Хуучирсан мэдээ: 2011.09.01-нд нийтлэгдсэн

Нэг хувцас зөвхөн дан ганц төрлийн материалаар хийгдсэн байх албагүй. Нэг цамцанд арьс, үс, даавуу, силк, ноос, ноолуур ч хамтдаа байж болно. Энэ санаа энэ улирлын загварын тайзан дээр гарч ирээд байна. Янз бүрийн хээтэй, янз бүрийн материалыг нэг дор цуглуулсан коллаж загварууд ёстой л шинэ хандлага болоод байгаа юм. Дизайнер Dries Van Noten өнгө, хээ, материалыг хамгийн их нэг дор хольсон дизайнераар тодроод буй. Энэ улиралд хэн илүү их коллажтай загварын хувцас өмсөнө, тэр хүн хамгийн загварлаг харагдана гэж “Dries Van Noten” загварын чиг хандлагын тухай ярьсан бичил ярилцлагадаа хэлсэн байна. “Fendi” цээжин хэсгийг үнэгний үсээр, ар нурууны хэсгийг гэрэлтдэг нимгэн тороор, харин хормойг нь даавуу болон силк хольж хийсэн даашинз зохион бүтээсэн байгаа. Хэрвээ та энэ загварын хандлагын талаар төсөөлөл авахыг хүсч байвал хувцас загварын томоохон сайтуудаар зочлоорой.

ӨНГӨТ ДҮРСНҮҮД

Тод, хурц өнгөнүүд өнгөрсөн жилээс загварын тайзнаа мандан бадарч явна. Одоо 2011 оны намар, өвлийн улирлын чиг хандлагад ч байр сууриа хадгалсаар л байна. Дизайнерууд нүд салгахын аргагүй тод хурц өнгийг график дүрс, дүрслэлүүдээр баяжуулан бидэнд зориулж байна. Нэрт дизайнер Miuccia Prada-гийн содон шоотой даашинзууд, Balenciaga загварын ордны ерөнхий дизайнер Nicolas Ghesquiere-гийн ультра нил ягаан өнгийн өмдтэй хослуулсан контраст бүхий хар, цагаан өнгөтэй задгай урт цамцнууд, Antonio Berardi-гийн эрс тэс, тод өнгийг гайхуулсан үдшийн даашинзууд энэ улирлын гол тренд болох нь.

ӨӨР ХҮРЭМНҮҮД

Дизайнерууд энэ өвлийн хахир хүйтнийг дэгжин, онцгой загвартай дулаахан хүрмээр давж гарахыг санал болгоод байна. Thakoon-ны Кенийн Масай омгийнхны гол өнгө болох улаан, хөх шоотой урт өдөн хүрэм, авъяаслаг залуу дизайнер Alexander Wang-гийн энэ хаваас бүхий нөмрөгтэй, хэлхгэр хүрэм, Jean Paul Gaultier-ын ромбо хэлбэрийн хаваастай үслэг хормой бүхий дэгжин хүрмэнд нүд унахгүй байхын аргагүй.

ҮСЛЭГ ХУВЦАС ТОД ӨНГӨТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Дизайнер Miucсia Prada анхлан бүсгүйчүүдэд өвлийн дүн хүйтэнд тод өнгийн үслэг эдлэл өмсөхийг “уриалж” байсан бол энэ улиралд бараг бүх нэртэй хувцас зохион бүтээгчид үүнтэй санал нэгдээд байгаа. Загварын ордон болгон л чихэр шиг тод өнгийн үслэг гадуур хувцаснуудыг үзүүллээ. Ихэр эгч дүү Ashley болон Mary Kate Olsen өөрсдийн Row брэнддээ зориулан зохион бүтээсэн цэнхэр памбагар үнэгний үсэн хүрэм, Celine-ний гурван өнгийг нэг дор нэгтгэсэн содон загварын туулайн хүрэм, Gucci-гийн гангамсаг хүзүүн дээр тохдог үслэг гоёл, Vionnet-ийн галзуу улаан үслэг урт хүрмүүд ёстой л энэ өвлийн хамгийн ганган гоёлууд болох биз.  

ЖАРААД ОНЫ МӨЧҮҮД

Жараад оны хувцас загварын элементүүд эргэн ирээд байна. 2011 оны намар, өвлийн загварууддаа олон арван нэртэй зохион бүтээгчид жараад оны үеийн энхрий зөөлөн өнгө, цэцэгс, кокуун хэлбэр зэргийг ашигласан юм. Дизайнер Jil Sander жараад оны үеийн гол хандлагын нэг болох кокуун хэлбэрийг эргэн авчрахад онцгой их үүрэг гүйцэтгэсэн зохион бүтээгч болоод байна. Түүний цэцгэн хээтэй кокуун хэлбэрийн хүрмүүд хувцас загвар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татсан талаар загварын сайтууд мэдээлж байсан. Bottega Veneta-гийн загварын шоун дээр ёстой л жараад оныг санагдуулам цагаан трико, Т хэлбэрийн загвартай сандаалтай моделиуд алхаж  байлаа. Мөн жараад оны богинодсон мэт ханцуйтай хүрэмнүүд энэ намрын загварын чиг хандлагын бас нэгэн элемент болж байгааг санаарай.

ТҮРЭМГИЙ БӨМБӨЛӨГНҮҮД

Бөмбөлөгнүүд загварын тайзнаас буух арай л болоогүй байх шиг… Энэ улиралд дизайнерууд бөмбөлөгнүүдийг ёстой л өөр, өөрийнхөөрөө элдэвлэжээ. Бид одоо сахилгагүй, хөгжилтэй бөмбөлөгнүүдтэй энд тэндгүй л дайралдана. Stella McCartney тэднийг илүү охинлог, хөнгөн байдлыг илэрхийлэхээр ашигласан бол Marc Jacobs хөлнөөс толгой хүртэлх бүхий л хувцсандаа бөмбөлөг оролцуулсан байна. David Koma нарын зарим дизайнерууд болон загварын орднууд бүхий л коллекцио бөмбөлөгөнд зориулсан байгаа. David Koma-гийн бөмбөлөгөн элементүүдтэй даашинзнаас ямар ч эмэгтэй татгалзаж чадахгүй болов уу. Тэр амьтны үсээр хүртэл олон бөмбөлөг хийж, даашинзин дээрээ хатгасан байна. Бөмбөлгөнд хайр зарласан бас нэг дизайнер Jil Stuart шоуныхаа төгсгөлд өөрөө хүртэл бөмбөлгөн хээтэй даашинзтай гарч ирэн мэхийн ёсолсон. Өвөрмөц содон Yohji Yamamoto-г бөмбөлөг яаж ашигласныг харвал бас л сонирхолтой. Түүний “бөмбөлөгнүүд” илүү рок, илүү хүнд стильтэй болсон байсан.

ТЮКСИДО

Энэ улиралд дизайнерууд эрчүүдийн тюксидог хүүхнүүдэд зориулаад байна. Michael Kors, Ralph Lauren нарын сонгодог хар тюксидо, YSL-ын тансаг цагаан тюксидо, Lanvin-ны торон тюксидо, Nina Ricci-гийн савхин тюксидо бүгд нэг л зүйлээр нэгдэнэ. Мэдээж эршүүд, эрэлхэг дүр, загвараараа.

Ж.Индранил /сэтгүүлч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж