
Шилжилтийн үеийн үндэсний зөвлөлийг засаг авбал Ливийн байдлыг хэрхэн тотворжуулах НҮБ-ын төлөвлөгөө мэдээлэл алдагдсанаас олны хүртээл болов. Баримтад Ливид зэвсэглээгүй 200 цэргийн ажиглагч болон НҮБ-ын цагдаагийн 190 сургагч илгээх талаар өгүүлсэн байв. Гэхдээ үүнийг биелүүлэхэд босогчдоос зөвшөөрөл хэрэгтэй болох юм.
Босогчдын өөрсдийнх нь төлөвлөгөөний талаар Ливийн байдлыг авч хэлэлцэх Парисийн зөвөлгөөн дээр есдүгээр сарын 1-нд тодорхой болох ёстой. “Олон улсын хамтын нийгэмлэг уулзалтын үеэр Ливийн ард түмнийг дэмжиж буйгаа мэдэгдээд ардчилалд хэрхэн шилжих, эдийн засгаа яаж босгох талаар Ливийн шинэ засгийнхны үзэл санааг сонсоно хэмээн Евро комиссийн дарга найдаж байгаа” гэж Евро комиссийн төлөөлөгч Пия Арнекильде Хансен өмнө мэдэгдсэн байна.
Мөн Ливийн босогчид элдэв хэт даврагч бүлэгүүдэд зэр зэвсэг маш идэвхтэй худалдаж байсан талын шинэ баталгаа гарч ирэв. Жишээлбэл, ийм мэдээлэл Израилийн цэргийнхэнд байгаа аж. Тель-Авив дахь нэрээ нууцалсан эх сурвалж хэлснээр ШҮҮЗ-өөс Газын зурвасын хэт даврагчид зэвсэг худалдан авсан байна. Египетийн цэргийнхэн Ливийн хил дээр зэвсгийн томоохон ачааг илрүүлэн саатуулсан юм.
Өмнө нь босогчдын гарт орсон Каддафийн зэвсэг террористуудад очиж магадгүй гэсэн болгоомжлол барууны орнуудад байлаа. Түүгээр ч барахгүй босогчдын эгнээнд “Аль-Каида”-гийн олон хүн байгаа хэмээн ажиглагчид итгэлтэй байна.
Босогчид өөрсдөө энэ мэдээллийг үгүйсгэж байгаа. “Ливийн чөлөөлөх армид “Аль-Каида”-гийн дайчид цугларсан гэж хэлж байгаа хүмүүсийг би тайвшруулж байна. Манайд хэт радикал хүмүүс байгаа. Гэхдээ тэднийг “Аль-Каида”-гийнх гэхгүй. Бид Ливийн мусальманчууд. Бид эв нэгдэлтэй нийгэмлэг. Дүгнэлтээ яаран гаргаж байгаа хүмүүс байна. Харин сонгуулийн хайрцаг л бүхнийг шийднэ” хэмээн ШҮҮЗ-ийн жанжин штабын орлогч дарга Сулейман Махмуд мэдэгджээ.