Ухамсартай сайдын ухаалаг алхам

Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Ухамсартай сайдын ухаалаг алхам

Япон улсын ёс жаяг дэлхий дахиныг гайхшруулаад барахгүй бусдад үлгэр дуурайлал болж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсоор байна. Учир нь Ерөнхий сайд асан Наото Кан өөрийн суудлаа Ардчилсан намын Ёшихито Нодад өгсөнөөр ийнхүү японы ард түмэн зургаан жилд таван Ерөнхий сайдын нүүрийг үзэж байгаа юм. Асуудлын гол нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Японы зүүн эрэгийн орчим хүчтэй газар хөдлөлт болж атомын цахилгаан станцид хэд хэдэн удаа хүчтэй гал авалцаж, реакторууд доторхи хортой бодис гадагшилсан. Тухайн үед Наото Кан өөрийн биеэр ослын газар ажиллаж, үйл явцтай цаг алдалгүй танилцаж, зохих арга хэмжээг авсаар ирснийг бүгд мэдэх байх. Энэ талаар цаг тухайд нь хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байсан нь үнэн.
 
Наото Кан өөрийн саналаар огцорч, олон нийтэд хандан “Ард түмний өмнө би түмэн буруутай. Хорт бодисын хэмжээг багасгаж чадалгүй өдий хүрсэн нь миний буруу. Би ийнхүү огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн. Мөн тэрбээр шинэ Ерөнхий сайд Ёшихико Нодад хандан “Энэ албан тушаалыг даган асар том хариуцлага дагадаг юм шүү. Ард түмнийхээ итгэлийг бүү хөсөрдүүлээрэй. Сайн ажилна шүү” хэмээн утсаар ярьсан тухай “Факто” сонин онцолсон. Харин зарим хэвлэлүүд түүнийг сайшаан магтаж, сайн ажилласан хэмээн дүгнэж байгаа нь үнэний ортой болов уу. Английн Ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрсөн жил Япон улсад айлчлах үед NHK агентлагт ярилцлага өгөхдөө Ерөнхий сайд асан Наото Каныг “Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэж зүйрлэж байсан удаатай.

Бага байхаасаа л Наото Кан эцэг эхдээ тусч, сайн хүүхэд байсан талаар түүний ээж магтдаг байжээ. Хүүхэд нас нь хичээл номноос өөр зүйл төдийлөн сонирхоод байдаггүй  байсан бөгөөд зохион бүтээх хичээлдээ илүү сонирхолтой нэгэн байж. Тэрбээр 1946 оны аравдугаар сарын 10-нд Убэ арал дээр төржээ. Наото Каны эцэг Хисао Кан байнга л цэвэрч нямбай байх ухааныг заадаг байсан талаар түүний гэргий Нобуко сайшаан магтах дуртай аж.

Түүний амжилтын гараа эмэг­тэйчүүдийн эрхийг хамгаалах бай­гууллагаас эхэлсэн байдаг ба анх 1980 онд Социал-Демократ намаас нэр дэвшиж анхны парламентын гишүүн болох эрхийг олж авч байжээ. Улмаар 1996 онд Японы Эрүүл мэндийн яамны сайд, 2009-2010 оны хооронд Шинжлэх ухааны яамны сайд  ажиллаж байсан байна. Түүний намын дарга тэтгэвэрт гарсанаар улстөрийн тавцанд то­моохон боломж нээгдэж, Ерөнхий сайд болохын тулд бүхий л чадах зүйлээ ард түмэнтэйгээ хуваалцах мөч түүний өмнө ирээд байсан юм. Ингээд өнгөрсөн оны зургаадугаар сарын 8-ны өдөр Ерөнхий сайд болж, үүрэгт ажлаа хүлээн авсан.

Япончууд эртнээс л ахмад буурлууд, ард түмнээ нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалж, хүндэтгэж ирсэн улсууд. Японы соён гэгээрүүлэгч, нийгмийн ухааны доктор, профессор  Хашикаро Сацуя “Дэлхий дээр бөхийж мэндэлдэг цорын ганц үндэстэн. Ажилдаа үнэнч гэж айхтар, удаан ажиллана ч гэж жигтэйхэн. Иймд төр засгаас нь ард түмнээ өндөр цалингаар үнэлэхгүй гээд хаа холдох юм” хэмээн ард түмнээрээ бахархаж байсан удаатай. Энэ мэт үнэнч чанар нь Наото Канд мөн адил байдаг нь түүнийг японы улс төрд “Чимэж байгаа”  гэж хэлж болно.

Ухамсартай сайдын ухаалаг алхам Японы ард түмний итгэлийг алдалгүй нэр төр “Цэвэр” албан тушаалаа шилжүүлж, тэтгэвэртэй гарах бодолтой байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол түүний хувьд Япон улсын ард түмэн хүндэтгэлийн ёслол хийх талаар ч японы зарим шар хэвлэлд нийлэгдсэн аж. CNN агентлагийн сурвалжлагч Фарийд Закира, Наото Каны талаар “Улс төр гэж ийм л хатуу тоглоом байх ёстой доо” хэмээн дүгнэсэн. Ямартай ч сайн Сайд өөрийн хүслээр, Японы ард түмний  өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ийнхүү огцорлоо. Магадгүй түүний шулуун шудрага зан улс төрийн тавцангаас буулгасан ч байж болох юм.  Тэр ч бүү хэл Наото Кан өнгөрсөн долоодугаар сард ч “Хэрэв хорт бодисын хэмжээг бууруулж чадахгүй бол би өөрөө огцрох өргөдөлөө өгнө” хэмээн амнаас нь итгэл төгс гарч байсан удаатай. Энэ бүхэн хэн нэгний шахалт биш харин эр хүний хэлсэндээ хүрэх ам тангарга ч байж болох юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж