
Мэдээж БНСУ-аас урилгаар ирж, удирдаж байгаа менежментийн багийнханд баярлах ёстой байх л даа. Гэхдээ Монголын нүх, сүв болгонд шоргоолж мэт үүрлэн ирэх харийнхныг Хөгжлийн банкныхаа зөвлөхөөр бус удирдагчаар ажиллуулахаас өөр арга замыг олж чадаагүй төр, засагтаа л гоморхох сэтгэл төрөөд болдоггүй. Аль хоёр жилийн өмнөөс л манай банкны салбар руу сарвалзаад байсан. Манайхан банкны тусгай зөвшөөрөл өгчих гэхээр арай л хэтэрсэн хэрэг болох гээд “Манайх удахгүй Хөгжлийн банк байгуулах гэж байгаа. Түүнийг удирдчихаар лут банкир эдийн засагч Монголд хараахан алга. Та нар удирдаарай” гэчихсэн юм уу гэсэн хардлага төрж байна.
Ер нь манай гуравдагч хөрш гээд байгаа солонгосчууд хэр сайн түнш юм бол гэдгийг олон монгол хүн нүд, чих тавин ажигласаар байгаа. Жишээ нь өнгөрсөн даваа гарагт хоёр Солонгосын хилийн ойролцоох Геумганг уулын жуулчны баазад ажиллаж байсан Өмнөд Солонгосын ажилчдын Хойд Солонгосынхон хөөлөө гэж дуулдсан. Уг нь тэр жуулчны баазыг умардуудыг байжуулаад өгье, боломж олгоё гэж анх байгуулсан. Танил сценари биш гэж үү. Энэ баазаас болж бүр хоёр хүнийг буудаж хөнөөгөөд хүйтэн дайн эхлүүлж байсан шүү дээ. Бизнесээ булаалдсан иймэрхүү “жижиг сөргөлдөөн” тэнд үе үехэн гардаг юм билээ.
Мөн Филиппиний Миндоро мужид БНСУ газар ашиглах гэрээ хийсэн нь бөөн дуулиан дэгдээж, “Солонгосчууд агро колоничлол хийлээ” гэсэн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байна. “Мадагаскарт мөн ийм гэрээ байгуулан олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч цуцалсан” гэхчилэн ойрын үеийн мэдээллүүдийг БНСУ-д амьдарч буй монголчуудын сайтад дурьджээ.
Гэтэл Монголд тэднийг бизнесийн орон зайг нь эзлэхээр орж ирэхэд тахин шүтэх нь холгүй хүлээж авдаг билээ. Тэр ч байтугай нутагтаа ноороглож байсан “мөрөөдлийн” төслүүдийг нь гайхан биширч алгаа тосон хүлээж аваад төсвийн мөнгөөр санхүүжүүлэн мөнгийг нь “угааж” өгдөг жишээг маш амархан олж болдог.
Манай эдийн засаг жижиг. “Аугаа” Солонгостой харьцуулбал алдарт “Самсунг” шиг нь төсөвтэй гэж тэд аархдаг байсан нь саяхан шүү дээ. Энэ бол залгихад амархан гэсэн заналхийлэл. Хамгийн эмзэг банкны салбарт маань санаархаад байсан солонгосчуудад хүссэнээс нь хамаагүй өргөн цар хүрээтэй, стратегийн ач холбогдолтой нууц мэдээллээ атгуулчихаад яаж өрсөлдөх болж байна аа. Мэдээлэлтэй л бол хамгийн хүчирхэг, эдийн засгийг нь атгасан бол эрх чөлөөгөө хамт атгуулдаг тийм нийгэмд амьдарч яваагаа мартчихав уу. Эсвэл санаатай үйлдлээр ийн шилжүүлж байна уу гэдэгт эргэлзэхгүй байхын аргагүй.
Солонгосчууд монголчуудад тийм их хайртай байсан юм бол төсвийн данс улайсан, эдийн засгийн хүнд нөхцөлд ирээд туслаагүй хэрнээ дэлхийн сонирхлыг татаж, уул уурхай, банк, санхүү, аялал жуулчлалын салбар хөгжихөөр анаж байгаад агнаад байгаад нь баярлаад байх нь зөв үү. Үндэс угсаа нэгт Умард Солонгосын иргэд хамаг тариалангаа усанд автуулж алдаад турж үхэж байхад туслаагүй байж улам чинээлэг болж байгаа Монголд туслах гээд байгааг бодоход тун ч хүн муутай улс юм. Тэгээд ч дэлхийн хэмжээнд, банкны салбарт өмнөд Солонгосчууд ноёрхож гайхуулж байсан түүхгүй. Хөгжлийн банк шиг тогтворжуулалтын сангийн үйл ажиллагааны талаар ч тэндээс хавьгүй туршлагатай улс орон мундахгүй олон бий. Гэтэл яагаад солонгосуудыг сонгов. Ямар шантааж байсан юм бэ гэдэг нь жигтэй.
Ядахдаа Хөгжлийн банкных нь Эрсдэлийн удирдлагын газрын захирал, Зээлийн газрын захирал нь хүртэл солонгос байхдаа яах вэ дээ. Тэднийг Солонгосын Хөгжлийн банк хариуцах юм гэнэ. Дахиад л яагаад гэсэн асуулт гарч ирж байна. Удирдлагын менежментийг багийг авч ажиллуулсан л бол урьсан тал нь цалинжуулдаг олон улсын жишгийг яагаад зөрчих болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Цалин бол хариуцлага. Тэгэхээр хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү. Эсвэл өндөр цалин өгснөөс болж Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “эгдүүцдэг”-ийг “Төрийн банк”-ны жишгээс хараад хэл амнаас зайлсхийв үү. Ёс ёмбогор, төр түмбэгэр. Ядуу ч гэсэн манай төр олон улсын жишгийг дагаж чадаж байгаа. Үүнийг гажуудуулж, энэрэнгүй төрхөндөө пологтуулах элдвийн санаа агуулсан юм биш биз. Цалин чухал биш байна гэдэг нь мэдээлэл олж авах нь чухал гэсэн утга илэрхийлж байна.
Сонирхуулахад, сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын тагнуулын алба өмнөх жилүүдийнхээс хавьгүй идэвхтэй, хүчтэй ажиллаж байгааг олон орныхон гайхаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Хойд Солонгост Ким Чен Ун айлчлах гэж буйг бараг хагас жилийн өмнө мэдчихсэн судлаад байсан. Эдүгээ Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдах хүмүүст Өмнөд Солонгосын Хөгжлийн банкны Ерөнхийлөгч Кан Ман Сү “Өөрсдийгөө монгол хүн гэж бодож хичээнгүй ажиллахыг захисан” гэнэ. Өөр улсад ажиллаж байгаа хэчнээн хичээнгүй ажилтан ч яс нь, цус нь, зүрх нь эх орныхоо төлөө л байдгийг мэдэхгүйдээ хэлэв үү. Сэтгэлийн хөөрлөөр хэл нь хальтираад хэлчихэв үү. Тэр тусмаа хангүг хүн ямар ч их мөнгө амласан өөрийгөө халх монгол гэж төсөөлөн ажиллаж чадна гэж үү. Энэ нэг л биш ээ.
Орчин цагт аль ч байгууллагад орсон монгол, солонгос нь үл ялгагдах нөхөд гэртээ байгаа мэт тухалж харагдана. Бүр ялгахын аргагүй зүс царайтай халх, хангүг залуус хотын гудмаар холхиж байна. Барилга барьсан ч солонгос. Тариа тарьсан ч солонгос. Хөдөө очиход цэвэрхэн царайтай хурга тэвэрсэн малчин солонгос ч угтаж мэднэ. Заримдаа хаана байгаагаа ч мэдэхээ болих нь. Энэ бол манай хоёр орны найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа энэ тэр гэхээсээ илүү Монголын төр солонгосчуудад бизнесийн орон зайг бий болгож өгөөд байгаатай холбоотой юм. Дээрх боломжийг монголчууд эдлэхэд хэчнээн хол гээч.
Хөгжлийн банкны удирдлагууд хэлж байна л даа. “Бидний хийх эхний ажил нь олон улсын зах зээл дээр бонд гаргаж, хөрөнгө босгох явдал” гэж. Бид өөрсдөө чадна шүү дээ. Оюутолгой ордыг халаасандаа мөнгөгүй Фрийдланд ирээд олон улсын хурал дээр зад панаалдаж байгаад л хөрөнгө босгосон. Одоо халаглаж, харамсаад л байдаг. Монгол хүн эх нутагтаа байгаа баялгаа танилцуулж, түүгээрээ дэнчин тавин, гоё төлөвлөгөө ярьж, мөнгө босгож чаддаг болсон. Тэр бонд гэгчийг чинь худалдаалж сурч байгаа. Дэлхий Монголын бондыг сонирхдог болчихсон. Тийм л сайныг санаж ирсэн юм бол солонгосчуудын чаддагаас юуг нь монголчууд чадахгүй байгааг заагаад өгчих хэрэгтэй. Өнөөдөр монголчууд зааж өгөх, өрмийг нь хамаад явах хоёрын зааг ялгааг ойлгодог болсон. Ийнхүү улсынхаа Хөгжлийн түлхүүрийг гаднынханд атгуулаад өөрсдөө горьдож суух гэрээг хийчихлээ. Хожмын өдөр бид танайхаас цалин аваагүй, ажлыг чинь л хийж өгсөн гээд ашиг өгөх нь байтугай өр нэхвэл яах болж байна, хэлээд өгөөч.
"Улс төрийн тойм" сонин
