
Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг налайж хэвтдэг намар энэ биш билээ. Тийм ч учраас одооогийн УИХ-ын гишүүдээс гадна бизнесмэнүүд сонгуулийн марафоноо аль хэдийнэ эхлүүлснийг бид анзаарч байна.
Гол нь нэг л зүйл жаахан хурдыг нь сааруулаад байх шиг байна. Тэр нь өнгөрсөн хаврын чуулганаар батлах товтой байсан ч хойшлогдсон Сонгуулийн тухай хууль. “Энэ л нэр дэвших байх даа” гэж таамагласан болгон энэ хуулийг л хүлээзнэж байна. Гээд яаж зүгээр байхав, овоо хараандаа авсан тойрогтоо сурталчилгаагаа зугуухан эхлүүлжээ. Одоо тун удахгүй улстөрчдийн намрын синдромыг УИХ-ын гишүүд албан ёсоор эхлүүлэх хүртэл иймэрхүү байдалтай л байх болов уу. Энэ парламентын сүүлчийн намрын чуулган ирэх сарын таванд болно. Ердөө сар гаруйн хугацаа үлджээ. Тэгээд л намрын синдром нь хөдөлсөн, парламентын гишүүн голдуу хүмүүс нийгмийг тэр чигт нь байлдан дагуулна даа. Бүх зүйлийг улстөржүүлнэ, хэрүүл болгож хувиргана. Хоёр гурван жил талбиун сэтгэлээр бие биедээ найр тавьж, эсрэг тэсрэг нам гэлгүй мөрөө алгадаж явсан гишүүд энэ үеэс л хэмлэлдэж эхэлдэг. Нам харгалзахгүй элдэв хууль батлалцаж, лобби хийж явдаг цаг эндээс л дуусгавар болдог. Өөрийн намын гишүүнийг тоолгүй, юунд нь татагддаг юм гэмээр өөр намын хэн нэгэнтэй ууланд авирч, чоно гөрөөлж явсан гишүүдийн андын тангараг энэ үеэс л тасардаг билээ. Гэнэт ухаан орсон юм шиг тус тусын намаа түшин, бодлого ярьж, өнгөрсөн сонгуулийн үеэр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө санадаг. Энэ бол хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын аль алинд нь байдаг нийтлэг үзэгдэл. Хамгийн гол нь үүнийг намрын чуулганы нээлтийн үеэр төрийн өндөрлөгүүд үг хэлж, сонгуульд зориулсан популист маягийн уриа лоозон дэвшүүлснээр албан ёсны болгож улам баталгаажуулдаг. Ингээд л өвөлжин хаваржин өрсөлдөөн, хэрүүл тэмцэл үргэлжилнэ. Энэ бол зөвхөн энэ жил тохиох үйл явц биш. Урьд нь ийм л байсан. Инээдтэй нь энэ удаа дахин давтагдах гэж буй явдал. Уг нь үүнийг өөрчлөх боломж улстөрчдөд, ялангуяа эрх баригчдад байсан. Өнгөр сөн хаврын чуулганаар энэ мэт намрын синдромыг хазаарлах эрх зүйн зохицуулалтыг хийж болох л байсан. Даанч амжаагүй. Аргагүй шүү дээ. Цаг нь тулчихсан болохоор. Өөр улс оронд бол Сонгуулийн хууль болон түүний зар сурталчилгааг зохицуулах гэх мэт эрх зүйн бүх актыг шинэ парламент бүрдэнгүүт хэлэлцэж баталдаг. Харин хэрэгжүүлэх хугацааг нь дараагийн парламентын бүрэн эрхийн үед гэж тогтоодог юм билээ. Ингэсэн тохиолдолд элдэв маргаан ч гардаггүй. Ард түмэн ч бүрэн дүүрэн ойлгож амждаг. Нэгэнт энэ парламентын үед бус дараагийн парламентын үеэс мөрдөж эхлэх хуулийг баталж байгаа болохоор хэнд ч ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй шүү дээ. Харин манайд одоо үүсээд байгаа нөхцөл байдлаар бол гацахаас өөр гарц харагдахгүй л байгаа. Сонгуулийн тогтолцоогоо ч одоо тогтоогүй байгаа болохоор намрын чуулганаар Сонгуулийн хуулийг баталлаа ч ард түмэн ба, бэ-гүй ойлгоно гэдэг юу л бол доо. Самуурч, будилсан жирийн иргэдийн саналыг авч зугатааж болно, автобусаар хүн зөөж авчраад санал өгүүлнэ. Дахиад л бүх юм давтагдахаар байна. Одоо болтол гартаа барих Сонгуулийн хууль байхгүй байгаа нь улстөрчдөд ч өгөөш болж буй. Дэмий л гудамжны улс төр хийгээд л шүлсээ үсчүүлээд л яриад байдаг, энэ хэрээр синдром нь даамжраад л байдаг. Бухимдсан үедээ зарим нь ажилгүйдлийн түвшин ярьж байснаа өөрөө ч мэдэлгүй гэнэт уул уурхайн сэдэв рүү хадуурах хэмжээний ноцтой болж эхэллээ.
Налайж суухад урамтай урт шаргал намар гэж ирээд л энэ улирлыг магтаж болно. Найр, наадмын чимээ арайхийн алсрахтай зэрэгцээд улс төрийн синдром эхлэх гэж байгааг анзаарав. Урьдын жишгээр бол удаан хугацаанд үргэлжилнэ. Парламентын намрын чуулганаар албан ёсоор эхэлсэн синдромын үйл явц 2012 оны УИХ-ын сонгууль хүртэл, магадгүй дуустал өндөр авна. Баахан хийрхэл, амлалт, гүтгэлэг гээд элдэв хачиртай. Энэ ч гайгүй. Өрсөлдөгчид нь бас ч гэж нийгэмд танигдсан улстөрчид байдаг болохоор арай учиртай. Хамгийн хэцүү нь үүнтэй залгаад үргэлжилдэг юм. Андашгүй л дээ. Орон нутгийн сонгуулийн үеийн синдром эхэлнэ. Хэн ч мэдэхгүй наймаачин залуу өөрийгөө танил болгох гэж танилцуулгандаа мөнгө хавчуулаад хүн бүрийн нүдний өмнө наачихна. Зориуд хэн нэгнийг сонгож аваад л хэрүүл өднө, болохгүй байна гээд л жагсана. Үүнийгээ хүний эрх, эрх чөлөө, ардчиллаар жаахан өнгө оруулж чимэглэнэ. Ийм хэдэн зуун хүн хэдэн өдрийн турш жирийн иргэдийг нэгэн зэрэг “нүдчихнэ”. Ингээд 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай энэ бүх уур хилэн, хэрүүл тэмцэлтэйгээ л шуудхан давхиад орчихно. Тэгэхээр УИХ-ын энэ намрын чуулганаар улстөрчид, төрийн түшээдийн эхлүүлсэн намрын синдром хэдэн оныг дамнах нь вэ. Бас УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд хэдэн сонгуулиар буухиалахыг тооцоод үзээрэй, та минь ээ.