
Тус орны нутагт Ливийн дарангуйлагчийн гэр бүлийнхэн ирсэн гэх өмнө гарч ирсэн мэдээллийг Алжирийн эрх баригчид даваа гаригийн орой батлан мэдэгджээ.
Каддафийн эхнэр Сафия, охин Аиша ба хөвгүүд Мухаммед, Ганнибал нар Алжирт зугтан орж ирснийг Африкийн энэ орны Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Ливийн хэвлэлийн мэдээнд өгүүлснээр Каддафийн 35 настай охин Аиша ах дүү нараасаа ялгаатай нь дайны үеэр олны өмнө төдийлөн харагдаагүй, одоо хөл хүндтэй, есдүгээр сард амаржих ажээ. Түүний нөхөр хурандаа Ахмед Каддафи аль-Кахси нь байгаа мэдээлийн дагуу Ливийн сөргөлдөөний эхэнд алагджээ. Мөн тэр үеэр Аиши Каддафийн нэг хүүхэд амь үрэгдсэн гэнэ. Каддафийн охин НАТО-г цэргийн гэмт хэрэгт буруутган Парис болон Брюсселийн шүүхэд өгсөн байв. Ливийн босогчдын Шилжилтийн үеийн үндэсний зөвлөл дарангуйлагчийн хамаатан садны байгаа газрын тухай мэдээлэл батлагдсан тохиолдолд тэднийг шилжүүлэн өгөхийг шаардах болно гэж мэдэгдсэн юм. “Бид Алжирийн засаг захиргаанаас тэднийг Ливийн шүүхээр шүүхийн тулд эргүүлэн шилжүүлэхийг шаардах болно” хэмээн ШҮҮЗ-ийн тэргүүн Мустафа Абд-аль-Жалиль сэтгүүлчдэд хэлсэн байна.
Ливийн шинэ засгийн шаардлагыг сонсогдсоны дараа Алжир хилээ хааж түгшүүрийн дэглэм тогтоосон байна. ШҮҮЗ-ийн төлөөлөгч Махмуд Шамманд байгаа мэдээллээр Каддафийн хамаатнууд Алжирт түр зуурын орогнол авсан бөгөөд удахгүй гурав дахь орон руу гарч явна хэмээж байна. Ямар оронд гэдгийг Шамман тодруулсангүй. “Өөр орон руу гарахаар дамжин яваа гэсэн учраас тэднийг нутагтаа оруулсан гэж Алжир хэллээ” хэмээн тэрээр сэтгүүлчдэд өгүүлжээ. Алжирийн эрх баригчдын нинжин сэтгэл босогчдод таалагдсангүй. Хэн нэгэн “Каддафийн гэр бүлийг аварна” гэдгийг ШҮҮЗ төдийлөн ойлгохгүй байна гэж Шамман хэлэв. Алжир нь Ливийн шинэ засгийг хууль бус гэж үзэхгүй, эхнээсээ Ливийн хямралд НАТО оролцсоны эсрэг байлаа. Алжирийн эрх баригчид хөрш оронд нь зэр зэвсэг, санхүүгийн урсгал цутган орж түүнийг нь Алжирийн нутаг дахь “Магрибийн орны “Аль-Каида” мэтийн олон улсын террористууд ашиглана хэмээн болгоомжилж байгаа.
Хурандаагийн одоо хаана байгаа нь бүрэн тогтоогдоогүй байна. Сүүлийн мэдээгээр Каддафи хүү Саадийн хамт Триполиас 100-гаад км-ийн зайтай Ливийн Бени-Валид хотод байгаа гэнэ. Өмнө нь тэр хотод хэдэн арван машины цуваа орж ирсний нэгэнд нь хурандаа явсан гэх мэдээ байна. Энэ тухай Италийн ANSA агентлаг Ливийн дипломатуудын хүрээнээс авсан мэдээлэлдээ тулгуулан даваа гаригийн орой мэдээлжээ. Гэхдээ энэ мэдээллийг баталгаажуулаагүй байна.
Босогчид дарангуйлагчийг гай тарина гэж айсан хэвээр байна.”Каддафи эцсийн эгшинд ямар нэгэн аймшгийн хэрэг гаргаж болох талтай” хэмээн НАТО-гийн төлөөлөгч нарт НАТО Абд-аль-Жалиль ярьсан байсныг “Associated Press” мэдээлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны бямба гаригт Бени-Валидын ойролцоо болсон мөргөлдөөнөөр өөрийн олон тооны хөвгүүдийн нэг Хамисийг алдсан тухай мэдээ “Reuters”-т байгаа гэнэ. Босогчдын төлөөлөгч уг агентлагт хэлснээр Хамис шархдан эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Ер нь бол Каддафийн энэ хүүг үрэгдсэн гэх ийм мэдээ гурав дахиа гарч байна. Өмнөх хоёр мэдээ нь батлагдаагүй юм. Ливийн лидерт эхний гэрлэлтээс төрсөн Мухаммед, дараагийн гэрлэлтийн хөвгүүд Сейф аль-Ислам, Саади, Мутассим, Ганнибал, Сейф аль-Араб, Хамис гэсэн найман хүү нэг охинтой байсан. Аиша нь сөргөлдөөний эхэнд НҮБ-ын сайн санааны элч цолоо хураалгасан юм. Тухайн үед Каддафи ач Миладыг өөрийнхөө нэрэндээ авсан ба түүний тухай мэдээлэл огт байхгүй. Нас нь ч тодорхойгүй.
Босогчид Ливийн тагнуулын албаны тэргүүн Абдулла аль-Сенуссийг алагдсан байж магадгүй гэж хэлэв. Тэдэнд байгаа мэдээллээр тэрээр Хамис Каддафийн хамт бямба гаригт алагдсан гэнэ. Абдулла аль-Сенусси нь Каддафийн хүргэн. Энэ тухай босогчдын төлөөлөгч Ахмед Бани Al Arabiya TV телевизид мэдэгдсэн байв. Тэрээр Бени-Валидад Хамиса Каддафийг нутаглуулсан талаар итгэлтэй мэдэгджээ.