байна. Ер нь миний хамгийн том амжилтууд “Шилмэл загвар”-аас гарч байсан. Эмэгтэй хүний мөрөөдөл гэдэг чинь ажлынхаа хажуугаар сайхан харагдах гэж боддог. Тийм болохоор хуульчаар ажиллаад, загвараа өмсөөд явна даа. Боломж олдвол уралдаан, тэмцээнд ороод ч юм уу, миссийн ажлаа орхихгүй байх гэж бодож байгаа.

-Баярлалаа. Сурлагад тань амжилт хүсье.

-Танай хамт олонд ч гэсэн баярлалаа. Гадаадад сурч байхдаа Монголынхоо талаарх мэдээ мэдээллийг News.mn сайтаар дамжуулан цаг алдалгүй байнга авч байсан шүү.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж